“Эх оронч” худалдан авалт хийж, үндэсний үйлдвэрээ дэмжье, дарга нараа

: 225 өдрийн өмнө / 2017-01-09 10:14:40

“Монголд анх удаа “Экологбус” ХХК автомашины үйлдвэр байгуулж байгаль орчинд ээлтэй Евро-4 стандарт бүхий том оврын автобус үйлдвэрлэж эхэллээ” гэх мэдээ хэвлэл мэдээллээр цацагдаж эхэлсэн нь саяхан.

2014 оны нэгдүгээр сард анх нээлтээ хийж байсан “Экологбус” ХХК нь жилдээ 120 ширхэг автобус үйлдвэрлэх хүчин чадалтай. Тус компанийн автомашины үйлдвэрт монгол инженерүүд үндэсний стандартын шаардлага хангасан Евро-4 стандартын, байгаль орчинд ээлтэй J-800 цувралын эко дизель хөдөлгүүртэй утаагүй автобусыг үйлдвэрлэж, өдгөө 20 гаруй автобус нь нийслэлийн нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж байна. 

Тухайн үед “Экологбус” ХХК-ийн автомашины үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож хэлсэн үгэндээ “Би ойрын хэдэн жил мундаг ажил хийсэн дүр эсгэж тууз хайчилсангүй. Харин энэ үйлдвэрийн нээлтэд ирье гэж бодож ирлээ. Яагаад ингэж бодсон бэ гэвэл монголчууд өөрсдөө үйлдвэрлэж байж, хийж бүтээж байгаа хүмүүсээ дэмжиж байж хөгжилд хүрнэ. Энэ бол эцсийн үнэн юм” хэмээн онцолж байсан нь түүхэн үнэн билээ.

Эко автобусны үйлдвэрлэл ба бодит байдал

“Экологбус” ХХК ийнхүү нээлтээ хийгээд  удаагүй байхад нь хятадаас сэлбэг оруулж ирэн автобус угсарч байна гэх шүүмжлэл нэг бус удаа хэвлэлээр бичигдэж байв. Гэвч үнэн хэрэг дээрээ тийм биш болохыг үйлдвэрлэл явагдаж байгаа газар дээр нь очвол та мэдэх болно.

Талх хийхийн тулд тухайн талхны үйлдвэр хэзээ ч газар хагалж тариа тарьдаггүй. Юуны өмнө тариаланчид газраа хагалж тариагаа тариална. Дараа нь будааг хурааж аваад гурилын үйлдвэрт нийлүүлдэг. Гурилын үйлдвэр харин талх, нарийн боов, хэрчсэн гурилын үйлдвэрүүдэд тус бүрт нь тохирсон гурилыг үйлдвэрлэн нийлүүлсэнээр эцсийн бүтээгдхүүн хэрэглэгчдэд хүрдэг шат тэр л дамжлагатай автомашин үйлдвэрлэх процесс агаар нэг аж.

Энэ талаар инженер Н.Баттулга, “Дэлхийн авто машин үйлдвэрлэгч нар яадаг вэ. Тэд бүгд Шанхайд юм уу АНУ-д зохион байгуулагдаж байгаа аль нэг үзэсгэлэн дээр явж очоод автомашины тоног төхөөрөмжүүдээ цуглуулдаг. Дугуй хийдэг нэг нөхөр, хөдөлгүүр үйлдвэрлэдэг өөр нэг нөхөр, зөвхөн түлхүүр, машины толь хийдэг гэх мэт өөр, өөр үйл ажиллагаатай компаниуд  тэр үзэсгэлэнд очиж бүтээгдэхүүнээ танилцуулдаг.  Тэр танилцуулгаас япон, солонгос, германы автомашин үйлдвэрлэгчид бүгд шинэ төхөөрөмжүүдээ худалдаж авдаг. Дэлхийн авто машин үйлдвэрлэгчид яг л энэ зарчмаар явж байгаа” хэмээн ярив.

Энэ жишгээр тэд  ч бас монголд үйлдвэрлэдэггүй хөдөлгүүр, дугуй, толь гэх мэтийн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг импортоор оруулж ирдэг нь үнэн. Хамгийн гол нь тэнд автомашин үйлдвэрлэлийн бүхэл бүтэн зохион бүтээх товчоо ажиллаж байна. Автобусны  зураг төсөл боловсруулахаас эхлээд нэг автобус эцсийн бүтээгдэхүүн болж гарахад маш олон үйлдвэрлэлийн шат дамжлагыг дамжих аж. Мэдээж энэ бүхэн бүгд монгол инженерүүдийн ур ухаан, авьяас чадвар, нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болж байгаа нь гарцаагүй. Зүгээр нэг хэдэн сэлбэг оруулж ирээд бидний нэрлэж заншснаар томхон зааланд угсаараад эко автобус хэмээн нэрийдэн зах зээлд  шахдаг гэвэл тэрэн шиг ташаа ойлголт үгүй.



Үйлдвэрийн заал нь хүртэл олон улсын шаардлагад нийцсэн тусгай стандартыг хангасан байх бөгөөд тэнд автобус угсарахад шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжүүд суурилагдсан байх аж.  Даанч тус үйлдвэр жил орчмын өмнөөс автобус үйлдвэрлэлдээ түр зогсолт хийсний улмаас биднийг очиход үйлдвэр нам жимхэн байв. Үйлдвэр  нийтдээ 60 гаруй инженер техникийн ажилтнуудтай бөгөөд үйлдвэрлэл зогссонтой холбогдуулж 40 орчим ажилтан нь тодорхойгүй хугацаагаар чөлөөнд суугаад байгаа гэнэ.

Харин үлдсэн 20 ажилтан нь зүгээр суусангүй. Тэд бага оврын байгальд ээлтэй цахилгаан автомашин зохион бүтээх, чиргүүлүүд, дунд оврын автобус, хуучны 66 автомашиныг аялалын авто машин болгож  тоноглох гэх мэт ажлуудыг гүйцэтгэж байгаатай нь бид сурвалжлагын явцдаа таарсан юм.  

Эко автобусны талаар жолооч, зорчигчид юу ярив

Жил гарангийн өмнөөс Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Экологбус” ХХК-ийн үйлдвэрлэсэн том оврын багтаамжийн 20 автобус шугаманд явж эхэлснийг уншигч та санаж байгаа биз ээ.

Улаанбаатар хотын ихэнх автобусууд өвлийн цагт шил нь цантдаг, удаан зорчход асар хүйтэн гэх мэтийн шүүмжлэлд өртдөг.

Тэгвэл Эко автобусаар зорчиж буй үйлчлүүлэгч иргэд, “Өвлийн цагт автубусаар зорчиход маш их хүйтэн байдаг. Үүний улмаас ханиад томуу хүрэх бол энүүхэнд. Харин эко автобусаар зорчиход ийм асуудал гардаггүй нь сайхан. Маш дулаахан,цэвэрхэн,  тав тухтай, хаа яваа газраа мэдэж болдог. Мөн автобусны хаалгаар ороход намхан учир хөл муутай болон настай хүмүүст амар байдаг”  гэх мэтээр ам сайтай байна.



Харин жолооч нарын тухайд мөн л, “Ая тухтайгаас гадна замын хөдөлгөөнд оролцоод жолоодоод явахад маш эвтэйхэн, эвдрэл гэмтэл гардаггүй. Хамгийн гол нь ямар ч цагт хар утаа хаядаггүйгээрээ солонгос автобуснаас давуу талтай. Нэг үгээр байгальд ээлтэй тээврийн хэрэгсэл” хэмээн магтан ярьцгаав.

Байгальд ээлтэй эко хэмээн тодотгож буйн учир шалтгааныг жолооч Г.Эрдэнэ гуай тайлбарлахдаа,  “Эко ч бай, солонгос ч бай аль ч автобусыг гаднаас нь харахад сайн ялгарахгүй. Гэтэл яагаад нэгийг нь утаа их хаядаг, нөгөөг нь огт утаа гаргадаггүй гэж ангилаад байгаа юм бэ. Солонгосын “Dаеwoo” автобусны тухайд хар утааг маш их хэмжээгээр ялгаруулдаг. Үүнийг өвлийн цагт замын хөдөлгөөнд оролцоод явж буй жолооч бүхэн мэднэ дээ. Харин Эко автобусны яндан дээр нь үнэрлэхэд шатсан масло, азотын ислийн үнэр огт үнэртдэггүй. Нэг үгээр утаа хаядаггүй” гэсэн юм.

Энэ талаар “Экологбус” ХХК-ийн инженер н.Мөнх-Эрдэнэ, “Бидний үйлдвэрлэсэн автобусны утаа гаргадаггүйн гол нууц бол бид автобусандаа компьютерийн удирдлагатай 6.5 литертэй хөдөлгүүр тавьж, мөн азотын ислийг задлан саармагжуулж утааг усны уур болгож гаргадаг нэмэлт төхөөрөмж суурьлуулсантай холбоотой” хэмээн тайлбарлав.

Улаанбаатар хотын замын түгжрэл, хорт утааны үүсэл хаанаас эхтэй вэ

Улаанбаатарын замын түгжрэл, автомашины хорт утаа өдгөө хэвийн хэмжээнээс хэтэрсэн шалтгаан бол нийтийн тээвэр манайд хангалттай хэмжээнд хүртлээ хөгжөөгүйтэй холбоотой хэмээн учир мэдэх хүмүүс ярьж байна. Шалтгаан нь иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхэд автобусны хүрэлцээ хангамж муу, мөн хамгийн гол зүйл болох нийтийн тээврийн үйлчилгээний дотоод орчин, тав тух гэдэг зүйл тун тааруухан байгаатай энэ нь нь холбоотой.

Үүний улмаас сүүлийн жилүүдэд иргэд нийтийн тээврийг сонгож үйлчлүүлэхээс илүүтэй аль болох хувьдаа том бага оврын автомашинтай болохыг эрмэлзэх болсон явдал нь хотын агаарын бохирдол, замын түгжрэлд  үлэмж хэмжээгээр хувь нэмрээ оруулсан хэмээн мэргэжилтнүүд дүгнэсэн байна.

Тэгвэл замын түгжрэл ба автомашины хорт утаанаас ангижрах шийдэл нь юу вэ. Түрүүнд хэлсэнчлэн Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлсэн цагт л саях хоёр асуудлаас бид ангижирч чадах нь.

Нэгэнт метро барихад хөрөнгө мөнгө хийгээд цаг хугацааны хувьд хүлээлт үүсгэх нь гарцаагүй тул одоо нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж байгаа тээврийн хэрэгслүүдийг богино хугацаанд цогцоор нь шинэчлсэнээр энэ асуудлыг шийдэж болох нь.



Өдгөө Улаанбаатар хотын хэмжээнд 900 гаруй том оврын автобус иргэдэд үйлчилж байгаагийн 400-аас бусад нь аль хэдийнэ “жагсаалтаас гарах” цаг нь болсон гэнэ.

Одоогийн байдлаар 120 автобусыг  нэн яаралтай“акт”-д гаргаж шинээр энэ хэмжээний автобусыг төр худалдаж авахаар яригдаж байгаа аж. Харамсалтай нь хаанаас вэ гэвэл солонгос улсаас, өнөөх л утаа ялгаруулдаг “Daewoo”-гоо гэнэ. Солонгосчууд хүртэл энэ автобусныхаа хор хөнөөлийг нь олж мэдээд өөрийн эх орондоо үйлчилгээнд явуулахыг нь хориглочихоод байхад манайхан харин утаан дээрээ утаа нэмэрлэж бусад улсын гологдлыг оруулж ирэх гээд байгаа нь ойлгомжгүй.

“Яг үнэндээ өнөөдрийн байдлаар бидэнд  эргэлтийн хөрөнгө гэх зүйл алга. Улаанбаатар хотыг нийтийн тээврээр хангах бол төрийн өөрийнх нь үүрэг шүү дээ. Төр энэ үүргээ биелүүлэхдээ эх оронч хандлага гаргаж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй байна.  Дотоодын энэ мэт нөөц бололцоогоо харахгүйгээр гаднаас худалдан авалт хийвэл үнэхээр харамсалтай хэрэг болно.

Үе, үеийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөсөө эхлээд манай үйлдвэр дээр ирээд дэмжинэ гэдгээ хэлдэг ч цагаа тулахаар гаднаас худалдан авалт хийх гээд байдаг нь үнэн. Хэрвээ ингэх юм бол бид энд үйлдвэрлэл эрхэлсэн нэртэй, банкны өр зээлэнд баригдаж суух шаардлагагүй”” хэмээн “Экологбус” ХХК-ийн удирдлагууд гомдолтойгоор ярьж байгаа нь нэгийг өгүүлнэ.

Тэгвэл байгальд ээлтэй, иргэд үйлчлүүлэхэд ая тухтай гэдэг нь нэгэнт батлагдчихсан эх орондоо үйлдвэрлэсэн эко автобусуудыг олноор нь биш юмаа гэхэд одоо худалдан авахаар яригдаж байгаа 120 автобусаа “Экологбус” ХХК-д захиалга өгөөд хийлгүүлэх нь юу нь буруу гэж.  Харин ч эдийн засаг хямарсан энэ үед гадагшаа валют урсгахын оронд дотоодынхоо нэг ч гэсэн үйлдвэрийг дэмжээд автобус үйлдвэрлэх захиалга өгвөл хаа, хаанаа өгөөжтэй, үр дүнтэй алхам болно.

Чингэвээс үндэсний маань ганц ч гэсэн үйлдвэр эдийн засгийн хувьд хөл дээрээ бат зогсон, үйлдвэрлэл сэргэх төдийгүй тэнд ажиллаж буй инженер, зохион бүтээгчдийн ур чадвар ч дагаад өсөн нэмэгдэх нь гарцаагүй. Үр дүнд нь нэгэн цагт бид дан ганц эко автобус гэлтгүй дэлхийн эко автомашин үйлдвэрлэлийн зах зээлд хүч сориход ч болохгүй гэх зүйлгүй.

Үүний тулд төрийн оновчтой бодлого, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжсэн “эх оронч” худалдан авалт л Экологбус ХХК шиг компаниудад одоохондоо ус агаар мэт хэрэгтэй байна даа, дарга нар минь.

Дашрамд дуулгахад, Экологбус ХХК-ийн тухайд 2014 онд зарлагдсан Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт оролцсон найман компаниас хамгийн бага үнийн санал ирүүлж уг тендэрт ялалт байгуулж байсан аж.  Мөн энэ өртгийн 50 хувь нь эх орондоо үлдсэн байна. 

Р.Улам-Оргих

 
J-800T МАРКЫН МОНГОЛ АВТОБУСЫГ ОДОО НИЙТИЙН ТЭЭВЭРТ АШИГЛАГДАЖ БАЙГАА DAEWOO BS-106 АВТОБУСТАЙ ХАРЬЦУУЛСАН, ДАВУУ ТАЛЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
 





 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
225 өдрийн өмнө /

Баялаг бүтээгчдээ дэмжих хэрэгтэй. Төр саад бүү бол. Дээр нь гадны мундаг ухаантай улсаа хөгжүүлж чадсан хүмүүсийг урьж төрийг удирдуулахсан даа гэж бодох юм. Аргаа ч барж байнадаа!!!!!!!

ЗОЧИН
225 өдрийн өмнө /

ГАДНААС ХУДАЛДАН АВЧ БАЙГАА АВТОБУСНААС ХЯМД БОЛ АВЧ БОЛЖ БАЙНА. ДААНЧ 2-3 НУГАЛСАН ҮНЭЭР Л ШАХДАГ Ш ДЭЭ. ТЭГЭХЭЭР ТООЦООЛЖ ҮЗЭХ Л ХЭРЭГТЭЙ.

Ulaanbaatar
225 өдрийн өмнө /

Том оврын гаалийн татварыг тэглэж байгаад, дотоодын үйлдвэрлэгчийнхээ татварыг нэмэгдүүлж байгаад тендерт оруулдаг овоо төр засагтай улс юм даа манайх ч

батаа
225 өдрийн өмнө /

Сүрхий ухаалаг бичсэн бна. Хотын дарга нараас илүү Монгол сэтгэлтэй сэтгүүлч бнаа. Монгол хүнийхээ ажлын байр хулгайлах оролдлого арай хийхгүй байлгүй дээ