П.Сэргэлэн: Хүнс, хөдөө аж ахуйн салбарын зах зээлд өрсөлдөх боломжийг тавьсан суурь өөрчлөлтийг хийнэ

: 162 өдрийн өмнө / 2016-12-14 10:32:31

  

П.Сэргэлэн: Хүнс, хөдөө аж ахуйн салбарын зах зээлд өрсөлдөх боломжийг тавьсан суурь  өөрчлөлтийг хийнэ

 

Манай сонины “Ярилцах танхим”-ын энэ удаагийн зочноор Засгийн газрын гишүүн, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн уригдан оролцож байна.

Хөдөө аж ахуй эдийн засгийн зүтгүүр салбар байх ёстой

-Салбарын сайдтай уулзсаных малаа эхлээд асуумаар санагдлаа. Мал аж ахуйн салбарын маань өнөөгийн байдал ямаршуухан байна вэ?

-Өнөөдрийн  байдлаар гэвэл хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа мал аж ахуй хүндхэн байдалтай байна. Малын маань мах экспортод  гардаггүй, баруун зүүн бүс нутгийг хамарсан малын өвчин байсхийгээд гардаг.  Нэг талд нь гарсан өвчнийг арай гэж эмчлээд дуустал нөгөө талд нь сэдэрдэг, өвчлөл гарсан нутгаас эрүүл бүс рүү хяналт зөвшөөрөлгүй мал тээвэрлэж өвчин халдаадаг. Малын өвчнөө бүрэн эмчилж чаддаггүй улс орны тоонд ороод явчихдаг, ийм л байгаа. Малынхаа удам угсааг гаргуунд нь орхичихсон, үржил селекцийн асуудал хоцрогдсон.  Бидний энэ салбараасаа үйлдвэрлэн гаргаж байгаа арьс шир, түүхий эд болон хүнсний бүтээгдэхүүнийг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрөөд авч байна уу гэвэл бас хүнд талдаа.  Улс орны эдийн засагт экспортоос орж ирдэг орлого нь тун бага, өөрөөр хэлбэл 20-30-аад жилийн өмнөх хэмжээндээ ч  хүрэхээргүй болсон. Ер нь хамгийн сайн чаддаг байсан юмаа чадахаа байсан дүр зураг харагдаад байгаа юм. 

-Үүнийг яаж засч залруулбал зохилтой байна вэ?

-Салбарын сайдын хувьд  малын эрүүл мэнд, эм бэлдмэл, хариуцлага хяналт, тогтолцооны асуудал, дээр нь энэ хүнс хөдөө аж ахуйн салбар цаашид  зах зээлд өрсөлдөх боломжийг тавьсан суурь  өөрчлөлтүүдийг хийчих юм сан гэж бодож байна.Үйлдвэрлэлд ямар арьс шир бэлдэх юм, мах сүүний чиглэлээр ямар хонь үхэр өсгөх вэ гэхчлэн юм болгондоо судалгаатай, төлөвлөгөөтэй,  бодлоготой,  системтэй хандах хэрэгтэй байна. Тухайлбал, газар тариалангийн бүс нутаг тэжээлийн аж ахуйгаа түшиглэн үхэр сүргээ өсгөе, ер нь хангай говь хаана ч бай тухайн бүс нутагт илүү тохирч чадах малаа  өсгөж үржүүлдэг, тариалангийн бүс нутгаа зөв сайн сонгож чаддаг  гэхчлэн нарийн төлөвлөлт бодлоготой явдаг байсан. Гэтэл энэ бүхэн дэндүү урсгалаар явчихжээ. Малаа эрүүлжүүлэх гэж Монгол улс мал эмнэлгийн  сайн тогтолцоо, хариуцлагыг бүх сум орон нутаг, бүр баг бригадын хэмжээд  бүрдүүлж  хөгжүүлсэн байсан. Мал эмнэлэг нь мал бүрээ шинжилгээ, үзлэгт хамруулдаг, угаалга туулганд заавал хамруулдаг байлаа. Мал эндвэл юунаас болсныг нь нарийн тогтоодог ийм л байсан. Манайхан санаж байгаа байх, мал эрүүлжүүлэх  хавар намрын 13  ажил гэж байсныг. Гэтэл энэ бүхэн одоо бараг байхгүй болсон. Үүний үр дагавар нь малын эрүүл мэндийн асуудал алдагдсан өнөөгийн дүр төрх юм. 

-Та салбарынхаа өнөөгийн байдалд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа бололтой. Гэхдээ хямралын үед өсөлттэй байгаа ганцхан салбар танайх шүү дээ?

-Бид сайн сайхан зүйлээ ярихаас гадна алдаа оноотой зүйлээ дэнсэлж,  засаж залруулж,  зөв голидролд нь оруулж ажиллах нь чухал байна. Ерөнхий  утгаараа манай салбар энэ оны тухайд өсөлттэй гарсан. Малын тоо толгой өссөн, газар тариалангийн салбар  үр тариагаар дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангалаа. Төмс, хүнсний ногооны дийлэнхийг эх орны ургацаараа хангаж байна.  Энэ бүхний ард малчид тариаланчдын нөр их хүч хөдөлмөр байгаа. Үүнийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ өсөлтийг тооноос чанарт шилжүүлэх шаардлага бий.  Мал өссөн гэж байгаа ч энэ бол чанар биш тоо байгаа юм аа. Хэрэв энэ бүхэн чанар байсансан бол  үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг нь ямар ч зах зээл өрсөлдөөд худалдаж авах байлаа. Гэтэл бид бараа бүтээгдэхүүнээ санал болгоод байдаг гадны улс орнууд манай бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй л байна. Тийм болохоор бид өөрсдөдөө дүгнэлт хийж, шүүмжлэлтэй хандахаас аргагүй байдал өнөөдрийн төвшинд харагдаж байна. Болж бүтэж байгааг дэмжихээс гадна, болохгүй бүтэхгүй байгаадаа шүүмжлэлтэй, судалгаатай хандаж, үр дүнг гаргах нь чухал. Шүүмжлэлийг дагасан хариуцлага, хяналт сахилга бат ажлыг өөд нь татдаг.

Бодит утгаараа хөдөө аж ахуйг  эдийн засгийн үр өгөөжтэй тэргүүлэх салбар байлгах боломж бий. Гэхдээ эдийн засгийн үр өгөөж, үүрэг роль, боломжийг ярихаасаа өмнө  бодлого тогтолцоо, боловсон хүчин тэдгээрийн мэргэжлийн ур чадварын тухай ярих хэрэгтэй.  Дээр нь аль аль талдаа хариуцлага хяналтыг тогтмол бий болгох хэрэгтэй.

Манай Гачуурт компанийн захирал Л.Чинбат гуай “Хийе гэсэн сэтгэл байвал ямар ч ажлыг хийж бүтээж болдог юмаа”  гэж хэлэх дуртай. Энэ их үнэн үг. Тэгэхээр энэ салбарыг удирдаж байгаа бүх шатны менежерүүдийн сэтгэлгээг өөрчлөх, эн түрүүнд сэтгэлтэй болгох хэрэгтэй.  Аливаад сэтгэл гаргана гэдэг бол амжилтын нэг сурвалж юм. Сэтгэл гэдэг үгийг байн байн давтан хэлээд байгаагийн шалтгаан нь энэ. Бид яагаад дэлхийд өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй байгаа юм бэ. Бид санал болгоод л байдаг, нэг шалтаг хэлчхээд л тойроод байна. Тэгэхээр тэнд нэг юм байна аа даа. Энэ суурь юмаа л гаргаж ирэх хэрэгтэй байна. 

-Эдийн засгийг олон тулгууртай болгож солонгоруулахад танай салбарын боломж бололцоо хэр байна вэ?

-Эдийн засгийг солонгоруулахад манай салбарын боломж бололцоо их бий. Гагцхүү энэ бүхнийгээ бодлогын хувьд тодорхой өөрчлөлт хийж байж хөгжлийн тухай, тэр дундаа экспортыг ярих шаардлагатай. Бид өөрсдийгөө нэг  айлын, улс орны хүрээнд хараад байх шиг байна. Тэгвэл дэлхий нийттэй өөрсдийгөө харьцуулж харъя. Нэг л цэнхэр гариг дээр амьдарч байгаа хүн төрөлхтөн. Яагаад зарим нь хөдөө аж ахуйгаасаа шилдэг сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж тэр нь дэлхий нийтэд бренд болтлоо түгээд байгаа юм. Гэтэл бид яагаад өвөг дээдсийнхээ үлдээсэн энэ сайхан буянаас  дэлхийд эрэлттэй бараа  бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байгаа юм. Хамгийн сайн чанартай гэж ярьдаг монгол малын махыг дэлхийн улс орнууд  яагаад худалдаж авахгүй байгаа юм. Тэгэхээр энэ бүхний учрыг олж хужрыг тунгаах хэрэгтэй болж байна. 

Сайн малчны шалгуур огт өөр болно

-Бэлчээрийн мал аж ахуй цаашдын төлөвийг та хэрхэн хардаг вэ?

-Би монгол хүний хувьд ч, дэлхийн зах зээлтэй хөл нийлүүлж явах юмсан гэж мөрөөдөж явдаг хүний хувьд бэлчээрийн мал аж ахуйн үндсэн чиг хандлагыг хэвээр хадгалах нь зүйтэй гэж боддог.

-Бэлчээрийн малын мах дэлхийн зах зээл дээр их үнэтэй байдаг. Энэ утгаараа монгол малын мах эрэлт ихтэй байх боломжтой юу?

-Бэлчээрийн малын мах бол хамгийн эрүүл хамгийн органик, хамгийн амттай мах байгаа юм. Тэгэхээр бид махаа массын зах зээлд бус зорилтот зах зээлд зориулж  үйлдвэрлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ органик шим тэжээлтэй махыг өндөр үнээр худалдаж авч чадах тэр зорилтот зах зээл рүү чиглүүлж бэлчээрийнхээ мал аж ахуйг хөгжүүлье. Өнөөдөр өндөр хөгжилтэй улс орнууд  бэлчээрийн малын мах нь суурин тэжээгдсэн малынхаасхамаагүй өндөр  ашиг шимтэй, амттай, эрүүл мэндэд ач холбогдолтой гэдгийг тогтоочихсон. Тэгэхээр манай малын мах хамгийн тансаг хэрэглээнд багтах бүрэн боломжтой.  Харин үүний тулд малаа эрүүлжүүлэх, махаа үйлдвэрийн аргаар олон улсын чанар стандартад нийцүүлж бэлдэх ёстой. Түүнчлэн мэргэжилтнүүдээ бэлдэж, хамгийн сайн гэсэн техник технологийг нэвтрүүлж, малчдынхаа хариуцлагыг сайжруулсан цагт бидэнд боломж бол гарна аа. 

-Та салбараа тооноос чанарт шилжүүлэх тухай ярилаа. Харин хэрхэн яаж гэдгээ тодотгохгүй юу?

-Малын тоо өссөн нь нэг талаасаа нэг их сайн юм биш. Яагаад гэвэл энэ өсөлт чанар бус тоо. Сайн малчны шалгуур одоо малын тоо толгойгоор бус өөр  хэмжүүртэй болно. Таван зуун малтай хүн мянган малтай хүний хэмжээний  ашиг шим орлогыг олдог байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ашиг шим, таваарлаг байдлаараа. Ингэж тооноос чанарт шилжсэнээр энэ нь эргээд байгаль орчин, экологи, бэлчээрийн даацаа дэмжинэ. Мөн хөдөлмөрийн бүтээмж, ашигт ажиллагааны тухай яригдана гэсэн үг. Ийм чанарын шилжилт хийхийн тулд малынхаа удам угсааг сайжруулах, мах сүү гээд ашиг шимээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Өндөр  ашиг шимтэй малаар сайжруулах, энэ чиглэлээр мал зүйчтэйгээ хамтарч ажиллах гээд олон арга зам бий. Мал  зүйч ашиг шим өндөртэйгээс гадна дархлаа сайтай, эрүүл чийрэг мал бэлдэж өгнө. Ийм мал халдварт өвчинд нэрвэгдээд байхгүй. Тийм учраас малынхаа удмын санг сайжруулах тал дээр нэлээд анхаарал хандуулж байгаа. Нөгөө талаас малаа бүртгэлжүүлэх ажлыг цогцоор нь шийднэ. 

-Бэлчээрийн мал аж ахуйг хадгалахын тулд малчдын залгамж халааны тухай  зайлшгүй ярих хэрэгтэй байх?

-Өнөөдөр бидний сэтгэлийг зовоож байгаа нэг бус, нэг хэсэг асуудал байна. Тэдгээрийн дотроос малчдын залгамж халааны тухай асуудал юм. Хөдөө нутагт хаана ч яваад очиход нэг уулын аманд өвөө эмээ хоёр, эсвэл ахимаг насны хүмүүс байна. Үр хүүхдүүд нь бүгд аймаг хот бараадаад явчихсан. Тэд малаа маллах биш малаа хараад л амьдарч байна даа гэцгээж байна. Ийм байдал  нийтлэг дүр төрх болох нь. Үнэхээр тулгамдсан асуудлын нэг. Энэ чиглэлээр манай яам маш тодорхой ажлууд  хийнэ.  

Монгол Улс үрийн аж ахуйтай болох ёстой

-Атрын гуравдугаар аяны хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ. Одоо байгаа боломж, хүч чадал хангалттай биш үү?

-Атрын гуравдугаар аян манай намын мөрийн хөтөлбөрт орсон. Аргагүй л монголчуудын хоол хүнстэй холбоотой асуудал. Үндсэндээ хоёр жилийнхээ хөдөлмөрөөр нэг жилийн ургацыг авдаг хүнд салбар. Тэгэхээр тариаланчдаа дэмжиж ажиллана. Байгалийн ааш араншин, тэнгэр хангайн эрхээр хөдөлмөрлөдөг хүмүүс. Хүнсний аюулгүй байдал бол хамгийн чухал асуудал. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээ улс орон өөрсдөө үйлдвэрлэдэг хангадаг байх нь стратегийн чухал асуудал. Тийм учраас гурил будааныхаа хангамжид  маш их анхаарал тавьж ажиллах нь зүйтэй гэсэн байдлаар ажиллаж байна.  Манай газар тариалангийн салбарт шинэ техник технологи шинээр  нэвтэрч байна. Салбарын мэргэжилтэй боловсон хүчний хангамж, ур чадвар ч бас дээшилж байна. Хүртээмжийн асуудал бий. Манайх 1000 орчим тариаланчидтай, тэдгээрийн 230 орчим нь мэргэжлийн агрономичид байдаг.  Энэ аяны хүрээнд талбайн хэмжээг бус  нэгж талбайгаас авах ургацаа нэмэгдүүлэхээр зорьж байна.  Үүний тулд үрийн бодлого дээрээ анхаарах ёстой, технологио баримтлах хэрэгтэй.  Монгол Улс үрийн аж ахуйтай болох ёстой. Бид тариа будаагаар өөрсдийн хэрэгцээгээ бүрэн хангаад явж болж байна. Гэхдээ цаана нь тодорхой хэмжээний илүү үр тариа үйлдвэрлээд өмнөд хөрш рүүгээ гаргах боломж бий. Зах зээл бол байна. Манай улс түүхэндээ нэг удаа 780 мянга орчим тонн улаан буудай хурааж байсан удаатай. Энэ жил 500 гаруй мянган тонныг хураалаа. Энэ бол түүхэндээ гуравт орохоор амжилт юм.  Зүүн өмнөд Ази тэрчлэн манай урд хөршийн хүнсний хангамж жилээс жилд хүндэрч байгаа нөхцөлд  бид чанартай эрүүл хүнс үйлдвэрлэх юм бол зах зээл байна. 

-Махны экспорт гэж үе үеийн сайд нарын мөрөөдөл байлаа. Одоо энэ асуудал ямар төвшинд байна вэ?

-Махны экспорт үнэхээр л манай үе үеийн сайд нарын мөрөөдөл байсан. Харин социализмын үед ажиллаж байсан сайд нар махны экспортоо сайн хийж байжээ.  Малаа ч эрүүл байлгаж чадаж байсан. Гэсэн атлаа техник технологи хавьгүй өндөр хөгжсөн, өндөр боловсролтой мэргэжилтнүүдтэй болсон өнөөгийн нөхцөлд яагаад ингэж чадахгүй байна вэ.  Эргээд харахаар бодлогын тогтолцооны алдаа байгаа юм. Энэ алдааг засах ёстой. Бид Малын эрүүл мэндийн тухай  болон Малын генетикийн тухай хуулийг УИХ-д өргөн барьцчихаад байна. Энэ хуулийн төслөөр мал эмнэлгийн албыг босоо тогтолцоотой болгож төрийн мэдэлд авахаар заасан. Малын эрүүл мэнд, эмчилгээний үйлчилгээг төр нь хариуцъя, хариуцлагатай байлгая, хяналттай болгоё. Малын эмч нарын маань тэн хагас нь 50-иас дээш насныхан байна. Иймээс  хүний нөөцийн асуудал яригдана. Малын эмч хүн төрөлхтнийг эмчилдэг гэх үг бий шүү дээ. Тогтолцооны өөрчлөлтийг хийж байж малаа эрүүл чанартай болгоно. Тэр цагт махны экспортын тухай ярина. Наана нь  ямар ч тоо мөрөөдөөд амжилт олохгүй. Үнэндээ махны экспорт хүнд байна. Гэхдээ хүнд байна гээд гараа хумхиад суух эрх байхгүй. Тийм ч болохоор манай салбарын урьд өмнөх сайдууд бүгд л бага ч болов  мах экспортолчих юм сан гэсэн хүсэл сэтгэлээр хандаж  ирсэн. Би ч гэсэн бас  л тийм бодлоготой ажиллаж байна. 

-Нэг  зүйлийг тодруулж асууя. Өмнөх Засгийн үед Монголд урьд өмнө огт гарч байгаагүй малын халдварт өвчин гарсныг нууж байсан гэх мэдээлэл байна. Энэ хэр үнэний ортой вэ?

-Харамсалтай нь энэ бодит үнэн. 2015 оны гуравдугаар сард бог малын мялзан өвчин Ховд аймагт илэрсэн. Гэтэл  чимээгүй дарагдаж явсаар жил зургаан сарын дараа  буюу 2016 оны  наймдугаар сарын сүүлчээр  шинжилгээгээр илэрч нотлогдсон. Хэрэв анх илэрсэн үед нь мэдээлж арга хэмжээ авсан бол хүн хүч цаг зав, хөрөнгө мөнгө  хэмнэж хялбархан давчих боломж байсан. 

-Яамнаас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүд юу байна вэ?

-Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” гэсэн хөтөлбөрөө суулгаж өгсөн. Үндсэндээ малгай хөтөлбөр.  Энэ бол миний яриад байгаа хүнс хоол, малаа эрүүл болгох тухай юм. Тэр цагт монгол хүн эрүүл байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд  Мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөр гэхчлэн олон асуудал ар араасаа ундраад ирнэ. 

Дээр нь  улс орны ажиллах хүчний бараг 70 хувь нь байдаг хөдөө аж ахуй  өөрөө их том салбар. Энэ олон массын хүчээр ноос ноолуур мах сүү гээд маш их хэмжээний бүтээгдэхүүн дотоод зах зээлдээ үйлдвэрлэж байгаа. Яамны зүгээс мах сүү боловсруулах үйлдвэр, эмийн  ургамал, чацаргана, зөгийн бал зэргийг дэлхийн бренд болгохын төлөө маркетинг менежмент хийж ажиллана. Ер нь Монгол Улс онгон зэрлэг байгаль, эрүүл, органик бүтээгдэхүүнээрээ л ялгарах ёстой. Үүнийгээ яаж бренд  болгох вэ. Зах зээлд яаж таниулах вэ. Энэ чиглэлээр л бид бодлогын ажлуудыг зохион байгуулах шаардлагатай. Арьс ширээ сайн үйлдвэрлэдэг, ноос ноолуурынхаа үйлдвэрт чанартай бүтээгдэхүүн нийлүүлдэг болох, түүгээрээ дамжуулаад сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэхчлэн хөнгөн хүнсний үйлдвэрийн олон бодлого зорилт урган гарна. Түүхий эд бэлтгэлийн уламжлалт тогтолцоог эргэн сэргээнэ. Хангамж, чанарыг хэрхэн сайжруулах вэ гэдэг нь анхаарал татаж байна.Энэ бол бодлогын хоёр дахь гол асуудал. Гурав дахь нь хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний үнийн зохицуулалт болж байна. Тухайлбал, тариаланчид улаан буудайгаа үнэтэй зарах гэдэг. Нөгөө талд нь гурил үйлдвэрлэгчид хямдхан авах гэдэг.  Энэ хоёрын дунд яам орж суучхаад  тугалыг нь тураахгүй эхийг нь эцээхгүйгээр зохицуулчих гээд... Гэтэл  тэд  ойлголцдоггүй, хэрүүл бужигнаан болдог жишээний. Мах сүүний тухайд ч бас адил.    Бид хөдөө аж ахуйн зохицуулах байгууллагатай болж  дээрх асуудлыг зохицуулдаг, хянадаг, хариуцлагажуулдаг байдал руу шилжүүлнэ.

-Үнийг хэрхэн зохицуулах вэ?

-Үйлдвэрлэгчдэд чанар стандартын хяналт тавьж байдаг, хяналт  хариуцлагын асуудал ярьдаг зохицуулах байгууллагатай байх ёстой. Тэгэх юм бол зах зээлийнхээ хуулиар явж байх ёстой тэр аж ахуйн  байгууллагын үйл ажиллагаа руу бодлогын яам орж үнэ зохицуулах ямар ч шаардлага байхгүй.  Яам бол холыг харж ажиллах ёстой. Арван жилийн дараа, 20 жилийн хойно Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар ямар байх вэ, юунд хүрэх вэ  гэхчлэн бодлогыг л хийж байх ёстой. Тэгэхээр бодлогын энэ гурван суурь  өөрчлөлт хийхээр шаардлагатай хуулиудыг боловсруулж байгаа. Би сайдын ажлыг аваад салбарынхаа  үе үеийн сайдууд, ахмадууд, мэргэжилтнүүд зэрэг 600 гаруй хүнтэй уулзаж санаа оноог нь сонслоо. Эндээс салбарын ажил байдлын нэлээд нарийвчилсан зураглал гарч  ирж байна. Ажлын хэсгүүд хуулийн төсөл, санал санаачлага боловсруулахдаа салбарынхантай уулзаж санаа оноог нь сонсож байгаа. Ингэж долоо хэмжиж нэг огтлохын жишээгээр аль болох салбарынхны санаа бодлыг нэгтгэж байж энэ бодлогын, бүтцийн,  тогтолцооны өөрчлөлтүүдийг  санал болгож байгаа юм. 

Итгэлийн зээлийн асуудал яригдаж байгаа

-Танай яамны эрхлэх ажлын хүрээнд жижиг болон хөнгөн үйлдвэрийн салбар шинээр орж ирсэн. Үүнтэй уялдан Итгэлийн зээлийн тухай иргэд их сонирхож байх шиг...

-Итгэлийн зээлийн асуудал Засгийн газар дээр яригдаж байгаа. Одоо эцсийн байдлаар хараахан боловсруулж дуусаагүй байна.Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн боломж,  дэмжлэгийг зөв талаас нь олгох зорилгоор энэ асуудал яригдаж байгаа. Үйлдвэрлэгчдийг  бүх талаар дэмжинэ.Төсөл хөтөлбөрүүдийг нь авч байгаа.Цаасаар ирж байгаа төсөл хөтөлбөрүүдийг харахад бүгд л сайн сайхан юм бичсэн байдаг. Харин хожмын үр дүн ямар байх вэ гэдэг нь тодорхойгүй зүйл. Тиймээс эдгээрийг нэлээд нарийн нямбай нягтлах хэрэгтэй болж байна. Хамгийн чухал нь жижиг дундын чиглэлээр тодорхой сургалтуудад ач холбогдол өгч байгаа. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгчдээ бэлдэж менежерүүдийн боловсрол ур чадварыг  дээшлүүлэх шаардлага бий. Дунд богино хугацааны сургалтуудад хамруулж гадаадын  туршлагыг сайн үзүүлж харуулах хэрэгтэй. Мянга сонссоноос нэг удаа үз гэдэг шиг.

-Та сайд болсноосоо хойш ОХУ- д хэд хэдэн удаа айлчиллаа. Яг ямар ажил амжуулав?

-Ер нь Монгол Улс хоёр их хөрштэйгөө хөдөө аж ахуйн салбарт илүү ойр, нягт ойлголцож ажиллах шаардлагатай гэж харж байгаа. Би ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачевийн урилгаар хоёр ч удаа айлчлал хийсэн. Урьд нь энэ салбарт хойд хөрштэйгөө ямар сайхан харилцаа, хамтын ажиллагаатай байлаа. Үүнийгээ эргэн сэргээх нь айлчлалын зорилго. Эхний удаа ОХУ-ын ХАА-н яамнаас зохион байгуулсан үр тарианы  “Алтан намар” арга хэмжээнд оролцсон. Энэ үеэрээ  ажил хэргийн анхны саналуудыг  тавьсан. Үүний дагуу А.Н.Ткачев сайд хоёр дахь удаагаа дахин урьсан. Энэ айлчлалын үеэр мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөр дөрвөн жилийн хугацаатай хамтарч ажиллахаар болсон.  Одоо энэ хөтөлбөрийн хүрээнд стратегийг боловсруулж байна. Үүний дагуу хоёр орны мэргэжилтнүүд хамтран ажиллана. Том өргөн хүрээтэй ажил болно, шаардлагатай вакцин эм тариаг ОХУ-аас хангаж ажиллахаар болсон.  Айлчлалын хүрээнд шийдсэн хоёр дахь том ажил бол  газар тариалангийн салбарт  Атрын гуравдугаар аяны хүрээнд үрийн  аж ахуй байгуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Монгол Улс үрийн бодлоготой, өөрсдөө үрийн аж ахуйтай болно. 

-Одоо үрийн аж ахуй байхгүй юм уу?

-Үрийн бодлого алдагдсан, газар тариалангийн аж ахуйн нэгжүүд өөрсдөө дур дураараа үрээ оруулж ирдэг, нэгдсэн бодлого үгүй болсон байна. Үрийн аж ахуй бол маш чухал зүйл, “Үрээ зарахаас  үрээгээ зар” гэж  хуучны үгтэй шүү дээ.  Айлчлалын үеэр тавьсан гурав дахь санал бол махны экспортыг нэмэгдүүлэх тухай байсан. Үүнийг нааштайгаар хүлээж авсан.  Дөрөв дэх асуудал нь хил орчмын худалдааг нэмэгдүүлэх тухай. Үндэсний үйлдвэрлэгчдийн  бараа бүтээгдэхүүнээр  ОХУ-ын хил орчмын хотуудад үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, хэрэглэгчдэд таниулах нь экспортлох эхлэл болно гэж харж байгаа. Том зах зээл шүү дээ. Харилцаагаа сайжруулах ойртож, ойлголцож ажиллах  том боломж гэж харж байгаа. Саахалт хүний санаа нэг гэж хөршүүдтэйгээ зөв ойлголцож, санаа нэгтэй амь нэгтэй байж  бидний хөгжлийн тухай асуудал яригдана.. 

-Таныг сайдаар ажиллах бүрэн эрхийн хугацаанд хөдөө аж ахуйн салбарт  ямар ахиц өөрчлөлт гарах вэ. Хэрхэн урьдчилан харж байна вэ?

-Зорилго бол  өргөн том байна.  Нэгдүгээрт, малаа эрүүлжүүлэх асуудал, хоёрдугаарт салбарынхаа үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр ямар ч асуудалгүй борлуулчихдаг болох юм сан. Энэ миний том хүсэл зорилго. Дэлхийн зах зээл дээр бусад улс орнууд бренд бараа бүтээгдэхүүн санал болгож чаддаг шиг салбарын бараа бүтээгдэхүүнээ мөн тийм болгохын төлөө сайдын хувьд боломжтой бүхнийг хийх болно.  Ингэж чадвал монголчууд ажилтай орлоготой,  сайхан амьдрах боломж бүрдэнэ. 

-Таны энэ зорилго бодит зүйл болох магадлал хэр зэрэг байх бол...

-Болгоё бүтээе гэвэл боломж, гар хүрэх газарт байдаг гэж үг бий. Энэ мөрөөдөл биелнэ. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд зорилго зорилтоо зөв тодорхойлох хэрэгтэй. Мэдээж энэ бол маш өргөн хүрээ, олон талтай нэгдмэл  асуудал. Харин цаг хугацааны асуудал бий. Худлаа хэлэхгүй, амласнаа биелүүлдэг хариуцлагатай л байх хэрэгтэй.

-Хариуцлага гэхээр мартагдах шахсан танил аялгуу шиг тааламжтай сонсогдож байна... 

-Тийм шүү, Миний харж байгаагаар улс орон даяар л хариуцлагын хомсдолд орж, хэн хүнгүй хариуцлага гэдэг юмнаас зайлсхийдэг болчихжээ. Алдаа дутагдал гаргасан бол хариуцлага хүлээх юмгүй тэгсхийж байгаад дунд нь уусаад замарчихдаг болсон. Хариуцлагыг ярихдаа хяналтыг орхигдуулж болохгүй. Хяналт бол бас л суларсан. Хэчнээн их эрх чөлөө байна, тэнд илүү хариуцлага хяналт байх ёстой.  Ингэж байж л үр дүн гарна. Бидэнд үр дүн хэрэгтэй. Аливаа сахилга баттай газар үр дүн сайн байдаг  нь амьдралын жирийн үнэн шүү дээ.

-Өмнөх засгийн үед Халх голын бүс нутагт их хэмжээний газрыг хууль бусаар олгосон шийдвэрийг та сайд болоод  цуцлана гэж байсан.  Энэ асуудал хэрхэн шийдэгдэхээр болсон  бэ?

-Яамны дотоод хяналт, аудитын газар Халх голын газар олголтын байдалд шалгалт хийгээд дүн танилцуулга гаргаад дуусч байгаа. Одоо үүнийг УИХ-ын байнгын хороогоор оруулаад  хууль бусаар газар олгосон асуудлыг хүчингүй болгуулах санал оруулахаар ажиллаж байна.  Энэ газар олголт хэд хэдэн хууль журмыг зөрчсөн байгаа нь тогтоогдсон.  

-Адууг амьдаар нь гаргаж байгааг  та цуцлах шийдвэр гаргалаа. Энэ хязгаарлалт цаашид үргэлжлэх үү?

-Яамны бодлого бол адуу гэлтгүй ер нь бүх төрлийн малаа амьдаар нь гаргах тухай биш. Бид үндэснийхээ үйлдвэрүүдэд махаа бэлдэж аль болох нэмүү өртөг шингээгээд экспортлохыг чухалчилна. Малаа амьдаар нь гаргана гэдэг нэг талаасаа залхуу арчаагүй байдлын илэрхийлэл. Хэрэв дотооддоо бэлтгэвэл хэчнээн ажлын байр нэмэгдэх вэ, малчдын гар дээр очдог мөнгө нэмэгдэнэ гэхчлэн олон талын ач холбогдолтой.  Амьд малын экспортыг бизнесийн бус монгол уламжлал талаасаа бас харах хэрэгтэй. Тэр дундаа төрийн сүлдэндээ  дээдэлсэн адууг харь газар руу  гаргах гэж хөхөө өвлийн хүйтнээр өвс хоолгүй хүйтэн төмөр тэвшин дээр хэд хоногоор хорьж, үнэхээр монгол хүн бол нүд хальтирмаар дүр зураг харагдаж байна. Өвөг дээдсийн буян энэ хэдэн малынхаа хүчинд монгол хүн өлсөж дааралгүй өдий хүрсэн. Тиймээс малдаа хүндэтгэлтэй хандах нь бидний уламжлалт ёс зүй шүү дээ.  Нүүдэлчдийн соёл, ёс зүй гэдэг бол монголчуудын язгуур соёл юм. Тэгээд ч Дэлхийн мал эмнэлгийн байгууллагын стандартаар мал амьтны тав тухтай байдлын тухай зөвлөмж гаргасан. Үүнийг гишүүн орны хувьд биелүүлэх үүрэгтэй.

-Та ер нь хөдөө аж ахуйн салбартай хэр ойр хүн бэ. Анх сайд болоход уяач сайд боллоо гэхчилэн  олон зүйл яригдаж байсан санагдана?

-Хүмүүсийн зүй ёсны бодол байх л даа. Намайг уяач гэж тоож байгаад гомдох бус өөртөө баяртай байдаг юм. Нэг ийм үг байдаг. Малчин хүн мянган мэргэжилтэй, малчин хүний дээд эрдэм нь уяач гэж. Монголд 120 мянга орчим уяач бий. Энэ тоотой хэдэн уяачдын тоонд багтаж явдгаараа бахархдаг. Би  моринд хайртай, морь уядаг л ЖИРИЙН монгол эр хүн. Тийм болохоор уяач сайд боллоо гэсэн үг ярианд огт эмзэглэдэггүй.  Би Өвөрхангайн Есөн зүйл сумын хүн. Хүүхэд байхаасаа л малын захад өсч өндийсөн нэгэн.  Сүүлийн 10 гаруй жил бүр ч илүү мал малчин хоёртой ойрхон байж, Монгол улсынхаа 200 гаруй сумаар явж, малчидтайгаа  уулзаж, санал бодлыг нь сонсож явлаа. Манай Уяачдын холбооны 90 гаруй хувь нь малчид байдаг. Дээр нь би өөрөө малтай. Тэр дундаа хэдэн сайхан адуу бий. Дүү минь малладаг. Тэгэхээр би малынхаа өвс тэжээлийг бэлдэх, тэнгэр хангай муудахад санаа зовдог, алдсан малаа эрдэг хайдаг, худаг ус, бэлчээр  гээд малчин хүний бүхий асуудал бэрхшээл,зовлон жаргалыг сүүлийн 10 гаруй жил гэр бүлээрээ  мэдэрч ирсэн.Тиймээс би өөрийгөө мал аж ахуйтай ойрхон хүн гэж боддог. Мөн дөрвөн жил газар тариалангийн салбарт  ажиллаж байсны хувьд тариаланчдын хөдөлмөрийн жаргал зовлонг сайн мэднэ.  Гэхдээ хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хийх ажил их, хариуцлага өндөр, итгэл найдвар асар их  гэдгийг ойлгож байна. Энэ салбартаа бодитой  үр дүн гаргахын тулд хамт олноороо хичээн ажиллах болно. 

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү