“Назу констракшн” 260 айлын амьдралаар тоглосон уу?

: 230 өдрийн өмнө / 2017-01-04 10:15:46

Төрийг шантаажилж, иргэдийг хохироон мөнгө босгодог башир арга компаниудын дунд бий болжээ. Үүний нэг нь “Назу констракшн”. Тус компани Засгийн газрын хэрэг эрхлэх газрын авто баазын дэргэдэх 12 давхар орон сууцны барилга, төмөр замын 70 айлын орон сууц, Онцгой байдлын ерөнхий газрын гал унтраах ангийн барилга зэрэг олон обьектыг барих нэрээр төрөөс мөнгө шантаажилж байсан тухай манай сонин өмнө нь хөндөж байсан. Тэгвэл “Назу констракшн”-ийн балаг одоо ч үргэлжилж, 260 айлын хувь заяа тодорхойгүй болоод байна.

УИХ-аар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр батлагдан, “2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн дагуу 2013 оноос нийслэлийн  24 байршилд 1547.8 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг эхлүүлсэн. Өмнө нь төрийн байгууллагаас эхлээд толгой байгууллага хүртэл нь шантаажилж сурсан компани дахин төлөвлөлтийн төсөлд оролцож эхэлжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчмын 11.5 га газарт дахин төлөвлөлт хийх эрхийн батламжийг “Назу констракшн”-д 2014 оны нэгдүгээр сард хотын дарга Э.Бат-Үүл гардуулж байв.

Дахин төлөвлөлтөд хамрагдсан хэсэгт Аж үйлдвэрийн комбинат байх үед 1980 онд ашиглалтад оруулсан ажилчдын байр байв. “Назу констракшн” тэнд таван давхар 26 барилга барьж ашиглалтад оруулна гэж төсөл танилцуулжээ. Үүний дагуу тэр орчмын айлуудтай гурвалсан гэрээ хийж, газрыг чөлөөлж эхэлсэн байна. Газар чөлөөлөх ажил 2014 оноос эхэлсэн гэсэн үг. Түүнээс хойш гурван он улирахад Баянхошууны иргэдийн газраа чөлөөлсөн газарт боссон барилга нь ердөө энэ. /Зурагт үзүүлэв/. Барилга ч гэж дээ. Таван давхар барилгын суурь л босгоод барилгын ажил таг зогсчээ.

Харин иргэд жил бүр шинэ байранд орно хэмээн хүлээсээр өнөөдөртэй золгож байна. “Назу констракшн” компани анх 260 айлтай гэрээ хийж, байрных нь бичиг баримтыг хураан авчээ. Тэднээс 40 айлын газрыг чөлөөлж байрыг нь нураан барилгаа эхлүүлсэн байна. Байргүй болсон 40 айлд барилга ашиглалтад ортол сар бүр түрээсийн 150 мянган төгрөг өгөхөөр тохиролцон гэрээ хийжээ. Гэвч компанийн зүгээс түрээсийнхээ мөнгөндөө татганаж, иргэдийг бухимдуулж эхэлсэн тухай 10 дугаар хорооны хэсгийн ахлагч Н.Баасан ярив. Түрээсийн мөнгөө эхний хэдэн сар өгч байснаа больсон гэнэ. Иргэд нэгдэн компани, холбогдох газарт гомдол гаргаж явсаар өнгөрсөн оны сонгуулийн өмнө түрээсийн мөнгөө цувуулж авчээ. Харин 2016 оны долдугаар сараас хойш өнөөг хүртэл түрээсийн мөнгөө өгөөгүй байгааг иргэд ярьж байлаа.

Байрныхаа гэрчилгээг хураалгасан 260 айл өнөөдөр байрандаа шавар наах эрхгүй, банкинд зээлэнд тавих бичиг баримтгүй гайхаж сууна.

Арьс ширний үйлдвэрийн ажилчдын хохирол ингээд зогсохгүй. “Назу констракшн” барилгаа барих хөрөнгө босгохоор дөрвөн айлын газрыг бүрмөсөн чөлөөлж банкны зээлэнд тавихаар болсноо иргэдэд дуулгасан байна. Газраа бүрмөсөн шилжүүлчихвэл 40 айл орон сууцтай болно, өгөхгүй бол барилга удааширна гэж шахсаар дөрвөн айлын газрыг шилжүүлж авсныг иргэн С.Батбаяр хэллээ. Тэрээр ажилчдын байранд 20 гаруй жил амьдарсан нэгэн. 40 айлын хувь заяаг бодож газраа компанид шилжүүлснээс хойш өнөөдөр хүртэл түрээсийн байранд амьдарч явна. Энэ тухай С.Батбаяр “2015 оны гуравдугаар сард гэрээ байгуулж газраа шилжүүлсэн. Та нар газраа чөлөөлөөд өгчихвөл банкинд зээл тавиад 40 айлын орон сууцыг барина гэж шахсаар авсан. Газраа боож хаагаад юу хийхэв гээд өгсөн. Компани ч зээлээ авсан юм билээ. Түүнээс хойш бид асуухаар Хятад руу барилгын материалдаа явсан. Блокны үйлдвэр ашиглалтад оруулах гэж байна гэж шалтаг хэлсээр сураггүй болсон. Уг нь бидний дөрвөн айлыг арванхоёрдугаар сард багтааж байранд оруул гэж нийслэлийн захиргаанаас компанид үүрэг өгсөн ч одоо хүртэл таг байна” гэлээ. Газраа шилжүүлсэн хүмүүсийн нэг Б.Ичинхорлоо “Эмээ нь газраа шилжүүлээд гурван жил болж байна. Нас дээр гарсан би ажилчдын байранд сайхан амьдарч байсан. Гэтэл улам сайхан болгож өгнө гэж амлаад байрыг минь буулгаад газрыг минь авсан. Одоо хөлсний байр дамжаад л амьдарч байна. Хэлэх үг алга даа. Ийм насанд түрээсийн байр дамжиж явах үнэхээр хэцүү байдаг юм байна. Хол явж хөөцөлдөж чадахгүй Баянхошуугаа эргээд амьдарч байна” гэсэн юм.

ТӨСВӨӨС 9.7 ТЭРБУМЫГ ГАРГУУЛЖ АВЧЭЭ

Арьс ширний ажилч­дын байрны хэсгийн дахин төлөвлөлтийн төслийн нийт санхүүжилт 11 орчим тэрбум төгрөг юм байна. Төсөл ёсоор 26 барилга сүндэрлэх ёстой ч гурван жилийн хугацаанд нэг л барилгын зөвхөн суурь нь босчихоод байна. Гэтэл энэ хүртэл “Назу констракшн” компани нийслэлийн төсвөөс 9.7 тэрбум төгрөгийг дэд бүтэц тавих нэрээр авчээ. 10 дугаар хорооныхон “Дэд бүтцийн ажилд дорвитой зүйл хийгээгүй. Под станц барьж, бохирын шугам хоолой тавьсан” гэж байна. Төсөл гацаад байгаа шалтгаан, хэзээ үргэлжлүүлэх талаар тодруулахаар тус компанитай холбогдох гэсэн боловч мэдэж, хариуцах хүмүүс олдсонгүй.

Байраа буулгаж газраа чөлөөлсөн хүмүүсээс зарим нь өнгөрсөн хугацаанд амьдрах газаргүй болж үйлээ үзэж явааг 10 дугаар хорооныхон шогшрон ярьж байлаа. Бүр зарим нь гэр бүл салж сарнисан бол хоног төөрүүлэхийн тулд чингэлэгт амьдарч байгаад угаартаж нас барсан харамсалтай явдлыг ч тэд нуусангүй. Иргэд эрх ашгаа хамгаалахаар нэгдэн Авлигатай тэмцэх газарт хандаад байгаа аж.

Саяхныг хүртэл бор гэртээ амар жимэр амьдарч байсан 260 өрх, тэр дундаа орон гэргүй болчихоод айл айлын хаалга татаж яваа 40 айлын хувь заяаг хэрхэх талаар албаны хүмүүсээс тодрууллаа.

П.Баярхүү: “НАЗУ КОНСТРАКШН” ОЛОН ТЭРБУМ ТӨГРӨГ НИЙСЛЭЛИЙН ТӨСВӨӨС АВЧИХСАН

/Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч/


-“Назу констракшн” олон тэрбум төгрөг нийслэлийн төсвөөс авчихсан. Дэд бүтэц гэж холбоо мэдээллийнхээ сүлжээг татсан, бохирын шугамын ажил нь 10 хувьтай байгаа. Бусад ажил хийгдээгүй байна. Хотын захиргааны зүгээс компанийг иргэдийг хохиролгүй болгож, хурдан ажлаа хий гэж шахаж байгаа. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед компаниудтай болгоомжтой хандах хэрэгтэй байна. Иргэд газраа чөлөөлчихсөн байгаа учраас компани хаяад явчихвал айлуудын амьдрал хэцүүднэ.

М.Хишигт: ХҮНД НӨХЦӨЛД БАЙГАА АЙЛУУДЫГ ТҮРЭЭСЭЭР ӨӨР ОРОН СУУЦАД ОРУУЛСАН

/Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Засаг дарга/


-Дахин төлөвлөлтийн хүрээнд 2015 онд таван давхар карказ боссон. Түүнээс хойш барилгын ажил үргэлжлээгүй. Ер нь энэ төсөл бол өмнөх Засгийн үед эхлээд зогсчихсон ажил. Сонгуулийн дараа шинэ Засаг гарснаас хойш 40 айлын асуудлыг шийдэхээр ажлуудыг хийж эхэлсэн. Хайлаастад баригдсан барилгад хүнд нөхцөлд байгаа 11 айлыг оруулаад байна. Түрээсийг нь “Назу констракшн” компаниар гаргуулж, урсгал зардлыг өөрсдөө төлөх зохицуулалттай. Түүнээс гадна Баянхошууны Жанцанд баригдсан барилга ашиглалтад орвол 10 айлыг оруулахаар ярилцаж байгаа. Ямартаа ч 40 айлын асуудлыг шийдье. Дахин төлөвлөлтийг үргэлжлүүлье гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

н.Алтантөгс: ГУРАВДУГААР САРААС ЭХНИЙ ЭЭЛЖИЙН БАРИЛГЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА

/Гэр хорооллын хөгжлийн газрын мэргэжилтэн/


-Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхлүүлсэн дахин төлөвлөлтийн төслийн нийт санхүүжилт 11 орчим тэрбум төгрөг. “Назу констракшн” 9.7 тэрбум төгрөгийг нийслэлээс гаргуулж авсан байдаг. Тэр хөрөнгөөрөө цахилгаанаа бүрэн татсан. Бохирын шугам тавьсан. Одоо дулааны асуудал байгаа. Төсөл удаашраад байгаа шалтгаан хоёр талтай. Баянхошуу дэд төвийн төслийн хүрээнд 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэх дахин төлөвлөлтийн дэд бүтэц бүрэн шийдэгдээгүй байхад ажлыг эхлүүлсэн юм билээ. Дулаан, бохирын шугам бүрэн шийдэгдээгүй газарт түрүүлээд төсөл оруулчихсан. “Назу констракшн” компани хөрөнгө оруулагчаараа БНХАУ-ын компанитай хамтарсан байсан. Гэвч дээрх асуудал тулгарч, ажил удааширсан учраас хөрөнгө оруулагч компани нь гэрээгээ цуцалчихсан. Үүнээс болоод ажил улам удааширсан. Одоогоор “Назу констракшн” хоёр хөрөнгө оруулагчтай холбоо тогтоон ажиллаж байгаа гэсэн. Гуравдугаар сараас эхний ээлжийн барилгыг ашиглалтад оруулна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин, Б.Энхзаяа
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Гүндэгмаа
230 өдрийн өмнө /

Баярхүүгийн нууц намтар:Хятад руу хулгайгаар 400 машин гаргав. Дорнод хилийн харуулын дарга нарыг хахуулдан машин гаргах өдрөө хилийн эргүүл хилчдийг казармд нь байлгадаг мэх хэрэглэв.Сүүний үйлдвэрийн даргын орон тоог хахуулдаж авав. Сүүний үйлдвэрээс нийтдээ 600 сая төгрөг хувьдаа хулгайлав.Хулгайлсан мөнгөөрөө туйлж Хөнгөн бетөн компаний хувьцааг цуглуулав.Хөнгөн бетоны гол хувьцаа эзэмшигч Нэмэхбаатарын хувьцааг Хөрөнгийн биржийнхтэй хуйвалдан асар бага үнээр өөр дээрээ шилжүүлэв. Хулгай нь илэрч шоронд орохоосоо айсан Баярхүү Нэмэхбаатарт хувьцааг нь буцааж өг гэж Дээд шүүх айлдав.Ажлын болон гэрийн цэвэрлэгчдийнхээ насанд хүрээгүй охидийг жирэмслүүлж абортны мөнгө төлж зугтав.