Д.Баярсайхан: Манай банк өнөөдрийн байдлаар 11.8 тэрбумын ашигтай ажиллаж байна

: 101 өдрийн өмнө / 2016-12-13 14:19:00

  

Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхантай ярилцлаа.

-Та яагаад Төрийн банк руу ирсэн юм бэ. Арваад жил ажилласан Санхүүгийн зохицуулах хороо руугаа очих боломж байгаагүй юү. Таныг томилогдсоны дараа банкны биш хүн банк удирдахаар ирлээ гэх яриа нэлээд гарсан?

-Санхүүгийн зохицуулах хорооны даргаар есөн жил ажилласан. Хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг жил дутуу байхад ажлаа өгсөн дөө. Энэ хугацаанд Монгол Улсын санхүүгийн салбар дахь төрийн зохицуулалтыг цогцоор нь хөгжүүлж чадсан гэж боддог. Эрх зүйн болоод хяналт, зохицуулалтын чадавхи эрс сайжирсан байгаа. Товчоор, Санхүүгийн зохицуулах хороо гэхээр банктай хамааралгүй байсан гэж ойлгох нь буруу юм. Учир нь тус байгууллагын удирдлагаар ажиллаж байх хугацаандаа Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд нартай хамт санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллаж ирснээр надад банк, санхүүгийн салбарт ажиллах туршлагыг өгсөн.

Тэгээд ч өнгөрсөн хугацаанд банкууд үнэт цаасны зах зээлд андеррайтер, кастодиан банкны үйлчилгээ үзүүлэх, даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх болсон. Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад ч хамрагдаж байсан.

Ер нь банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо гэдэг бол жижигрүүлсэн банк гэж ойлгож болно. Тэгэхээр тэдгээр байгууллагын бүх дүрэм журмыг баталж гаргасан, зээлийн батлан даалтын сангийн захирлаар долоон сар ажиллаж банкуудтай шууд хамааралтай ажиллаж байсан болоод ч тэр үү банк бол надад ойр юм. Тиймээс ч Төрийн банкинд ажиллаад үзвэл яасан юм бэ гэж бодсон.

-Таныг Д.Лүндээжанцан гишүүний дүү, аль ч засгийн үед ахынхаа нэрээр албан тушаалд очдог гэж ярьж байсан. Та үнэхээр Д.Лүндээжанцан гишүүний дүү нь юм уу?

-Д.Лүндээжанцан гишүүн бол миний авга ах. Миний аавын дүү нь. Яах аргагүй төрлийн холбоотой. Төрийн албанд ажиллаа гээд бид энэ холбоогоо тасалж чадахгүй. Төрийн албанд ажиллахгүй байлаа гээд бид бас авга, дүүгийн холбоогүй болчихгүй. Ажил хийсэн ч, хийгээгүй ч би энэ хүнтэй холбоотой хүн. Харин миний ажил хийж байгаа нь авга ахын маань нэр хүндэд муугаар нөлөөлдөг юм болов уу гэж боддог. Намайг ажилд орлоо гэхээр над руу дайрахаасаа илүү тэр хүн рүү дайралт очоод байгаа юм шиг санагддаг. Уг нь би төрийн албанд бүр мэргэжилтнээс нь эхлээд бүхий л шатны ажлыг хийж ирсэн хүн шүү дээ. Би төрийн албаны гараагаа хуулийн сургууль төгсөөд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтнээс нь эхэлж байсан.

Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Учир нь, намайг ажиллаж байх 1996-2004 онуудад манай улсын эрх зүйн шинэтгэлийн эхний үе шат хийгдсэн гэж үздэг. Энэ хүрээнд эдийн засаг, санхүү, иргэний чиглэлийн суурь хуулиудыг боловрсуулах ажилд гар бие оролцож байлаа. Түүн дотроо бизнесийн харилцааны суурь хууль болох Иргэний хууль, Компанийн тухай хууль, Үнэт цаасны тухай, Банкны тухай зэрэг суурь хуулиудыг боловсруулахад голлох үүрэгтэй оролцож байсан нь миний хувьд завшаантай зүйл болсон доо.

Ер нь хүн юу хэлэх ярих нь дараагийн асуудал гэж би боддог. Харин ажлаа хийгээд өгсний дараа “Энэ нөхөр ийм муухай юм хийжээ” гэж ярихааргүй ажиллая гэж боддог. Миний амьдралын зарчим ердөө л энэ. Хүний өөдөөс эгц харах чадалтай яв. Хоёрдугаарт, хуулийн хүрээнд нийтийн эрх ашгийг нэг номерт тавьчихсан байхад нээх айхтар алдахгүй байх. Ингэж хичээж ажиллахад буруутхаар зүйл гардаггүй л юм.

-Төрийн банкны хувьчлал анхаарал татах сэдэв болоод байна л даа. Ер нь хувьчлах нь зөв үү. Нөгөө талаар төр өмчтэй, тэр тусмаа банктай байх нь эрүүл үзэгдэл үү, зах зээлийн эдийн засгийн зарчимд нийцэх үү?

-Ер нь улс орнууд төрийн банктай байдаг уу гэвэл, байдаг юм билээ. Гэхдээ тухайн улсын банкны системд төрийн банкны эзлэх хувь хэмжээ нь улс бүрийн хөгжлийн түвшин, онцлогоос хамааралтай байх жишээтэй. Тиймээс хувьчлалын асуудлыг ярихдаа өөрийн улсын хэрэгцээ, шаардлагад уялдуулан асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байх.

Одоогоор 2017 оны төсөвт Төрийн банкны хувьчлалаас 75 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээр заасан байгаа. Энэ бол өмч хувьчлалаас олох төсөвт суусан тоо. Гэтэл Төрийн банкны эзэмшил яадаг гэхээр үнэн чанартаа Засгийн газар, Сангийн яамны мэдэлд 25 хувь нь байдаг. Энэ 25 хувийн үнэлгээ 75 тэрбум байх гэж бодож байна. Тэгэхээр цаана нь 300 тэрбумын асуудал яригдаж байгаа биз. Манай Төрийн банкны нийт хувьцааны 75 хувийг Хадгаламжийн даатгалын корпораци эзэмшдэг. Хадгаламжийн даатгалын корпораци эзэмшинэ гэдэг маань Монголбанкны оролцоо байгаа гэсэн үг. Монголбанкны өмчийг хувьчлах гэдэг нэлээд бодох л асуудал. Төсөвт суулгасан өмч хувьчлалаас орох 75 тэрбум гэдгийг би бол тоо талаас нь харж байгаа. Хувьчлалын үндсэн асуудал нь УИХ дээр яригдах ёстой. Жагсаалт, үзэл баримтлал, үндсэн чиглэл Их хурал дээр яригдах үед Төрийн банкийг ямар арга хэлбэрээр, яаж хувьчлах юм гэдэг асуудал яригдах байх гэж бодож байна. Мэдээж хувьчлалтай холбогдуулж ярихаар энэ нь банкны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх, муугаар нөлөөлөх олон зүйл байдаг. Бид үүнд нэлээд болгоомжтой хандаж байгаа. Та бүхэн мэдэж байгаа байх. Төрийн банкийг анх удаа хувьчлах талаар ярьж байгаа юм биш. Өнгөрсөн жил хувьчлах жагсаалтад орж л байсан. Тэгэхээр зөвхөн төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд энэ банкийг хувьчлах нь зөв үү буруу юу гэдгээс илүү одоо төрд байгаа санхүүгийн үндсэн том сүлжээгээ хувьчилна гэдэг нь бодлогын түвшинд нэлээд сайн ярилцаж шийдэх асуудал байх аа.

-Төрийн банк хэр ашигтай ажилладаг банк юм бэ? Ашиггүй байгаа төрийн өмчит компаниудыг л хувьчилдаг гэдэг ойлголтод бид бүүр дасчихажээ. Харин төрийн банк ямар вэ. Төрийнх болохоор банк ч ялгаагүй ашиггүй ажилладаг уу?

-Төрийн банкийг анх 2009 онд “Зоос” банкийг татан буулгахтай холбогдуулж байгуулсан. Цэвэр активыг нь авч үлдээд муу активыг нь тусад нь эрх хүлээн авагч томилоод байгуулсан. Банкны бүтцийн өөрчлөлтийн дагуу бол гурван жилийн дараа хувьчилна гэсэн тийм суурь зарчим байдаг. Байсан асуудлуудаа илааршуулаад хувьчилна гэж байсан. Гэтэл ахиад 2013 онд “Хадгаламж” банкны асуудал хүндэрсэн. Үүнтэй холбогдуулаад дахиад “Хадгаламж” банкийг Төрийн банкинд нэгтгэсэн. Дахиад гурван жил хүлээгээд боллоо гэж үзсэн юм байлгүй, хувьчлалын жагсаалтад 2015 онд оруулсан байдаг юм. Ашигтай ашиггүйн тухайд Төрийн банк байгуулагдсан цагаасаа эхлээд ашигтай ажиллаж эхэлсэн. 2009 оноос эхлээд өнөөдрийг хүртэл ашигтай ажиллаж байгаа гэсэн үг.

-Банкны эрсдэлийг тооцох бас нэгэн чухал үзүүлэлт бол чанаргүй зээл. Чанаргүй зээл хэр ихтэй вэ?

-Системийн хэмжээнд чанаргүй зээлийн хэмжээ 7.8 хувьтай байгаа. Манай банкны чанаргүй зээл 2.7 хувь. Хамгийн эрсдэлгүй зээлтэй банк гэсэн үг. Намайг ажил авахад, есдүгээр сарын балансаар 7.6 тэрбум төгрөгийн ашигтай байсан. Өнөөдрийн байдлаар 11.8 тэрбумын ашигтай гэж гарч ирж байна.

-Гэхдээ өр бас байгаа тийм үү?

-Саяхан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас алдагдалтай төрийн өмчит компаниудын талаар мэдээлэл хийхдээ манай банкны талаар ташаа ойлголт өгсөн байна лээ. Гол нь ганцхан банкуудад байдаг балансын пассив талын дүнг гаргаж тавиад хадгаламж эзэмшигчдээс татсан хадгаламжийн орлого зэрэг актив талыг нь орхичихсон юм билээ. Хэрвээ арилжааны банкийг балансын пассив дүнгээр нь алдагдалтай эсэхийг нь тооцно гэвэл Монгол Улсын бүх банк алдагдалтай болох юм. Арилжааны банк гэдэг бол иргэдийн мөнгөн хөрөнгө буюу хадгаламж дээр тулгуурлаж үйл ажиллагаа явуулдаг. Нэг ёсондоо олон нийтийн хөрөнгөд тулгуурлаж бизнес эрхэлж байгаа байгууллага. Төрийн банкны хувьд байгуулагдсан цагаасаа ашигтай ажиллаж байгаа. Банкны систем дотроо дөрвөөс тавдугаар байрт явдаг. Өнөөдрийн байдлаар ашгаараа гуравт, чанаргүй зээлийн дүнгээрээ хамгийн бага түвшинд байгаа банк.

-Жирийн иргэд болохоор Төрийн банк их хэмжээний өртэй байна. Тиймээс хувьчлах ёстой гэсэн ойлголт төрчихлөө?

-Та бүхэн нэг л юмыг ойлгох хэрэгтэй. Төрийн банк хоёр их наяд давсан хөрөнгөтэй. Өөрийн хөрөнгө нь 240, дүрмийн сан нь 113 тэрбум. 1.1 их наяд нь зээлд гарсан байгаа. Манай зээлийн үндсэн хүрээ нь хэрэглээний зээл. Нэг ёсондоо 70 хувь нь гэсэн үг. Энэ нь эрсдэл багатай буюу тэтгэвэр цалингийн зээл байгаа юм. Засгийн газраас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрт ч хамруулсан юм бий. Ер нь Монгол Улсын бүх сум сууринд өөрийн гэсэн салбартай, 3800 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа том айл.

-Байнгын хорооны хурал дээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяр “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Төрийн банкнаас татна” гэсэн байсан. Тэрийг татчихвал танай банк хэцүүдэх үү?

-Тийм яриа гарсан. Н.Номтойбаяр сайдтай ч уулзсан. Өөрөө яг тэгж яриагүй л юм байна лээ. Ер нь тэтгэврийн зээлийн хүүг бууруулахтай холбогдуулж арилжааны банкууд дунд өрсөлдөөн бий болгоно гэж ярьсныг хэвлэлийнхэн буруу ойлгосон юм шиг байна лээ. Банкинд хамгийн том эрсдэл бол нэр хүндийн эрсдэл байдаг. Тэгэхээр нэр хүндийн хувьд айхтар нөлөөлөхүйц гарчиг өгч, цахим ертөнцөөр цацах нь эргээд нөгөө банкинд асар их хохирол дагуулдаг. Агуулгын хувьд Нийгмийн даатгалын ерөнхий газар, яамтай хамтраад тэтгэврийн зээлийн хүүг бууруулах тал дээр ажлын хэсэг байгуулаад ажиллаж байсан үе. Н.Номтойбаяр сайдын хувьд Төрийн банк тэтгэврийн зээлийг тасралтгүй олгож ирсэн учраас үйл ажиллагааныхаа зардлыг бууруулж чадвал харин ч нэмж хөрөнгө байршуулна гэж ярьж байгаа. Энэ асуудал одоо шийдвэрлэх төвшиндөө явж байна.

-Өнгөрсөн долоо хоногт танай банк Боловсролын зээлийн сантай гэрээ байгуулсан.  Танайх оюутны зээлээ олгож эхэлсэн үү?

-Одоогоор хараахан эхлээгүй, бэлтгэл ажлууд хийгдэж байна. Зээлд хамрагдах их, дээд сургуулиудтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёстой. Үүний дараа зээл олголт эхлэнэ. Арилжааны банкуудын хувьд энэ асуудалд ялгавартай биш нэгдсэн байдлаар хандах болов уу гэсэн бодолтой байна. Банкны зүгээс “Оюутны зээл” гэсэн шинэ бүтээгдэхүүн гаргах бэлтгэл ажлыг хийж байна.

-Таныг томилсноос хойш Төрийн банкинд халаа сэлгээ ихэслээ гэх яриа гарч байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Нэгдүгээрт, би бол ТУЗ-тай гэрээний хүрээнд ажиллаж байгаа ТУЗ-ын чиглэл, даалгаварыг биелүүлэх үүрэг хүлээсэн хүн. Намайг ажил авахад ТУЗ-өөс албан бичгээр Төрийн банкны боловсон хүчний зардал нь нийт зардлын 20 хувийг эзэлж байгааг бууруулах даалгавар өгсөн. Энэ нь ч үндэслэлтэй юм. Учир нь банкны системийн хэмжээнд Төрийн банк хамгийн өндөр боловсон хүчний зардалтай банк байгаа. Тиймээс бид энэхүү зардлаа 2016 онд багтааж 15 хувь хүртэл бууруулахаар  ажиллаж байна.

-Юунаас болж тэгж нэмэгдсэн юм бол?

-2013 онд хоёр банк нэгдсэн дээ. Төрийн банк, “Хадгаламж” банкийг нэг ч хүн халалгүйгээр нэгтгэсэн байдаг. Үүнээс болоод ажил үүргийн давхардал үүсэх, шаардлагагүй ажлын байр шинээр бий болгох, хүний нөөцийн илүүдэлтэйгээр ажиллах явдал газар авсан байна лээ. 40 хүн халаад 80 хүн авсан тохиолдол ч  байдаг юм билээ. Жишээ дурдахад, “харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн” гэх зохиомол ажлын байр бий болгоод банкны үндсэн үйлчилгээг үзүүлж байгаа теллерүүдээс өндөр цалингаар цалинжуулаад явж байсныг болиулсан. Мөн газар, хэлтсийн бүтэцтэй ажиллаж байгаа тохиолдолд банкны төв оффист “ахлах мэргэжилтэн”-ий албан тушаал шаардлагагүй гэж үзэж ажиллаж байсан ажилтнуудыг мэргэжилтэн болгосон. Энэ мэт ажлын байрны тоог нягтруулах ажил хийсэн байгаа. Үүнээс гадна боловсон хүчний цалингийн сүлжээнд үүссэн ноцтой гажуудал болох цалинг нь хөндөхгүйгээр албан тушаал бууруулж асуудлыг шийддэг байсныг залруулж байна. Албан тушаалыг чинь авлаа, гэхдээ цалин чинь хэвээрээ гэх мэтээр асуудлыг шийддэг байсан байна.

Энд нэг зүйл хэлэхэд харицлагчид үйлчилгээ үзүүлж байгаа анхан шатны ажилтнуудыг хөндөхгүй байх, гагцхүү төв аппаратын данхайсан тогтолцоог оновчтой болгох зарчмыг барьж ажиллаж байна. 

-Төрийн банкны төв оффист 64 захирал байна гэсэн яриа бий, үнэн юм уу?

-Тийм ээ. Энэ бол банкны салбарын онцлог гэж хэлж болно. Аль ч арилжааны банкны тухайд бүтэц зохион байгуулалтдаа газар, хэлтэс, нэгжийг хариуцан ажилладаг албан тушаалтнаа захирал гэдэг юм билээ. Ялангуяа, “Хаан” болон манай банк шиг улс орныг хамарсан сүлжээ бүхий банкны хувьд салбарын ажил үүргийн хуваарь, үзүүлж буй үйлчилгээний төрлөөс хамаарч ийм хэмжээний бүтэцтэй ажилладаг юм. Намайг ирэхээс өмнө ч ийм л хэмжээний удирдах ажилтнууд ажиллаж байсан юм билээ. Нэг зүйл хэлэхэд эдгээр удирдах албан тушаалтны 75 хувь нь өмнө нь ажиллаж байсан хүмүүс. Товчоор бол ажлын байрандаа хэвээр үлдсэн байгаа.

-Халаа сэлгээ хийгээд боловсон хүчний зардал 20 хувиас хэр буурч байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар нөгөө 20 хувийг 15-16 руу оруулж ирж байгаа. Ер нь хараад байхад Төрийн банк нэг хэсэг теллер бэлддэг дамжлага бааз болчихсон байсан. Бусад банкны теллерүүдийн цалин өндөр учраас гурван сар ажиллаад гардаг байх жишээтэй. Миний хувьд теллерүүдээ чадавхжуулах, цалинг нь нэмэх чиглэлийг барьж байгаа. Энэ бол 2000 гаруй хүний асуудал юм.

-Сүүлийн асуулт. Уучлаарай миний хувьд дандаа сөрөг асуулт асуугаад байж магадгүй. Саяхан оффшор данстай холбоотой асуудлаар таныг холбоод эхэллээ. Та үнэхээр оффшор данстай юу?

-Нэг зүйлийг энд баталгаатай хэлмээр байна. Би өөрөө төрийн албан хаагч байсны хувьд төрийн албан хаагч оффшор данстай байхыг эрс эсэргүүцдэг хүн. Надад оффшор данс байхгүй. Тэр мэдээллийг би харсан, ямар хүний захиалгаар, хэн бичсэнийг ч мэдэж байна. Иймэрхүү хүн гүтгэсэн, худал хуурмаг зүйлсийн хойноос хөөцөлдөг зав ч алга. Ер нь бол миний нэр хүндээс илүү, банкны нэр хүнд чухал гэж үзэж байна.

-Дуугүй яваад байхаар олон нийт үнэн юм байна, зөвшөөрч байна гээд хардаж, сэрдээд байдаг юм биш үү?

-Ер нь би улс төр рүү оръё гэж боддоггүй. Улс төр рүү орохгүй учраас энэ мэт явуулга нь нэг их газар авахгүй байх аа.

Н.Баяр

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих