Ардчилсан намын шинэчлэл: Залуусын үзэл бодол

: 89 өдрийн өмнө / 2016-12-24 18:21:29

  

В.ГАНЗОРИГ: Сайн байцгаана уу? Манай урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Ардчилсан намын  залуухан, халуухан гишүүд та бүхэнд баярлалаа! Өнөөдрийн манай дугаарт улс төр судлаач О.Чулуунбилэг, эдийн засагч Ч.Отгочулуу, АН-ын ҮЗХ-ны гишүүн Ц.Туваан, АН-ын гишүүн М.Чимэддорж нар оролцож байна. Энэ удаагийн сэдэв бол Ардчилсан Намын шинэчлэл. Та бүхний хувьд шинэчлэгдэх шалтгаан болон үндэслэлийг юу гэж харж байна вэ?

М.ЧИМЭДДОРЖ: Ардчилсан нам өнөөдрийн нийгэм, эдийн засаг, улс төрийн системд оршин тогтнохын тулд зайлшгүй өөрчлөгдөх ёстой болсон. Өөрчлөлт гэдгийг нь аваад үзвэл нэгдүгээрт, энэ намд үзэл баримтлал, үнэт зүйл гэдэг юм байсан уу? Байгаа бол тэр нь хэр итгэл үнэмшилтэй, дэмжигчидийнх амьдралд хэр нөлөөтэй юм. Хоёрдугаарт тэр итгэл үнэмшлийг нь  тээж явдаг хүмүүс байна уу? Ялангуяа намаа төлөөлөн төрийн байгууллагуудад ажиллаж байгаа хүмүүст? гэх мэт  асуултад хариулах хэрэгтэй болж байна.

Мөн улс төрийн нам бол төрийн эрх авах туйлын ганц зорилготой институт биш. Энэ бол нийгэмд байгаа тодорхой үнэт зүйлтэй хүмүүсийн төлөөлөл. Тэгэхээр улс төрийн намын хамгийн гол нэг шинж бол тэр итгэл үнэмшлийг хамгийн сайн төлөөлөх хүмүүсийг гаргаж ирж чаддаг платформ байх естой. Энэ шинж Ардчилсан намд өнөөдөр байхгүй болчихсон. Шинэчлэл өөрт нь ашиггүй бүлэг нам дотор байгаа. Хаалттай системд оршин тогтнож байсан хүмүүсийн системийг либералчлахаар өөрсдийнх нь боломжууд буурах гээд байгаа тул эсэргүүцэж байгаа л даа.

Ц.ТУВААН: Нам гэдэг бол мэдээж үзэл бодлоор нэгдсэн хүмүүсийн бөөгнөрөл. Хэн ч албадахгүй. Миний хувьд шинэчлэлийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Яагаад гэвэл намын үнэлгээ сонгуулиар л хэмжигддэг. Хамгийн том шалтгаан энэ болов уу. Хоёрдугаарт нам бол хүмүүсийн бөөгнөрөл. Гэр бүл гэж үзвэл эмээ, өвөө, үр хүүхэд, хамаатан садан бүгдээрээ байдаг. Тиймээс би шинэчлэлийг  хувь хүн талаас нь,физиологи, биологийн хувиар нь харахыг дэмжихгүй байгаа. Энэ шинэчлэл бол үзэл санааных байх ёстой.

О.ЧУЛУУНБИЛЭГ: Шинэчлэлийн тухай ойлголтын зөрүү их өөр байна. Нэг ойлголт дээрээ хүрэхгүй бол хурдан шинэчлэгдэхгүй. Ер нь бол процесс түрүүний Чимэддоржийн хэлдэгээр байнга явж байх байсан. Харамсалтай нь сүүлийн найман жил энэ процессийг хүчээр зогсоосон учраас илүү хурц түвшинд хүрчихсэн байна. Хоёрдугаарт, дүрмийнхээ дагуу бүх сонгуулиудад ялагдсан бол намыг дараагийн удирдлага, дараагийн менежмент нь авах ёстой. Гэтэл тэрийгээ хүлээн зөвшөөрдөг эрх зүйн чадамжтай нам байхаа больчихсон учраас Ардчилсан намын дотоодод ярьж байх ёстой шинэчлэл нь нийгмийн асуудал юм шиг болж хувираад байна.

В.ГАНЗОРИГ: Эрх зүйн чадамж уу, эсвэл этикийн чадамж уу?

О.ЧУЛУУНБИЛЭГ:  Уг нь дүрмэн дээрээ байдаг боловч хийгээгүй найман жил болчихсон юм. Үндэсний зөвлөлдөх хороо ротациа хийгээгүй зургаан жил болсон. Сүүлийн бүх дарга нар их хурлаар сонгогдоогүй гэх мэт ийм зүйлүүд хуримтлагдаж явсаар байгаад зайлшгүй шинэчлэл рүү л орж байна л даа.

В.ГАНЗОРИГ: Отгочулуу судлаач юу гэж харж байна?

Ч.ОТГОЧУЛУУ: Миний ойлгож байгаагаар нам бол тухайн нийгмийг хаашаа явах вэ гэдгийг зааж өгдөг. Ялангуяа Ардчилсан намын хувьд бол хүнд эрх чөлөө өгөх замаар улс хөгжих ёстой гэж итгэдэг либерал үзэлтэй хүмүүсийн нэгдэл гэж ойлгодог. Гэтэл сүүлийн жилүүдэд ямар хүмүүсийн цуглуулга болсон нь ойлгомжгүй болсон.

Нэг даргыг нөгөөгөөр солих нь шинэчлэл биш. Үүргээ гүйцэтгэж чадаж байна уу гэдэг нь л чухал. Ардчилсан нам Монгол улсын өмнө маш том хариуцлага хүлээсэн, биднээс маш их юм хүлээж байна. Гэтэл үүнд хариу өгөх чадвар маань гологдоод, цаг үеэсээ хоцроод ирлээ. Бид ард түмнээсээ тасарсан байна, хүмүүсийн амьдрал муу байхад бид зам барьснаа л яриад байдаг. Хүмүүс шинэ залуу үеийг хүсээд байхад ямар ч сонголтгүй, фракцуудын тохироогоор л хүн явуулаад байдаг. Ил тод байдал байхаа больсон. Жишээлбэл МАХН-тай нэгдээд засаг барихаар болчихов уу, МАН-тай яагаад нийлэхээ больчихов, хэн хаана очоод хэнтэй гарын үсэг зурчихав гээд намынх нь гишүүд сониноос л олж мэддэг явдлууд болсон шүү дээ. Сүүлийн хэдэн жил дандаа фракцийн толгойлогч нарт үнэнчээр ажиллана гэсэн хүмүүс энд тэндээс ороод ирдэг болсон.

Ерээд онд Монголын нийгэмд салхи оруулъя гэж байсан бол, сая 2016 онд нийгэм өөрөө Ардчилсан намд “та нар эхлээд өөрсдөдөө салхи оруул” гэж хэллээ. Одоо Ардчилсан нам ирээдүйд илүү хүчтэй, гоё болохын тулд дотоод ардчиллаа сайжруулах, үнэхээр мэдлэгтэй, ухаантай, чадалтай залуус шалгарч гарч ирэх ёстой боллоо. Заавал фракцийн ахлагчийн таалалд нийцэх гээд явах юм бол социализм нуран унасан шиг унана.

В.ГАНЗОРИГ: Та бүхний ярианаас хоёр зүйл тодорхой харагдлаа. Шинэчлэл бол зайлшгүй байна. Гэхдээ шинэчлэл гэдэг үгэн дээр ойлголтын зөрүү байгаа юм байна. Мөн дүрэм журам цаасан дээр байдаг боловч хэрэгждэггүй юм байна. Тэгвэл энэ бүхний шийдэл нь юу байж болох вэ? Та нарын оролцоо яг юу вэ? Намын гишүүдийн хувьд юу хийж чадах вэ?

М.ЧИМЭДДОРЖ: Хоёр талтай. Нэгдүгээрт одоо байгаа дүрэм журмаа хэрэгжүүлдэггүй байсан уу гэвэл байсан. Гэхдээ нөгөө талаас тэр дүрэм журам нь ч гэсэн муу. Одоо жишээлбэл Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага болох ҮЗХ-ны гишүүдийг Аймаг, Дүүргийн намын хорооны гишүүн 105 хүн сонгодог. ҮЗХ нь намын дарга сонгох, УИХ-ын болон бусад бүх сонгуулийн нэр дэвшигчдийг шийдэх зэрэг хамгийн чухал шийдвэрүүд гаргадаг. Энэ бол эрүүл засаглалын систем биш. Жирийн иргэний, жирийн гишүүний сонгох эрх ингээд замхарч байна. Ардчилсан намын удирдлагаар үнэхээр сайн хүн байсан ч гэсэн бүх гишүүдийнхээ санал, итгэл үнэмшлийн тээгч мөн гэсэн итгэл байхгүй. Тиймээс хамгийн эхлээд энэ дотоод засаглалын асуудлыг эрүүл болгох ёстой. Шинэ дүрэм хэрэгтэй. Хоёрдугаарт, хяналтын механизмаа зайлшгүй сайжруулах.

Мөн Ардчилсан нам өөрөө улс төрийн намын бас нэг үндсэн шинж болох нийгэм, засгийн хөгжлийн тодорхой бодлогогүй явж ирсэн. Хэдэн фракцийн удирдлагууд, эсвэл цөөн хэдэн хүний үзэл бодол дээр л суурилж ажилладаг. Одоо шинэчлэлийн хүрээнд намыг бодлогын институт болгох суурийг нь бүрдүүлэх естой. Бодлогын шийдвэр гаргадаг чадвартай болохгүй бол сонгуульд ялсныхаа дараа юу хийхээ мэдэхээ больчихоод байна гэсэн үг шүү дээ.

Бас нэг зүйл шинэчлэлийн бараг тал хувийг эзэлнэ. Юу гэвэл 2000 онд Ардчилсан намын дотор ялгаатай үзэл баримтлалтай намууд анх нэгдсэн юм. МҮАН либерал, Социал демократ нам илүү нийгмийн чиг баримтлалтай гарцыг санал болгодог, Үндэсний дэвшилтэт нам нь арай илүү үндэсний эрх ашиг  гэсэн асуудлыг баримталдаг ч гэдэг юм уу. Одоо бүгдээрээ сууриараа философийнхоо зөрчилд орж байна. Дараачийн сонгуульд л ялах гэсэн механик нэгдэл байсны алдаа. Намын дотоод идеологи байхгүй болсны шинж олон зүйлээр илэрдэг. Тэгэхээр намын жирийн гишүүдийн олонх нь ямар үнэт зүйлтэй, үзэл баримтлалтай  хүмүүс юм? Тэрийг энэ институци цаашаа авч явах боломж, бололцоо байна уу, үгүй юу?  гэдэг асуултад хариулах хэрэгтэй болчихоод байна. Ерөөс өнөөдөр дэлхий дахинаа үзэл санааны томоохон өөрчлөлт эхэлж байна.

В.ГАНЗОРИГ: Нэлээд язгуурын өөрчлөлтийн асуудал болж байна уу?

О.ЧУЛУУНБИЛЭГ: Ер нь бол дэлхий даяар улс төрийн хатуу үзэл баримтлалууд байхгүй болж байна л даа. Хуучин бол би коммунист, би капиталист гээд маш тодорхой байж, бараг өөр юм ярих ч хэрэггүй. Одоо бол би социал демократ, би либерал учир заавал тэгнэ гэх нь одоо нэлээд багасаж эхэлж байгаа. Хоёрдугаарт, анхандаа таван намын нэгдэл явагдаад таван өөр үзэл бодолтой байсан ч 2000 онд Ардчилсан нам байгуулагдахдаа “Ардчилсан нам бол баруун төвийн либерал нам мөн, би энэ үзэл бодлыг хүлээн зөвшөөрч байна” гээд гарын үсэг зурчихсан бол одоо тэрийг ярих утгагүй. Харин тэр хүн дотроо бөө мөргөл шүтдэг байж болно, гэхдээ Ардчилсан намын гишүүн юм бол дүрэм, үндсэн хуулийнхаа дагуу яв гэдэг шаардлагыг тавихаас өөр аргагүй. Гэхдээ Чимэддоржийг нэг зүйл дээр дэмжихэд, тэр үзэл баримтлалаа бид дүрэмд яаж байршуулснаараа л баримталж явъя гэж байгаа юм. Дүрмээ яагаад мөрдөхгүй байна гэхээр манай ихэнх сонгогчид социал-демократууд байдаг. Татвар бууруулах, халамж нэмэх гээд. Яг либерал сонгогч цөөн. Энэ тохиолдолд ямар ч мундаг Ардчилсан нам ялахгүй. Гэтэл нам чинь засгийн эрх авах шаардлага байна. Тэгэхээр одоо эхэлж халамж амалж олонх болооод, гарангуутаа либерал бодлогоо хуурч хийх юм уу? Нэг ийм зөрчил яваад байгаа юм.

Шинэчлэлийн хамгийн гол асуудал бол гишүүдийнхээ оролцоог нээх. Энэ 180 мянган гишүүн дотор ухаантай хүн байгаа, ууртай хүн ч байгаа. Жирийн үед бол гишүүд цуглаад шийдэл, санал бодлоо хуваалцаад олонхоороо шийдээд явдаг зарчимтай. Харин сүүлийн хэдэн жил тэр нь огт байхгүй болчихсон учраас, түгжрэлд орчихлоо. Саяын намын их  хурал дээр бүх түвшиндээ сонгууль явуулъя гэсэн нь юу ч хийхгүйн хажууд том алхам л даа. Харин хэрхэн, хэн зохион байгуулах вэ гэдэг бол дараагийн маргаан.

В.ГАНЗОРИГ: Туваан та ҮЗХ-ны гишүүн. Тэр түвшинд арай илүү мэдээлэлтэй байж магадгүй байх?

Ц.ТУВААН: Сая их хурлаар шинэчлэлийн алхамаа хийгээд эхэлчихсэн. Одоо сунгаа явж байна. Түрүүний хэлдэг таван нам нэгдэж нэг нам болсныг би зөв гэж бодож байгаа. Үндсэн хуулиар олгогдсон эрхийг дээдлээд, үгээ чөлөөтэй хэлэх байдлын суурин дээр л нэгдсэн. Нам мэдээж мөрийн хөтөлбөр гаргана. Тэрийгээ ард түмний саналаар олонхи болж байж хэрэгжүүлнэ. Одоогоор намаас өөр бодоод олчихсон сайн систем алга. Дээрээс нь ардчиллын зөв, бурууг бид мэдэхгүй. Ардчилалд 200 жилийн өмнө орсон нөхдүүд ч мухардалд орчихлоо. Нөхцөл байдал ийм байгаа дээр бид алхамаа хийсэн. Эхлэнэ гэдэг бол ажлын 50 хувь. Одоо бол харьцангуй нээлттэй байгаа. Та нар бүгдээрээ ороод ир. Өмнө үүссэн нөхцөл байдлыг бол ойлгохоос өөр арга байхгүй. Дандаа л  цүнхчид, кнопчид байсан гэж ярьдаг. Гэхдээ дотор нь ороод ирэхээр ондоо шүү.

О.ЧУЛУУНБИЛЭГ: Манай намын лидерүүд, ҮЗХ-ны гишүүд, эсвэл гишүүн байсан хүмүүс яг л ийм юм ярьдаг.  Манай намын залуучууд залхуу байна. Та нар намд орж ирэхээрээ мэднэ,ҮЗХ их өөр гэх мэт. Гэтэл би энэ намд идэвхтэй гишүүн болоод 10 гаруй жил боллоо. Дөнгөж 30 настай байхад ҮЗХ гишүүн болъё гэж бодоод ирэхэд таг зогсчихсон. Одоо би 38 настай. Уучлаарай миний залуу нас одоо байхгүй. Одоо би Ардчилсан намын залуу гишүүн гэж нэрлэгдвэл утгагүй. Ингээд хаалга үүдийг нь нээж өгөөгүй байж, “чухал юм байдаг юм, цаг нь болохоор ойлгоно” гэдэг. Хаалгаа нээж, шудрага өрсөлдөөн, сонгуулийн системтэй байж л зөв голдрилдоо орно.

В.ГАНЗОРИГ: Намууд ялгарах юмгүй болчихлоо гэж байна. Нөгөө талаасаа институцийн хувьд хатуу гишүүнчлэлгүй байя гэж байна. Энэ нь та нарын ярьж байгаа шинэчлэлийн шийдэл дунд  орж байгаа сэдэв мөн үү?

Ц.ТУВААН: Мөн. Үүн дээр татвараа төлөөд, саналын эрхтэй гишүүнтэй байя гэх мэт гурван түвшний гишүүнчлэлийн талаар яригдаж байгаа. Арай илүү олныг хамрах, жишээлбэл заавал гишүүн болмооргүй мөртлөө Ардчилсан намын явуулж байгаа зарим бодлого, хөтөлбөрийг дэмждэг бол дэмжигч болоод явж болно гэх мэт.

В.ГАНЗОРИГ: Практик дээр ямар байх вэ? Би жишээ нь дэмжигч гишүүнээр бүх намууд дээр байж болох уу?

М.ЧИМЭДДОРЖ: Яг үнэн, ийм төвөгтэй асуудлууд гарч ирнэ. Ер нь бол тухайн намын үзэл баримтлалыг дэмжиж байгаа бол дэмжигч болчихно. Цаашлаад дүрмийг нь хүлээн зөвшөөрч байгаа бол гишүүн болчихож байна. Харин саналын эрх нь бол татвараа төлж байж нээгдэнэ. Гэтэл барууны зарим намууд татварыг нь чөлөөтэй тавьдаг. Тэгээд хэн ч бай хамаагүй намын дарга юмуу, төлөөллийн байгууллагын сонгуульд 5 доллар төлөөд оролц л гэдэг. Үүгээрээ ялгаатай байна.

В.ГАНЗОРИГ: Та бүхэнд байгаа энэ санаа, энэ шинэчлэлийн үйл явц ядаж талдаа хүртэл хэрэгжиж дуусахад хэр хугацаа өнгөрнө гэж бодож байна вэ?

М.ЧИМЭДДОРЖ: Сая Ардчилсан намын VI Их хурл