АН 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг хүчингүй болгосныг эсэргүүцлээ

: 14 өдрийн өмнө / 2019-09-09 13:09:55

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн асуудлаар мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд:

"УИХ-ын гишүүн Д.Гантулга нь гэмт хэрэгт холбогдсоны улмаас өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн билээ. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын гишүүний орон гарсан тохиолдолд нөхөн сонгууль зохион байгуулах тухай заасан хэдий ч Цэцийн дүгнэлтээр нөхөн сонгууль хоёр удаагаа хойшлоод байна.

Сонгуулийн тухай хууль 2015 онд батлагдсанаас хойш 2016-2019 оны хугацаанд орон нутгийн нөхөн ба дахин сонгууль 60 удаа ямар нэгэн эрх зүйн маргаангүйгээр зохион байгуулагдсаныг Сонгуулийн ерөнхий хороо нотолж байна. Тодруулбал төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан нь орон нутгийн нөхөн сонгуульд нэр дэвших, бүртгүүлэх эрхийг Сонгуулийн тухай хууль хязгаарлаагүй.

Сонгуулийн тухай хууль нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуультай холбоотой харилцааг нэгтгэсэн байдлаар зохицуулдаг. Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан УИХ ч тэр, орон нутгийн ч тэр нөхөн сонгуульд нэр дэвших, бүртгүүлэх эрхтэй билээ.  

Гэтэл УИХ-ын нөхөн сонгуулийн нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хороо ямар нэг шийдвэр гаргаагүй байхад түүний өмнөөс төрийн албан хаагч гэх Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн оршин суугч, иргэн С.Мөнхцэцэг Үндсэн хуулийн дүгнэлт гаргаж УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуулийн товыг хүчингүй болгосон. Дараа нь Цэц нь УИХ-ын гишүүн  Д.Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох замаар сонгуулийг хойшлуулахаар завдсан боловч олны эсэргүүцлээс зайлсхийн, санал авах өдрөөс 180 хоногийн өмнө сонгуульд оролцох тухай Сонгуулийн тухай хуулийн заалт болон нөхөн сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргах тухай УИХ-ын тогтоолоор халхавчлан нөхөн сонгуулийг хоёр дахь удаагаа хойшлуулсан.

Харин Сонгуулийн хуулийн уг заалтын дагуу 2016 оны ээлжит сонгууль явагдсан ба энэ талаар эрх зүйн маргаан гараагүй болно. Түүнчлэн өнгөрсөн 27 жилийн хугацаанд УИХ-ын нөхөн сонгуулийг Засгийн газрын нөөцөөс гаргахад мөн л эрх зүйн маргаан үүсч байгаагүй. Тухайлбал УИХ-ын 2002 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн тогтоолоор сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөцөөс санхүүжүүлж байжээ.

Дээрхээс үзэхэд Үндсэн хуулийн цэц нь эрх баригч нам, тэр дундаа түүний дарга Ухнаагийн Хүрэлсүхийн захиа даалгавраар УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг хоёр удаа Үндсэн хуулийн цэцээс хойшлуулж, хүчингүй болгосныг эсэргүүцэж байна.

Иймд Үндсэн хууль, Хэнтийн аймгийн сонгогч иргэдийн сонгох эрхийг зөрчсөн 2019 оны 02 дугаар дүгнэлтээ хүчингүй болгохыг Үндсэн хуулийн цэцээс шаардаж байна.

Цэц өөрийн гаргасан дүгнэлтээ хүчингүй болгож байсан тохиолдолд Цэцийн түүхэнд хэд хэд гарч байсан. Тухайлбал Цэцийн 1994 оны 01 тогтоол, 2000 оны 01 тогтоолоор урьд гарсан дүгнэлтээ өөрчилж байсан болно" гэжээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих