Т.Бат-Эрдэнэ: Бид алдсан байж магадгүй. Гэхдээ зөв зүйл нь давамгайлна

: 249 өдрийн өмнө / 2016-12-16 11:55:43

Нийслэлийн засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч асан Т.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Өнгөрсөн сонгуулийн үр дүнд МАН хоёр шатны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж нийслэлд эрх барьж байна. Таны хувьд шинээр томилогдсон хотын удирдлагууд өнгөрсөн зургаан сарын хугацаанд эрхээ хэр хэрэгжүүлсэн гэж бодож байна?

-2016 оны Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн болон орон нутгийн сонгуулийн үр дүнд МАН үнэмлэхүй ялалт байгуулж Улаанбаатар хотыг удирдах эрхийг бүх шатанд нь авсан. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд нийслэлд эрх барьж байгаа дарга нар иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг яаж шийдвэрлэж байгааг хөндлөнгөөс ажиглагчийн хувиар харж суулаа.  Хэвлэл мэдээллээс авсан мэдээллээр Улаанбаатар хотын шинэ удирдлагууд ажлаа төрийн албан хаагчдыг ажлаас нь халж сэлгэхээс эхэлсэн байна.

Өнгөрсөн намар Улаанбаатар хотын тулгамдаж буй томоохон асуудал болсон золбин нохдын тухай яригдаж эхэлсэн. Үүнийг ямар арга, замаар шийдэх нь вэ гээд харж байтал спираль тавих гэж байна гэдэг зүйл яригдаж энэ нь араасаа хүчтэй шүүмжлэл дагуулсныг хүн бүхэн мэдэж байгаа.

Үүний дараа Чингисийн талбайд маш өндөр үнэтэй шоу тоглолтыг зохион байгуулсан байна.  Саяхан буюу арваннэгдүгээр сард Улаанбаатар хотод их хэмжээний цас орсон. Магадгүй саяны орсон их цас нийслэлийн шинэ удирдлагуудын удирдах болон зохион байгуулах чадварыг нь сорьсон юм болов уу гэж би хувьдаа харж байгаа.

Хоёроос гурван хоног орсон цасны улмаас зам талбайд халтиргаа үүсэх, дагтарших зэрэг асуудлууд өмнө нь гардаг л байсан. Энэ сорилтыг л засаг  дарга маань яаж даван туулахыг ажиглаж суухад олигтой ажил хийж чадалгүй байсаар байгаад л өнгөрүүлчихлээ.

Үгүй яахав, хотын дарга өөрөө гудамжинд гарч цас цэвэрлэлээ.  Ер нь бол засаг даргыг гудамжид гарч цас цэвэрлэ гэж биш асуудлыг арай өөрөөр шийдвэрлээсэй гэсэндээ сонгодог болов уу гэж боддог. Түүнээс биш манай тохижилт үйлчилгээний компанийн ажилтнууд маань засаг даргаасаа муу замаа  цэвэрлэж байгаа гэж би үзэхгүй байна.

Энэ бүхний дараа нийслэлийн шинэ удирдлагууд “Аз жаргалтай Улаанбаатар” гэдэг цэнгүүн зохион байгууллаа, зохион байгуулсан цэнгүүнд нь очиж дуулсан алдартай дуучин зодууллаа гэх мэт мэдээллийг хэвлэл мэдээллээс олж уншсан.

Энэ мэт байдлаас дүгнэлт хийхэд, Улаанбаатар хотын засаг дарга буюу түүний удирдлагын багт багтаж байгаа хүмүүс нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, орчинд амьдрах нөхцлийг сайжруулах  гэх мэт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх тал дээр тархи нь ажиллаж чадсангүй. Товчхондоо өнөөгийн нийслэлийн удирдлагдуудын сэтгэлгээг Улаанбаатар хотын агаарын бохирдолтойгоо адил хэмжээнд бохир байна аа  л гэж хэлмээр байна.

-Засаг дарга ажлаа хүлээж авснаас хойш нүдэнд харагдаж гарт баригдах бодитой ажил хийж чадсангүй гэж та харж байна уу?

-Тэгж ойлгож болно. Зургаан сар гэдэг бол богино хугацаа биш. Нийслэлийн иргэдийн өмнө тулгарч буй нэг ч гэсэн асуудлыг шийдсэн, нүдэнд харагдаж, гарт баригдах зүйлийг хийсэнгүй дээ л гэж харамсан харж байна.

-Тэгвэл Э.Бат-Үүл дарга ажлаа аваад зургаан сар өнгөрч байхад яг ямар, ямар ажлуудыг санаачлан хийж байв?

-Э.Бат-Үүл дарга хамгийн түрүүнд удирдлагын багаа цуглуулчихаад өдөр, шөнөгүй хариуцлагатайгаар ажилдаа анхаарч ажиллана шүү гэж хатуу сануулж байсан. Тийм ч учраас Улаанбаатар хотод тулгамдсан ямар, ямар асуудлууд байна вэ гэдгийг бид эхний нэг сарын дотор томъёолон гаргаж ирээд танилцуулж байлаа.

Үүний үр дүнд хэд хэдэн асуудлыг шат дараатайгаар шийдсэн. Жишээлбэл, хамгийн түрүүнд нийтийн тээврийн түгжрэлийг бууруулах үүднээс зам тээврийн нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт зориулна гэдэг шийдвэрийг гаргаж байсан. Энэ ажил эхэндээ иргэд, олон нийтийн зүгээс маш их эсэргүүцэлтэй тулгарч байсан боловч одоо үр дүнтэй ажил байсан гэдэг нь ойлгогдож байна. Тухайн үед эсэргүүцэж байсан иргэд энэ шийдвэрт одоо хамгийн талархалтай хандаж, хүлээн зөвшөөрч байна. Энэ шийдвэр гарсны дараа нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо ч эрс нэмэгдсэн.

Хоёрдугаарт, Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд тухайн намар олон улсын хоёр байгууллагатай хамтарч ажиллах гэрээг байгуулж байсан. Энэ хүрээнд Дэлхийн банктай хамтраад уламжлалт хуучин зуухыг сайжруулсан шинэ технологийн зуухаар халъя гэдэг гэрээг хийж байсан. Мөн Улаанбаатар хотын ногоон байгууламжуудын тоог нэмэгдүүлэх цогц хөтөлбөрүүдийг эхлүүлэхээр тооцоо судалгааг нь гаргаж, санхүү мөнгийг нь босгож шийдсэн. Энэ мэтээр бид маш их сэтгэлээрээ ажилласан. Ажил хийхэд сэтгэл хэрэгтэй шүү дээ. Одоогийн удирдлагуудаас тийм зүйл харагдахгүй байна л даа.

-Жил, жилийн өвөлд л утааны асуудал яригддаг болоод удаж байна. Тэгвэл нийслэлийн шинэ удирдлагууд, Засгийн газрын зүгээс энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байх шиг байна?

-Өнгөрсөн  дөрвөн жилийн хугацаанд миний бие Нийслэлийн экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогчийн албыг хашиж ирсэн.  Энэ албыг хашиж байх хугацаанд агаарын бохирдол бол бидэнд тулгарч байгаа нэг ноймрын бэрхшээл, сорилт гэдгийг ойлгож ухаарсан явдал. Үүнийг даван туулахын тулд Засгийн газар болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хамтраад олон ажлуудыг санаачлан хийж хэрэгжүүлсэн.

Агаарын бохирдол гэдэг бол оношоо зөв тавиад шийдвэрлэх аргаа тодорхойлчихсон тэр нөхцөлд нөр их хөдөлмөрийн үр дүнд маш хэмжээгээр багасаж байдаг үзэгдэл. Хэрвээ хөдөлмөрийнхөө хурдыг бага зэрэг л сааруулах аваас бохирдол их хэмжээгээр нэмэгдэх жишээтэй. Ер нь бол үйл ажиллагаагаа үргэлжүүлсэн, зогсолтгүй урагшилсан бодлого төлөвлөлтийн үр дүнд агаарын бохирдол багасдаг.

Өнгөрсөн дөрвөн жилийн тухайд бид Улаанбаатар хотод агаарын бохирдлыг үүсгэж байгаа эх үүсвэрүүдийг тодорхойлон гаргаж, оношилж чадсан.  Энэ эх үүсвэрүүдээс гарч байгаа бохирдол хүний эрүүл мэндэд ямар хор нөлөө үзүүлж байна вэ гэдгийг ч бас олж тогтоосон. Нэг ёсондоо өвчний оношыг нь тодорхойлчихсон гэсэн үг. Одоо бол эмчлэх аргаа сонгож чадахгүй яваад байх шиг байна.

Ер нь аль ч нам эрх барьсан өмнөхийнхөө хийсэн зөв зүйтэй ажлуудыг үргэлжлүүлж хийгээд явах нь ухаалаг алхам болохоос, шинээр сонгогдсон хүмүүс дахиад л оношоо тавиад яваад байж болохгүй. Хотын өмнөх удирдлагууд энэ агаарын бохирдол гэдэг зүйлийн оношийг тодорхойлоод гаргаад ирчихсэн шүү дээ.

Ер нь бол гадаад орчны агаарын бохирдлыг маш ихээр ярьж байна. Үнэн хэрэг дээрээ бид өнгөрсөн хугацаанд дотоод орчны агаарын бохирдол гэдэг зүйлийг ор тас орхигдуулчихсан байсан.  Дотоод орчинд маш их хэмжээний агаарын бохирдол байдаг. Бид үр хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгдөг. Ихэнх хүмүүс оффис дээрээ өдөржин ажиллаж байгаад орой гардаг. Нэг ёсондоо бид өдрийн ихэнх цагийг оффисын барилга дотор өнгөрүүлдэг гэсэн үг. Гэтэл барилга тодорх агаарын бохирдол нь хүний биеийг хордуулж байдаг. Үүний эсрэг яаж ажиллах вэ гэдэг асуудлыг бид бас гаргаж ирсэн. Энэ утгаараа агаарын бохирдолд өртдөг нэг том объёкт бол цэцэрлэг, сургууль, албан байгууллагуудын дотоод орчин гэж ойлгож болно. Тиймээс агаар ихээр бохирддог  өвлийн улиралд цэцэрлэг, сургууль, албан байгууллагуудад дотоод орчны агаарын бохирдлыг шүүдэг филтерүүдийг зайлшгүй тавьдаг болох хэрэгтэй гэж боддог.

Агаарын бохирдлыг бууруулах бол тийм амар зүйл биш гэж түрүүнд хэлсэн. Энэ зүйлтэй тэмцэж, үгүй хийхийн тулд төр засгийн зүгээс ойрын болон алсын зорилгоо маш тодорхой болгох хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жилд авч хэрэгжүүлсэн “Сайжруулсан зуух төсөл” бол ойрын хугацааны бодлогын хүрээнд хийгдсэн ажлуудын нэг. Алсдаа эх үүсвэрүүдийг нь зогсоох замаар агаарын бохирдлоос гарна. Энэ маань юу гэхээр гэр хорооллын 150 мянга гаруй айл өрхүүдийг инженерийн шугам сүлжээнд холбож, орчин үеийн тохилог орон сууцуудаар хангах л явдал шүү дээ.

Өнгөрсөн дөрвөн жилд бид алдсан байж магадгүй. Гэхдээ зөв зүйл нь давамгайлна. Тэр бүх зөв зүйлүүдийг цааш нь үргэлжлүүлж явах нь л хамгийн чухал.

-Таныхаар одоогийн хотын удирдлагууд тэр бүх зөв зүйлүүдийг үргэлжлүүлж байна гэж боддог уу?

-Нэг зүйлийг зориуд тодотгож хэлэхэд тэд маш их удаан ажиллаж байна. Дөнгөж саяхан л Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдаж байх жишээтэй. Өвөл дундаа орчихсон үед хуралдаж байна гэдэг бол үйл ажиллагааны хурд байхгүй байгаагийн шинж.

Энэ өвөл бусад өвлүүдээс хүйтэн байх шиг байна. Нөгөөтэйгүүр эдийн засгийн доройтолтой холбогдож амжиргааны түвшин буурсан нь анзаарагдаж байна. Мөн эдийн  засаг хямарсан гэдэг шалтгаанаар өмнө нь тараагддаг байсан сайжруулсан түлш төслийг өнөө жил хэрэгжүүлэхгүйгээр зогсоосон. Ингээд ирэхээр зарим айлууд шатдаг болгоноо л шатааж байна шүү дээ. Өмнөх гурван жилд тосонд дүрсэн тоосго, дугуй шатаадаг байсан үзэгдэл огт байхгүй болсон. Харамсалтай нь одоо энэ зүйл эргээд сэргэж байх шиг байна. Гал түлдэг айлуудын хорин хувь нь буцаад дугуй шатааж, түлээд эхлэхээр нийслэлийн агаарын бохирдол тэр хэмжээгээрээ нэмэгдэх жишээтэй.

-Тэгвэл энэ байдлыг яаж шийдвэрлэх вэ?

Төрийн зүгээс татаасын бодлого, нийгмийн халамжийн бодлогыг аль ч цаг үед авч хэрэгжүүлдэг. Тэгвэл өнөөдөр гэр хороололд гал түлж амьдарч байгаа айлуудын сая яригддаг хорин хувьд  татаас өгч, халамжийн бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Нийгмийн халамжийн бодлогынхоо хүрээнд эмзэг давхаргын, түлшээ авч хүчрэхгүй, дугуй шатаагаад дулаацаж байгаа тэр айл өрхүүдэд түлшийг нь үнэ төлбөргүйгээр өгч байх хэрэгтэй юм. Монгол төрийн нийгмийн халамжийн бодлого энд л үйлчлэх ёстой.

Хоёрдугаарт сайжруулсан түлшийг шүүмжилсээр байгаад зогсоочихлоо. Харин ч  үүнийг шүүмжлэх бус дэмжих хэрэгтэй. Түүхий нүүрсийг Улаанбаатарт түлэхгүй л байх юм бол утааны асуудал ерөнхийдөө толгойны өвчин байхаа болино. Тиймээс түүхий нүүрсний үүргийг гүйцэтгэх өөр төрлийн түлшийг бид цаашдаа амьдралд нэвтрүүлэх ёстой юм. Үүн дээр улстөрийн зоримог шийдвэр гаргах шаардлагатай. УИХ-д үнэмлэхүй олонхи болж 65 суудал авсан МАН үүнийг шийдэх л хэрэгтэй.

Ярилцсан сэтгүүлч Р.Улам-Оргих

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
249 өдрийн өмнө /

Ажлаа мэддэг зөв шийдвэр гаргадаг байсан хүн болохоор асуудлыг онож зөв дүгнэлт хийжээ