С.Батболд: Улаанбаатарт ирж яндан нэмж болохгүй

: 281 өдрийн өмнө / 2017-01-10 13:47:38

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан захирамжийнхаа талаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "2018 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Үүнийг ҮАБЗ дээр дэмжсэн. Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Улаанбаатарт ирээд яндан нэмж болохгүй. Мөн захирамжид дурдаагүй боловч шийдэх ёстой нэг асуудал нь машины утааны асуудал. Үүнийг үе шаттайгаар шийднэ. УБ хотын нийтийн тээврийн хэрэгслүүдийг хувийн ч бай, улсынх ч бай хайбрид буюу хосломол хөдөлгүүртэй, гаазаар ажилладаг тээврийн хэрэгсэл болгох шаардлагатай. Энгийн стандартын зуухыг зах, худалдааны төвүүдээр борлуулахгүй. Захирамжийн биелэлтэд мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт тавина. Мөн одоо ашиглаж байгаа зуухуудыг үе шаттайгаар халах ажил хийгдэх болно” гэлээ.

Хотын даргын гаргасан захирамжийн дараа Үндсэн хуулийг давсан захирамж гаргаж болох уу гэх асуулт олон нийтийн сүлжээгээр хүчтэй явсан. Уг асуудалд хотын дарга С.Батболд “Бидний зүгээс иргэдийн эрхэд халдсан шийдвэр гаргахыг хүсэхгүй байгаа ч бидний эрүүл аюулгүй амьдрах эрхэнд халдсан, үндэсний аюулгүй байдалд халдсан хэмжээнд байгаа учраас ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй байна” хэмээн хариуллаа.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрт агаарын бохирдлыг 20 хувь болгон бууруулах зорилт тавьжээ. Эннэхүү зорилтын хүрээнд амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айл өрхөд сайжруулсан түлш олгох, иргэдийг орон нутагтаа ажиллаж амьдрах боломж нөхцлөөр хангах чиглэлд аймгуудын удирдлагуудтай хамтран ажиллах, бүрэн эрхийнхээ хугацаанд хүүхдийн хоёр эмнэлэг ашиглалтад оруулах, нийслэлийн бүх сургуулийн анги танхимд агаар шүүгч байрлуулах зэрэг олон арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа энэ үеэр дуулгалаа.
Б.Сондор
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих