Яаж Монголоо ертөнцийн хүний оюун санаанд ахин сүндэрлүүлэн босгох вэ

: 91 өдрийн өмнө / 2016-12-23 12:26:45

  

СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Урлаг судлал, утга зохиолын тэнхимийн багш, яруу найрагч Я.Баярааг “Долоо хоногийн зочин” ярилцлагын буландаа урилаа.

-ЯРУУ НАЙРГИЙГ МЭДРЭХ ҮҮ, ЯРУУ МАГТААЛД БАЯСАХ УУ ГЭДЭГ ХҮНИЙ СОНГОЛТЫН Л АСУУДАЛ-

-Удахгүй шинэ номоо өлгийдөн авах гэж байгаа юм байна. “Таслал” гэдэг нэрнээсээ эхлээд сонирхолтой юм?

-2011 онд “ЦӨН” гэж шүлгийн түүвэр хэвлүүлснээс хойш ном бүтээл хэвлүүлэлгүй өдийг хүргэжээ. Манай яруу найрагч Т.Баясан, “Яруу найргийн ном бүтэх цагтаа л бүтдэг” гэж нэгэнтээ хэлж билээ. Тэр л ёсоор нэг ийм ном бүтчихлээ. “Таслал” гэдэг нэрийн хувьд шууд утгаар нь өгсөн. Өгүүлбэрт нэг утгат хэсэг төгсөхөөр таслал тавиад, цааш өөр зүйлийн тухай бичдэг дээ. Тэр л зориулалтаар нь энэ номонд “Таслал” гэдэг нэр өгсөн.

-Анх яруу найрагт хэрхэн татагдсан бэ, энэ замд алхан ороход хамгийн их нөлөөлсөн хүн тань хэн бэ?

-Өссөн орчин маань яруу найрагт дурлахад хамгийн ихээр нөлөөлсөн болов уу. Манай нутаг Улаанбаатар хотоос 1500 гаруй км-ийн зайд оршдог, Увс аймгийн Зүүнговь сум. Яруу найрагч Г.Аюурзанын “Зурагтын ганцхан суваг гардаг бяцхан суурин” гээд шүлэг бий дээ. Тийм л нэг бяцхан суурин, тэндэхийн хэл нь ч, сэтгэл нь ч эвдрээгүй хүмүүс, ажин түжин амьдрал намайг ном руу, уран зохиол руу татсан санагддаг. Ээж маань надад А үсэг заасан. Ээжийн минь уран зохиолыг хайрлах сэтгэл намайг шүлэг бичихэд бас их нөлөөлсөн гэж боддог. Гэрийн маань номын санд яруу найргийн хэдэн ном байдаг байлаа. Очирбатын Дашбалбарын “Гэрэлт хайр”, Цэгмидийн Гайтав гуайн шүлгийн түүвэр, Далхаагийн Норовын “Уулын хөх сүүдэр” роман лав байсан. Анх бичиг үсэг тайлагдсаар “Гэрэлт хайр”-ыг уншсан байх шүү. Тэндээс О.Дашбалбар гуайн өөрийгөө илэрхийлж байгаа хэлбэр, сэтгэлийг шүлгээр амилуулж чадаж байгаа байдал нь надад их сонирхолтой санагдсан. Яруу найргаар мэдрэмжээ илэрхийлэхийн амтанд энэ ном л намайг татаж оруулсан.

-Яруу найрагч байна гэдэг таны бодлоор яг юу вэ?

Яруу найрагч байна гэдэг миний бодлоор яруу найрагч л байхын нэр юм даа. Ямар нэг зам мөрийн тухай, жишээлбэл, сахил хүртсэн лам шиг ямар нэг хэмжүүр яруу найрагт байгаа ч үгүй. Байх ч үгүй болов уу. Манайд л яруу найрагчдыг соён гэгээрүүлэгч, ухаарал хайрлагч, хүлээн авалтын микрофон дээрээс хүндэтгэлийн үг хэлэгчгэж боддог байх. Математикт дурлачихсан, хүнд бодолт, гаргалгааны ард гарчихаад маадгар суугаа хүн, ёхийтлоо сууж зураг төсөл гаргачихаад дараагийнхаа байшингийн тухай яриад эхэлдэг архитекторч найзууд маань миний яруу найрагт амиа тавьдагтай агаар нэгэн санагддаг. Нэг нь тооны хэлэнд, нөгөө нь дүрсийн хэлэнд, би үгийн хэлэнд л дурлачихсан яваа.

Яруу найраг бол хүн төрөлхтөнд байсаар ирсэн уугуул мөн чанаруудын нэг. Түүнийг алдаршуулан магтах, дооршаан үзэхийн аль аль нь ч шаардлагагүй. Тиймээс яруу найргийг байгаагаар нь хүртэхэд л хангалттай.

Ер нь хүний хэлийг бүдүүн тоймоор гурван хүрээнд хувааж үзэж болмоор юм шиг. Нэгдүгээр нь, хүмүүс хоорондоо харилцахдаа хэрэглэдэг ярианы хэл, дараа нь сэтгүүл зүй, албан ажил гээд харилцааны хэл орно. Энэ хэлээр бид бие биесээ тодорхойлж, энэ хэлний хүрээнд бидний амьдрал өрнөдөг. Харин яруу найргийн хэл бол дээд хэл юм. Энэ хэл ямар нэг баримт, харилцааг бус сэтгэлийг өгүүлдэг. Үл баригдах сэтгэлийн үелзэл хөдөлгөөн, зүүд зөн, хүлээлт, ганцаардлын хэл. Энэ хэлээр ярих чадвар бяр хүч бидэнд адилхан заяадаггүйн адил хүн бүрт тэгш бус заяадаг бололтой. Хомер, Шекспир, Гёте, Бодлерын шүлгийг ертөнц даяар хэдэн мянган, хэдэн зууны турш уншсаар, мань мэтхэн нь хүртэл эх хэл рүүгээ орчуулчих санаатай нухсаар л байна. Харин тэдний цаг үеийн хаад, түшмэдүүдээс одоо нэг овгор чулуу, орд харш үлдсэн бол их юм.

-Яруу найргийн онгодоо хэрхэн хөглөдөг вэ?

-Онгодын тухай онгодгүй хүмүүс л их ярьдаг юм шиг санагддаг. Миний хувьд бол шүлэг бичмээр санагдвал суугаад бичдэг. Бичмээргүй санагдсан үед ч суугаад л биччихдэг.

-Яруу найрагчид өөр өөрийн давтагдашгүй ертөнцтэй, түүнийгээ дагаад уран бүтээл нь гэрэл сүүдэртэй янз бүр байх шиг. Орчин үеийн үеийн яруу найрагчдыг их бараан зүйл бичдэг болсон гэлцэх болжээ?

-Хүн савныхаа хэмжэээгээр л хорвоогоос хүртдэг гэдэг шүү дээ. Ер нь аливаа зүйлийг ямар өнцгөөс харж байна вэ гэдгээс л шалтгаалж байх шиг. Гэхдээ ихэнх яруу найрагч юуг ч гэрэл гэгээтэй талаас нь хардаг, гэрэл гэгээг л хөөгөөд явдаг юм шиг санагддаг. Гэхдээ мэдээж яруу найраг гэдэг бол дан ганц гэрэл гэгээ, сайн сайхныг дуулдаг юм биш. Ер нь үзэгдлийн гүн рүү нэвтрэх тусмаа шүлгийнх өнгө баргар болоод байх шиг хааяа санагддаг. Ерөөсөө үнэн гэдэг хатуу, баргар төрхтэй эд юм биш үү. Энэ бүхэн тухайн шүлэгчийн зан араншин, ямар хэлний орчинд өссөн гэх мэт олон хүчин зүйлээс хамаардаг байх. Жишээ нь Данзангийн Нямсүрэн найрагч ямар ч гүн санааг маш гэгээн шүлгээр илэрхийлдэг. Яруу найргийнх нь гүнээс яруу гаргалгаа нь гэрэлтэж байдаг.

Ямар ч яруу гаргалгаа байхгүй, хуурай тоочилт, сайхан санагдахуйц үгсээр бялдсан мөртүүдээр яг одоо манай яруу найраг үерлэж байна. Их Д.Урианхайн хоёрхон мөрийг уншаад дотор хоосроод, эсвэл амьдарч яваа утга учраа олсон юм шиг санагдаж байхад, төрийн соёрхолт шүлэгчийн тоосго шиг том туульсаас сэтгэлд торох юу ч үгүй байх жишээтэй. Гэхдээ яруу найргийг мэдрэх үү, яруу магтаалд баясах уу гэдэг хүний сонголтын л асуудал. Насаараа морины цол маягаар бичигдсэн шүлгэнд баясаад явдаг хүн ч байна. Тархи, зүрх өрөмдсөн шүлгээр сэтгэлийн таяг хийж яваа хүн ч байна. Аль алийг нь нүдэндээ хавчдаггүй хүн ч байна. Хэнийг нь ч буруутгах, дооршаах аргагүй.

- Тэгвэл та өөрийнхөө шүлгийг ямар хэв төрхөд хамруулж ойлгодог хэрэг вэ?

-Мэдэхгүй юм даа. Шүлэгчийн зовлонг шүлэгч л ойлгоно гэдэг шиг шүлэгч нөхөд маань л миний шүлгийг тодорхойлох байх. Миний бодлоор оюутан цагийн шүлгүүд маань их гэгээлэг, үзэж туулаагүй атлаа амьдралын сайн сайхныг дуулсан, амьдралын өнгөн талын сэтгэл баясгах хүчин зүйлд татагдсан янзтай байсан санагддаг. Яг тийм үедээ би 2008 онд “Нэг урлаг” номоо гаргасан. Одоо Хөвсгөл аймагт амьдарч байгаа яруу найрагч О.Элбэгтөгс найзтайгаа 50, 50 шүлэгтэй хоёр талаасаа уншигддаг ном гаргаж байлаа. Уг нь хоёулаа зуу, зуун шүлэг сонгоод байснаа хассаар яваад тавь гаруй шүлэг номонд маань орж байсан. Харин одооны шүлгүүд маань тэр үеийнхээс арай илүү тодорхой, итгэл үнэмшилтэй болсон юм шиг санагддаг. Өөрөөр өөрийгөө тодорхойлж мэдэхгүй юм.

-ЭНЭ ЦАГ ҮЕ МИНИЙ ХУВЬД СОРИЛТЫН ЦАГ ХУГАЦАА-

-“Хөх мэдрэхүй” гэдэг бүлгэмийн залуусын тухай уран зохиолын хүрээнд яригдаж эхэлсэн цаг саяхан. “Хөх мэдрэхүй” байгуулагдсан түүхээс хуваалцаач. Ер нь уран зохиолын бүлгэм гэж юуг хэлээд байна вэ?

-Урьд нь бол Монголын яруу найрагт “Дөмөн”, “Гал” гээд бүлэг, нэгдэлүүд байсан. “Дөмөн” нэгдэлд л гэхэд Д.Урианхай, Дарамын Батбаяр гэх мэт томчууд цугладаг байсан гэдэг. О.Дашбалбар, Г.Мэнд-Ооёо, Л.Мягмарсүрэн, Ү.Хүрэлбаатар нарын хамрагдаж асан “Гал” гэдэг нэгдэлийн талаар сүүлийн үед бас ярих болжээ. 1990-ээд онд О.Дашбалбар найрагчийн уран бүтээлийн үзэл санааг талархан дэмждэг залуус “ГУНУ” урсгалд хамаарч байсан түүх бий. 1991 онд Увсад номоо гаргасан “Зүс бүгэг андууд” бүлэг байна. Энэ бүлэг тухайн үедээ маш их шуугиан тарьж гарч ирсэн тухай зохиолчид одоо ч ярьдаг. Би “Зүс бүгэг андууд”-ын тухай судалгааны ном бичсэн. Ирэх ондоо багтаад гарчих байх. Үүний дараа “Хүрээ хөвгүүд” гээд бүлэг гарч ирсэн. Энэ бүлгийг П.Батхуяг зохиолч, судлаач Г.Ням-Очир, Бадрал найруулагч, яруу найрагч Д.Энхболдбаатар гээд залуус байгуулж байжээ. Люмпен Пастухын уран зохиол хэмээх тэдний шүүмж 1990-ээд оны дунд үеийн Монголын шүүмж судлалын хамгийн анхаарал татсан, хөдөлгөөнд оруулсан үйл явдал байх жишээтэй. “Хөх мэдрэхүй” бол эдгээр бүлгийн л адилаар залуу уран бүтээлчдийн нэгдэл маягаар байгуулагдсан. МУИС-ийн Утга зохиолын нэгдэл дээр төвлөн анх байгуулагдаж байлаа.

-“Хөх мэдрэхүй” бүлэг сүүлийн үед жаахан нам жим болчих шиг?

-Бид баар сав ажиллуулдаггүй, уран зохиол оролддог болохоор үргэлж хангинаж, түчигнэж байна гэж юу байхав. Анх 2008 онд “Хөх мэдрэхүй”-г байгуулснаас хойш бараг 10 гаруй жил өнгөрчихөж. Эхэн үедээ бид гудамж, галерей, номын сан, музей, супермаркет, их сургууль гээд маш олон газар яруу найргийн чөлөөт уншлага, утга зохиолын арга хэмжээ зохиодог байлаа. Бүгд оюутан байсан болохоор тэгж явах цаг зав ч байж, дур ч байж. Харин 2010 онд “Хөх мэдрэхүй” шүлгийн цоморлиг хамтын номоо гаргаснаас хойш бид тус тусын уран бүтээл, ажил руугаа анхаарал хандуулж иржээ. Угаасаа уран бүтээлийг хамтлагаараа хөгжүүлдэггүй, хувь ертөнцийн урлаг учраас бүлэглээд, дарвиад явдаг цаг хугацаанд ч бас хязгаар байх.

“Хөх мэдрэхүй”-д Н.Нарангэрэл, Б.Баясгалан, Ц.Дэлгэрмаа, Ш.Хатанбүүвэйбаатар, О.Элбэгтөгс, Ж.Оргил, М.Хангал, миний бие гээд найман залуу хамаардаг. Манай бүлгэмээс Б.Баясгалан маань “Тагтаа паблишинг” гээд компани үүсгээд давгүй амжилттай явж байгаа. Мөн өдгөө Австралид сурч байгаа Ж.Оргил маань “Валентиний захидал”, “Амьдралд тавтай морил”, ”Зүүдэнд ч оромгүй явдал” гэх мэт 10 гаруй кино зохиол бичсэн. Н.Нарангэрэл маань “Хэлний бодлогын зөвлөл”-ийг удирддаг. Бусад маань яруу найраг, хүүрнэл зохиол, шүүмж судлалын чиглэлээр ид бичицгээж байна даа. Магадгүй энэ цаг үе миний хувьд, бидний хувьд сорилтын цаг хугацаа байх. Энэ үед л бичиж чадахгүй бол цаашид хэзээ ч бичихгүй биз дээ. Тийм болохоор бичицгээж л байна. Бичих процес угаасаа их нам жим эд шүү дээ.

-ЯАЖ МОНГОЛОО ЕРТӨНЦИЙН ХҮНИЙ ОЮУН САНААНД АХИН СҮНДЭРЛҮҮЛЭН БОСГОХ ВЭ-

-Сүүлийн үед хүмүүс ном унших нь багассан, ихэссэн гэж янз бүрээр яригдаад байгаа. Таны бодлоор уншигчдын боловсрол дээшилсэн гэж боддог уу, эсвэл...?

-Сүүлийн үед уншигчдын боловсрол улам нэмэгдэж байгаа гэж бодож байна. Манай ихэнх залуус англи хэлний дундаас дээш мэдлэгтэй болчихсон байна. Бусад гадаад хэлээр ч чөлөөтэй мэдээлэл авдаг болчихсон байна. Маш олон орчуулагч гарч ирж, залуучууд шинэ юм их хийж, эрэлхийлж байна. Үүнийгээ дагаад уран зохиолын шалгуур улам бүр өндөрсөж байгаа ийм цаг үед бид амьдарч байна. Гэхдээ дан ганц уран зохиол ч биш нийгмийн бүх салбар ийм шатандаа явна. Жишээлбэл манай кино урлаг байна. Би саяхан “Итгэл”, “Шүүдэр дундуур” гээд кино үзсэн. Бас тийм бодол төрсөн. Энэ бодлоо хөгжөөж “Шүүдрээс тунасан шүүдэр”, “Итгэлээс төрсөн итгэл” хэмээх хоёр шүүмж бичсэнээ шинэ оны эхээр гарах “Харах өнцөг” номдоо оруулна.

Бид эрх чөлөөтэй нийгэмд амьдрах болсоор хүний амьдралын хоёр үеийг туулжээ. Ардчилсан хувьсгалтай чацуу залуус одоо л эхнээсээ байр сууриа олж эхэлж байна. Энэ цаг үеийг цөвүүн цаг гэлцээд байдаг улсыг би амьдралын орон зай нь хумигдаж буй хүмүүсийн гомдол гэж ойлгодог. Яг үнэндээ Чингисийн их гүрнээс хойш Монголчууд ийм эрх чөлөөтэй, гар газар, хөл хөсөр байж үзсэн юм уу? Энэ цаг үеийг бүтээж буй урт дурын хүмүүсийн гараар эх орон маань улам цэцэглэн хөгжинө гэж би үнэн голоосоо итгэдэг.

-Монголын утга зохиолд яг одоо хийх ёстой алхам, хөндөх ёстой сэдэв юу байна вэ?

-Чингисийн улс яагаад дэлхийг эзэлсэн агуу гүрэн болсон юм бэ гэдэг нууцыг бид хайх ёстой гэж боддог. Гэхдээ алдаршуулан магтахаас илүү уран яруу, утга учиртай арга замаар энэ эрэлхийллийг хиймээр. Өвөг дээдсээс минь бидэнд өвлөгдөж үлдсэн зүйлсийн талаар эргэцүүлж, гаргаж тавих хэрэгтэй юм шиг санагддаг. Учир нь манай үндэстний ой санамжийг Манж, Хятадууд янаглан хорлох, коммунистууд аймаглан устгах арга замаар арилгачихжээ.

Уран зохиолын хүрээнд 1990-ээд оноос энэ эрлийг эрчимтэй хийж ирсэн. Бидний мөн чанар юу байна, түүнийг яаж урлагаар гаргаж ирэх вэ, юу хэрэгтэй байна гэдэг дээр манай уран зохиолын хоёр том зүтгэлтэннэлээд толгой гашилгасан байдаг. Нэг нь яруу найрагч О.Дашбалбар. Энэ хүн монголын онцлог, оюун санаа урлагт хэрхэн илрэх вэ гэдэг дээр их санааширсан. Тэр санаашрал нь ГУНУ хэмээх үзэл санаанд зангидагдсан байдаг. Бас “БИШҮБИ” гээд томъёолол үүсгэчихээд яваа Д.Урианхай гуай байна. Анхааралтай уншвал энэ хоёр хүнугтаа нэг зүйлийн тухай хоёр талаас нь л бичсэн байдаг. Яаж монгол байх вэ, яаж монголоороо бүтээх вэ, яаж монголоороо хэлбэрдэх, яаж Монголоо ертөнцийн хүний оюун санаанд ахин сүндэрлүүлэн босгох вэ, өрнө, дорнын модернистуудыг дуурайж хэлбэрдэх биш, яаж монголоороо бичих вэ гэдэгт санааширсан улс.

Яг энэ мөн чанарынхаа эрэлд мордоод түүгээрээ дэлхийд мандаж байгаа зохиолчид байна. Жишээ нь, Туркийн зохиолч Орхан Памук. “Хар судар” романдаа исламын шашны ёс зүй , Туркийн соёлын асуудлыг дэлхийн ямар ч хүн ойлгохоор задалж, зарим зүйлийг нь яг Турк хүмүүс уншвал уур нь хүрмээр ёжилж, яруу мөртлөө, гүн гүнзгий хүүрнэсэн байдаг. Памукийн энэ чанар, хүүрнэл түүнд Нобелийн шагнал авчирсан. Манай зохиолчид ер нь бол энэ орон зайг олж хараад, дүүргэх гэж ажиллаж байгаа. Харамсалтай нь их түүхээ дордуулж хүүрнэхээс нэг их холдсонгүй. Миний санахаар энэ талаар хамгийн их амжилт олсон зохиолч бол Сорогдогийн Жаргалсайхан. Энэ хүн Чингис хааныг уран сайхны дүрээр олж харж, бүхэл бүтэн ертөнц бүтээчихээд яваад өгчээ. С.Жаргалсайханы “Хаан түүх”, “Жамух”, “Чингис хааны нууц түүх” гурвыг ядаж ганц удаа бүтэн уншчихвал илүүдэхгүй л болов уу. Зохиолч Г.Аюурзана мөн энэ орон зайд сүүлийн үед чамгүй их цагаа зарж байна. Түүний “Бөөгийн домог” роман манай хүүрнэл зохиол бас нэг том бүлэг нээсэн гэж боддог.

-Удахгүй шинэ он гарах гэж байна. Мэдээж шинэ ондоо олон зүйлийг хийхээр төлөвлөсөн байх. Цаашдын тань зорилгоос хуваалцвал...?

- Ирэх онд хэд хэдэн судалгааны бүтээлээ хэвлүүлэх санаатай байна. Юун түрүүн уран сайхны шүүмжийн эмхэтгэл маань “Харах өнцөг” нэрээр хэвлэгдэхээр бэлэн болоод байна. Дээр хэлсэн “Зүс бүгэг андууд”-ын тухай ном маань ч хэвлэлд үндсэндээ бэлэн болчихсон. Яг хэвлэгдэх нь тодорхой номууд гэвэл энэ хоёр байна. Бусад нь тухайн цагтаа болно биз дээ.

МЗЭ-ийн удирдлагаас санал тавьсаны дагуу бидний хэдэн залуус ЦОГ сэтгүүлийг сэргээж, гурван ч дугаар гаргаад байгаа. Дараагийн дугаар нь ирэх нэгдүгээр сард Д.Нямсүрэн найрагчаар голлож гарахаар агуулгаа бүрдүүлж эхлээд байна. Энэ сэтгүүлийн ажил ирэх онд мөн үргэлжлэх байх. Одоохондоо ийм л сонинтой байх шив дээ.

ЭСЭЭ 1

Нүүдэл тосон гарахаар, цай цүүгээ зэхэх заншил
Зүүд л болж үлдэх ирээдүй
Сүүтэйгээ цуг хөхөж өссөн эх хэлнийхээ
Сүүлчийн яруу найрагч нь гэх хар совин
Цуурын бүүдэн аялгуу шиг цээжний мухраас цуурайлна...
Хэрэв энэ бүхэн үгүй болвол
Хэнийхээ төлөө амьдрах хэрэг вэ гэхээс
Зундуйн Дорж гэх омголон өвгөний өмнө
Зуун зуун буруутай мэт санагдана
Биеийн зовлон, эдийн гачлан төдийгүй
бичсэн хэдэн мөр минь хүртэл
Бирдийн хоосон ходоодноос дуулдах
Биегүй хоосон авиа мэт санагдана...

ЭХЛЭЛ

Г.Баярт

Хавар бүхэн газраар нэг
Хайлган цэцэгс дэлгэрэх болно
Халуун уургаа хөхсөн нярайн
Хариугүй турьхан гар
Эхийнхээ хөхөнд хүрэх болно
Бядан явсан бидний зам
Тэнүүлчний жим биш гэдгийг
Бичсэн мөрийг минь илбэн таалах
Цагийн салхин шивнэх болно
Буцах хаяггүй захидалын буланд
Цэцэг зурсан булбарай хүү
Анир гүмхэн тал нутгийн дууг
Аялан дуулсаар хэлд орно
Үхрийн жим дээр ургасан цэцэг шиг
Үдийн зуурхан өнгөрөх амьдрал
Үхлийн хилийг давсан мөчөөсөө л
Үнэн ёсоороо эхлэх болно.

БҮҮВЭЙ...

Сэрэмж алдаж, нэгэн агшинд дэнсэлсэн
Сэтгэлийн гүнээсээ бүүвэй аялаж суунам
Хэзээ л ингэж, эр сэтгэл минь нялхраад
Хэнхдэг дотроо хайлахын чинээ саналаа

Эртийн амин үгийг хэн нэгэн шивнэх шиг
Энэ дууны аялгуунд амьдралын нууц бий
Энэ дууг аялсаар зүрхнээс зүрхэнд өртөөлсөн
Эрт балрын совин судсанд минь лугшиж бий

Агуйн хүний гунигаар одоо би гуниж
Анх гал үзсэн мэт хөөрөн баясаж
Сонор хэнгэрэгт минь энэ аялгуу үүрлэснээс л
Солиорчихолгүй өдий хүрснээ ухаарч байна.

Эх сурвалж: Өдрийн сонин, О.Өнөрцэцэг

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
ааа
88 өдрийн өмнө /

Яруу найрагч хүнд байгалиас ховор авьяас заяагдсан. Мөхөс би бээр яагаад ч яруу найргийг гүйцэд сайн ойлгож чаддаггүй. Ном эрдэмгүй дээ биш, ном эрдмийн тухайд ярьвал ямар ч яруу найрагчаас илүү эрдэм мэдлэг байна, харин яруу найраг гэдэг бол өвөрмөц авьяас. За тэр ч яахав. Яаж ертөнцийн чихэнд монголыг хүргэх вэ гэнэ үү. Ертөнцийн чихэнд михэд гэж томоор яриад яахав дээ. Монгол хүн бүр толгойд нь орсон юм бүхнээр мэдэмхийрэн маргалдаж ярьж цаг гарздаж тэнэгтээд байлгүй, ажил хөдөлмөр хийж олсон орлогоороо амьдралаа аваад явж чаддаг арчаатай л болчихвол хүссэн хүсээгүй хаанахын хэний ч чихэнд очно.

зочин
91 өдрийн өмнө /

Яахав авах хаях юм байдаг ч ярилцлага боломжийн болжээ. Баяраа шиг ийм залуучууд гарч ирж байгаа нь сайн хэрэг. Уан бүтээлийн амжмлт хүсье.

Зочин
91 өдрийн өмнө /

Хүний оюун санаанд мөнгөнөөс өөр зүйл бодогдохгүй бол тэр хүнийг юу ч болгож болдог учир улс орны иргэдийг улс төрөөр тархий нь угаах гол аргын нэг болдог. Мөнгө л бодохоос оюун санааны үнэт зүйлс алга болдог. Дараагийнх нь шашин.Шашинд хэт шүтэж түүнээс өөр зүйл бодохгүй бол одоогийн исламын ертөнц шиг л болох байхдаа.Ер нь улс орноороо ядуураад ирэхээр бүхий л зүйлээрээ ядуурч түүн дээр нь тоглогчдод сайхан хөрс болдог юм бишүү Ард иргэд аргагүйн эрхэнд дээшээ тэнгэр доошоо газар хатуу болдог учир далдын хүчинд шүтэж эхэлдэг

Зочин
91 өдрийн өмнө /

Я.Баяраагийн зарим ярьсан зүйлтэй санал нийлэхгүй байна.Монголчуудын оюун санаа сүүлийн 25 жил хоосорсон шүү.Тэдний хоосорсон оюун санааг зөвхөн мөнгө, өнгө 2-г шүтэх үзлээр дүүргэсэнээс өнөөгийн эдийн засаг болоод улс төрийн хямрал үүсэх эх үүсвэр тавигдсан.Залуучууд ном уншихаа больсон учраас сэтгэхээ больсон.Тэд зөвхөн мөнгө, өнгөнд хэрэгтэй зүйлийг олж хардаг.Хүн болох багаасаа гэдэг.Боловсролын тогтолцоог хүнийг сургахтай зэрэгцээд төлөвшүүлдэг зарчимруу оруулахгүй бол бид хөгжихгүй....