Ц.Нямдорж:Битгий мохоорой, хуульд, төрд, түмэнд үнэнч байгаарай

: 72 өдрийн өмнө / 2017-01-10 15:15:26

  

Авлигатай тэмцэх газрын 10 жилийн ойд зориулж УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хэлсэн үгийг хүргэж байна.

-Намайг 1994 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга байхад гаднаас ирсэн хүмүүс “Та нар авлигатай тэмцэх бие даасан байгууллагатай болооч” гэж санал хэлж байсан. Энэ үе миний Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг санаачилсан үетэй таарсан юм.

Тухайн үед “За даа, яадаг бол” гэж бодоод ажиглаад явсан. Төр, мөнгө хоёр хоорондоо холилдох, эрх мэдэлтнүүд дураараа дургих гаарч байлаа. Цагдаа, тагнуул гэх мөрддөг газрууд нь Засгийн газрын томилгоотой. Ийм үед Засгийн газраас хараат бус бие даасан байгууллага байх шаардлага улам бүр тодорхой болж байсан.

Мөнгөний эрх мэдэл зузаараад ирэхээр 2003-2004 онд шиг санаж байна, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Э.Бат-Үүл, С.Оюун нар Авлигын эсрэг хуулийн төслийг судалж, бичсэн. Тэр үед би 2005 онд УИХ-ын даргаар сонгогдсон. Тэгээд бие даасан байгууллага байгуулж цаашаа явахгүй бол дан ганц Засгийн газрын хүчээр явахгүй юм байна гээд 2007 онд хуулийг баталж байсан. Миний гарын үсэг байдаг нь ийм учиртай.

Энэ байгууллага 10 жилийн хугацаанд ажиллах гэж оролдсон. Одоогийн дарга Х.Энхжаргал чинь Б.Дангаасүрэн, Ч.Сангарагчаа, Н.Ганболд нарын дараа томилогдож байгаа Авлигатай тэмцэх газрын дөрөв дэх дарга. 10 жилд дөрвөн даргын нүүр үзээд өнөөдрийг хүрч байна.

Үнэнийг хэлэхэд, анх байгуулагдаад янз бүр болоод байхаар нь, “хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу” гэж бодох үе надад гардаг л байсан. Сүүлийн үед эрх мэдэл, мөнгөний төлөө улайрсан сүлжээ дийлдэхээ байх тал руугаа явж байна. Одоо бол би Авлигатай тэмцэх газрыг байгуулсан нь зөв болжээ гэсэн хатуу бодолтой болчихоод байгаа юм.

Авлигатай тэмцэх газар цаашдаа их зөв ажиллаж, ард түмний хуулиар хүлээлгэсэн итгэлийг дааж ажиллаж чадах юм бол байх л ёстой газар. Хэрвээ итгэл даахгүй бол хэцүүднэ шүү. Ний нуугүй ярихад, Үндсэн хуульд бичсэнээр гэмт хэрэгтэй тэмцэх эрх Засгийн газарт байдаг юм шүү дээ.

Энэ байгууллагыг Үндсэн хуулийн бус байгууллага гэдэг шүүмжлэл бий. Татан буулгах, мөрдөх эрхийг нь хурааж авах гэх мэт улс төрийн явуулгууд 2012 оноос хойшхи дөрвөн жилд гарсан шүү. Харьяаллын арван хэргийнх нь заримыг цагдаад өгье, зөвхөн соён гэгээрүүлэх газар болгоё гэсэн хуулийн төсөл ч орж ирж байсан. Тэр үед би улаан цээжээрээ хамгаалж байсан хүмүүсийн нэг. Төр, эрх мэдэл хоорондоо холилдсон нөхцөл байдал цаашид амьдрах нь ойлгомжтой болж байгаа учраас энэ байгууллагыг бэхжүүлэх нь чухал.

Яг шулуухан хэлэхэд Авлигатай тэмцэх газар улс төрийн улайрсан тэмцэлд ил далдуур хутгалдан орох явдал гарч л байсан. Би өөрсдийнх нь улаан нүүрэн дээр “Та нар улс төрийн тэмцэл явагдаж байхад хэвлэлийн хурал хийж байдаг ямар учиртай юм. Хол байгаач, наанаасаа” гэж хэлж л байсан.

Хүн бүр илэрхий мэдээд байгаа авлигын хэргийн хажуугаар нүдээ аниад өнгөрч байгаа асуудал өнөөдөр ч хүртэл гарч л байна. Одоо энэ Эрдэнэтийн асуудал гээд бид шуугиж байна.