Пак Гын Хэг эсэргүүцсэн лам өөрийгөө шатаалаа

: 171 өдрийн өмнө / 2017-01-09 13:36:28

  

БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хэ найздаа хэт итгэсний улмаас албан тушаалаасаа буухад хүрсэн. Түүний найз Чой Сун Сил гэгч нь Ерөнхийлөгчтэй дотно байдлаа ашиглан БНСУ-ын томоохон корпорациудаас их хэмжээний хөрөнгийг хандив нэрийдлээр өөрийн байгуулсан сандаа төвлөрүүлж байсны зэрэгцээ төрийн нууц баримт бичгийг засварлаж байсан нь илэрсэн.

Үүний улмаас сөрөг хүчнийхэн болон ард иргэд өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулах болсон бөгөөд үүнтэй холбогдуулан тус улсын парламент Ерөнхийлөгчдөө итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулж, олонх нь эсрэг байр суурийг илэрхийлсэн тул Пак Гын Хэ албан тушаалаасаа бууж түүний үүргийг Ерөнхий сайд нь түр орлон гүйцэтгэх болсон байдаг.

Харин Үндсэн хуулийн шүүх Пак Гын Хэд холбогдох хэргийг хэлэлцэж, 180 хоногийн хугацаанд албан тушаалаас нь огцруулах эсвэл бүрэн эрхийг нь сэргээх эсэхийг шийдвэрлэх үлдээд байгаа билээ.

Өнгөрсөн долоо хоногт гэхэд Ерөнхийлөгч Пак Гын Хэтэй холбоотой хэргийг шүүх Үндсэн хуулийн шүүх хурлын сонсгол товлогдоод байсан ч, Пак хуралд оролцоогүй шалтгаанаар хойшилсон. Улмаар пүрэв гарагт дахин товлосон ч, мөн л Ерөнхийлөгч ирээгүй юм.

Тус улсын хуульд зааснаар мэдүүлэг өгөх этгээдийг онцгой тохиолдол биш бол хүчээр шүүх танхимд дуудаж авчрах эрхгүй бөгөөд Пак Гын Хэ өөрийн биеэр ирээгүй ч гэсэн түүний бичгээр өгсөн мэдүүлэг болоод бусад гэрч нарын мэдүүлэг зэрэгт үндэслэн шүүх хурлыг цааш үргэлжлүүлэх боломжтой юм байна.

Ерөнхийлөгч дараа дараагийн шүүх хурлуудад ч ирж оролцохгүй гэдгийг түүний өмгөөлөгч нар уламжилжээ. Тэгвэл өнгөрөгч бямба гарагт Сөүл хотод дахин эсэргүүцлийн жагсаал болсон байна. Жагсагчид Пакыг албан тушаалаас нь даруй огцруулахыг шаардан 11 дэх удаагаа жагссан нь энэ юм.

Гэхдээ 2017 оны хувьд анхны эсэргүүцлийн жагсаал нь энэ удаагийнх болж байна. Энэ сарын 9-ний өдөр буюу өнөөдөр 2014 оны дөрөвдүгээр сарын 16-ны Севол хөлгийн ослоос хойшх 1,000 дахь өдөр юм. Тиймээс энэ өдрийг угтан зохион байгуулагдсан жагсаалд оролцогсод осол болсон өдөр Ерөнхийлөгч Пак Гын Хэ долоон цаг орчмын хугацаанд хаана байгаа эсэх нь тодорхойгүй байсан асуудлыг тодруулахыг шаарджээ.

Хамгийн хачирхалтай нь тус эсэргүүцлийн жагсаалд оролцсон нэгэн лам өөрийгөө шатааж, хүнд гэмтсэн хэрэг мөн гарсан байна. 1963 онд Тайваньд Засгийн газрынхаа бодлогыг эсэргүүцэн нэгэн лам өөрийгөө шатаасан харамсалтай түүх бий. Тэгвэл үүнтэй яг ижил зүйл БНСУ-ын Сөүл хотноо болох дөхжээ. 60 гаруй насны тэрхүү буддын лам энэ сарын 7-ны өдрийн шөнө болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр өөрийгөө гэнэт шатаасан байна.

Гэхдээ одоогоор хэн гэгч лам тус оролдлогыг хийсэн нь тодорхойгүй байгаа юм. Тэрбээр мөн шатахынхаа өмнө гэрээслэл шиг тэмдэглэл бичиж үлдээсэн байжээ. Түүндээ “авлигын хэрэгт сэжиглэгдэж буй Пак Гын Хэг “Эх орноосоо урвагч”-д тооцон баривчлахыг шаардсан байсан тухай Ёнхап агентлаг мэдээлсэн байна. Одоогоор лам эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд гуравдугаар зэргийн түлэгдэлттэй гэж оношлогджээ. Мөн ухаангүй байгаа юм байна.
Эх сурвалж:Монголын мэдээ сонин
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
иргэн
170 өдрийн өмнө /

Ямар ард түмэн байна, Тийм удирдагч байна. Аз шовойвол арай гайгүй хүн гарч ирнэ. Бусдаар бол тэнэг хүмүүсийн толгойг угаасан луйварчид л төрийн эрхэнд байна. Ард түмэн тэнэг биш байсан бол толгойгоо угаалгахгүй Энэ мэтийн нөхөд л бидний толгой дээр хэдэн жил зайдалсан билээ.