Ким Жөн Намын үхэлтэй холбоотой баримтууд

: 159 өдрийн өмнө / 2017-02-16 11:34:08

  

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгт ах нь болох Ким Жөн Намыг өчигдөр Малайзын нийслэл Куала-Лумпур хотын нисэх онгоцны буудалд байхад нь үл таних этгээдүүд хортой зүүгээр хатган хөнөөсөн хэрэг гарсан билээ. Ким Жөн Намын үхэлтэй холбоотой баримтуудыг танд түүвэрлэн хшргэж байна. 

Ким Жөн Нам бол Умард Солонгосын удирдагч агсан Ким Жөн Ирийн ууган хүү, одоогийн удирдагч Ким Жөн Уны эцэгт нэгтэй ах байв. Жөн Нам 1971 оны тавдугаар сард Пхеньян хотод төржээ. Түүний эх Сон Хе Рим  бол Умард Солонгосын алдартай жүжигчин бөгөөд Солонгосын дайны үеэр Умардад очсон Өмнөд Солонгосын коммунист сэхээтнүүдийн охин байв. Сон Хе Рим нь Ким Жөн Ирээс 4-5 насаар эгч бөгөөд өөр залуутай хэдийн гэрлэж, нэг хүүхэдтэй болсон байхдаа Кимтэй уулзаж, хайр сэтгэлийн холбоотой болж байжээ.

Умард Солонгосын нийгмийн консерватив хэм хэмжүүрийн хувьд энэ бол байж боломгүй “бузар булай явдал” юм. Энэ шалтгааны улмаас Ким Жөн Ир олон жилийн турш эцэг Ким Ир Сенээс эхнэр, хүүгээ нууж байлаа. Жөн Намыг төрөх үед Ким Жөн Ир нь эцгийнхээ халааг авах хамгийн өндөр магадлалтай хүн байсан бөгөөд хэрвээ жүжигчин Сонтой хайр сэтгэлийн холбоотой нь олон нийтэд ил болох аваас түүний нэр хүнд навс унаж, Умардын дараагийн удирдагч болох эрмэлзэл нь талаар өнгөрч болзошгүй байлаа. Энэ харилцааны улмаас Ким Жөн Нам Пхеньяны төв дэх том орд харшид амьдардаггүй байж.

Эх нь бие махбодийн болон сэтгэцийн янз бүрийн өвчний улмаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсноор Жөн Нам эмээ болон нагац эгч Сон Хэ Рантай хамт амьдардаг болсон байна. Сон Хэ Ран нь зохиолч бөгөөд хоёр хүүхэдтэй бэлэвсэн эмэгтэй байв.

10 жилийн урт аялал

Жон Намыг нялх байхад нь авга эгч  болох Ким Гён Хи /Ким Жөн Ирийн эгч/ түүнийг өргөж авахыг оролдож байжээ. Харин бяцхан хүүг түүнд үрчлүүлэхээс татгалзсан хэдий ч энэ эмэгтэй түүнийг үргэлж дэмждэг байв. Ингээд Жөн Нам “нууц байдалд” өсч том болжээ. Өөрөөр хэлбэл, түүний хүүхэд нас том дааман хаалганы цаана өнгөрсөн байна. Ким Жөн Ир хүүдээ ухаангүй хайртай байсан бөгөөд хүүтэйгээ хамт унтаж, хооллож, гэртээ харих завгүй үедээ ч хүүтэйгээ утсаар ярьдаг байжээ. Харин нэг л өдөр Өмнөд Солонгосын эх сурвалжууд “Умард Солонгосын удирдагч Ким Ир Сен нууц ач хүүтэйгээ эцэстээ уулзлаа. Тэд маш сайн харилцаатай байдаг гэнэ” гэж мэдээлж эхэлсэн байна. 1979 онд Жөн Нам Умард Солонгосоос өөр газарт амьдрахаар 10 жилийн уртын аялалд гарчээ.

Тэрбээр Орос болон Швейцарьт сурч, франц ба англи хэлээр чөлөөтэй ярьдаг болсноор 1980-аад оны сүүлчээр Умард руу буцаж байжээ. Гадаад ертөнцийг үзэх үзэл, Пхеньян болон Вонсон хотод харьцангуй тусгаарлагдсан нийгмийг тэвчин амьдрах хэцүү байсан зэрэг нь Умард Солонгосын улс төр болон эдийн засгийн тогтолцоог шинэчлэх хэрэгтэй гэсэн бодлыг Жон Намд төрүүлжээ. Үүний улмаас эцэг Ким нь Жөн Намд уурлаж “улс төрийн хорих лагерьт хорьж, нүүрсний уурхайд ажиллуулна” гэж түүнийг нэг бус удаа сүрдүүлж байсан аж.



"Зугаацагч залуу"

Харин шоронд хоригдохгүйн тулд Жөн Нам эцгийнхээ шаардлагыг дагаж, даалгасан ажлыг нь хийхэд өөрийн амьдралын 20-иод жилийг зарцуулжээ. Гэр бүлийн бизнесийн үйл ажиллагаанд Жөн Нам оролцдог байсан хэдий ч тэрбээр Умард Солонгосын удирдагчийг өв залгамжлах хамгийн өндөр магадлалтай хүний тоонд орж байгаагүй юм. Умард Солонгосын дотоодыг аюулаас хамгаалах тогтолцоо болон бусад улс орнуудаас гадаад валют олох талаарх санаачилгыг гаргахад түүний оролцоо багагүй байсан гэлцдэг. Умард Солонгосын олон мянган иргэн өлсч үхэж байсан 1990-ээд оны хүнд бэрх үед төрийн өмчийн үйлдвэрүүдэд аудитын шалгалт хийхэд Жөн Нам оролцож, үйлдвэрүүдийн бизнесийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг шалгаж байжээ.

Харин зарим аудитын шалгалт дууссаны дараа төсвийн мөнгийг хулгайлж идсэн үйлдвэрүүдийн менежерүүдийг олны өмнө цаазалж байв. Энэ бүхнийг нүдээрээ харсан Жөн Нам өөрийн эх орон болон эцэг ба өвөг эцгийнхээ удирддаг улс орны байдалд урам нь хугарч, сэтгэлээр унахад хүрчээ. Тэрбээр 1990-ээд оны сүүлчээр гэрлэсэн бөгөөд нэгээр тогтохгүй хүүхдийн эцэг болжээ. 2000-аад оны эхэн үеэс эхлэн Жөн Нам БНАСАУ-аас өөр улс орнуудад оршин суух болжээ. Тэрбээр Макао дахь Ким овогтын орон сууцнууд болон Бээжин хотод тусгай сууцанд амьдарч байлаа. Тэрбээр гэр бүлийнхээ зарим дансыг /хэдэн тэрбум долларын/ зохицуулах эрх үүрэгтэй байжээ. Мөн Умард Солонгосын явуулж байсан зарим хууль бус бизнесийн үйл ажиллагаанд тэрбээр оролцож байсан аж.  Гэхдээ Жөн Нам мансууруулах бодис наймаалах, зэвсгийг хууль бусаар хил давуулах зэрэг ажиллагаанд хэзээ ч шууд холбогдож байгаагүй гэнэ. Харин хууль ёсны дагуу болон хууль бус үйл ажиллагаа явуулан олсон мөнгийг хуулийн байгууллагын хараа хяналтаас холуур өнгөрөөхөд тэрбээр идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг байжээ. Жөн Нам Азийн казинонуудад нэг бус удаа харагдсан нь санамсаргүй хэрэг биш юм. Тэрбээр байнга онгоцоор аялж, улмаар “зугаацагч залуу” гэдэг нэр зүүжээ.



Гэр бүлийн доторх хэрүүл тэмцэл

Жөн Нам хилийн чанадыг зорьсон 1979 он руу буцаж очъё. Тэрбээр Умард Солонгосоос явж, үүний дараа Сон Хе Рим “чи л энэ бүхнийг хийсэн. Чи хүүг минь надаас холдуулсан ...” гэж орилж хашгирах болсноор Ким Жөн Ир бор дарсанд оржээ. 1970-аад оны сүүлчээр Ким Жөн Ир Умард Солонгосын Мансүдэгийн дуу бүжгийн чуулгын бүжигчин, япон гаралтай Ко Ён Хи хэмээх бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болсон байна. Жөн Намыг гадагшаа явуулсныхаа дараа Ким Жөн Ир бүжигчин бүсгүйтэй нэг гэрт орж, гурван хүүхэдтэй болсны дундах нь Умард Солонгосын одоогийн удирдагч Ким Жөн Ун юм. Ким Жөн Ирийн бусад эхнэр болон хамтран амьдрагчдаас ялгаатай нь Ко бүсгүй Пхеньяны улс төрийн бодлогыг сонирхдог байснаас гадна Ким Жөн Ир түүнийг чин сэтгэлээсээ хайрладаг байв. Хожим нь Жөн Намын ярьснаар, түүнийг Умард Солонгосоос явсны дараа эцэг Ким Жөн Ир нь түүний үлдээсэн хоосон орон зайг нөхөхийн тулд Ко-той холбоотой болж, улмаар үр хүүхэдтэй болжээ.

Ко бол маш их хүсэл тэмүүлэлтэй хүн байлаа. Тэрбээр нөхрийнхээ ойрын туслахууд болон генералуудтай нөхөрлөж, тэдэнтэй дотно харилцаатай байжээ. 1980-аад оны сүүлчээр Жөн Намыг гадаадаас буцаж ирэхэд Кимийн гэр бүлийн ажилтнуудын дунд “Ко хүүхдүүдээ өв залгамжлагч болгохыг оролдож байна” гэсэн цуурхал хэдийн тарсан байв. 1990-ээд оны сүүлчээс 2000-аад оны эхэн үе хүртэлх хугацаанд Ко тэргүүн хатагтайн хувиар цэргийн сургуулилт, арга хэмжээнүүдэд нөхрөө дагалдан явдаг байжээ. Энэ бүхэн нь түүний хөвгүүд болох Жөн Ун болон түүний ах Жөн Чол хоёрын аль нэг нь эцгийнхээ халааг аван улс орноо удирдаж магадгүй гэсэн таамгийг дэвшүүлэхэд хүргэж байжээ. Жөн Нам 2001 оны тавдугаар сард хуурамч паспорт ашиглан Япон руу нэвтрэхийг завдсаны учир Токиогийн нисэх онгоцны буудал дээр баривчлагдсан нь Кимийн гэр бүлийнхэн болон Умард Солонгосын элитүүд ийм паспорт ашиглан гадаад улс орнууд руу явдаг болохыг олон нийтэд илчилсэн юм.

Энэ хэргийн улмаас Жөн Нам эцгийнхээ халааг авч улс орноо удирдана гэдэг нь талаар өнгөрлөө гэсэн ойлголт нийтийн дунд тархлаа. Үнэндээ бол, Жөн Намыг угсаа залгамжлагч болгох тухай яриа огт гарч байгаагүй ажээ. Харин  Ко энэ хэргийг ашиглан хөвгүүдийнхээ нэгэнд Умард Солонгосын удирдагчийн суудлыг авч өгөхийн тулд Ким Жөн Ирийг ятгасан байж магадгүй. Жөн Ун болон Жөн Нам нэг л мэдэхэд өрсөлдөгчид болж хувирсан байв.



Ким Жөн Ун эцэг нэгт ахыгаа хөнөөсөн үү?

Умард Солонгосын улс төрийн удирдагчид болон түүний удирдлагыг онилон “тогтворгүй” болгох гэсэн хүмүүсийг дарахад чиглэсэн “айлган сүрдүүлэх” ажиллагааг Ким Жөн Ун явуулж байна гэсэн мэдээ мэдээлэл өмнө нь нэг бус удаа гарч байв. Гэхдээ Жөн Уны улс төрийн ашиг сонирхол түүний эцэг нэгт ахын аминд хүрэхэд нөлөөлөөгүй байх. Жөн Нам бол Жөн Уны удирдлагыг ганхуулах аюул заналхийлэл эсвэл өрсөлдөгч нь байгаагүй юм. Түүнд ийм зүйл хийх сонирхол огт байгаагүй. Хилийн чанадад олон жил амьдарсан учраас Жөн Намын хувьд БНАСАУ-ын элитүүдийн дунд эрх мэдлийн үндэс суурийг бий болгох боломж, улс орны удирдлагыг гартаа авах ямар ч арга байгаагүй. Жөн Нам Хятадын элитүүдтэй ойр харилцаа холбоотой байсан бөгөөд тэрбээр зарим тохиолдолд Хятадын эрх баригчдын хамгаалалт дор амьдардаг байжээ. Сүүлийн хэдэн сарын хугацаанд Пхеньян гол холбоотон бөгөөд хамгийн том худалдааны түнш болох Бээжинтэй харилцаагаа сайжруулах оролдлогуудыг хийсээр байна. Жөн  Нам Хятадын эрх баригчдад хэрэггүй болоогүй цагт өөрийн ахыг хөнөөх нь Ким Жөн Уны бүс нутаг дахь геополитикийн ашиг сонирхолд нийцэхгүй.

Зохиомол яриа ба гажуудал

Жөн Нам өнгөрсөн бараг 30 жилийн хугацаанд Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гол бай, ташаа мэдээллийн сэдэв болж байлаа. Өөрийн бизнес болон хувийн чанартай үйл ажиллагаатай холбоотойгоор Жөн Намын хувьд өөрийнхөө талаарх хуурамч мэдээлэл, цуурхалд хариу мэдэгдэл хийж, няцаалт өгөх боломж маш бага байжээ. Гадныхан Умард Солонгосын удирдлага руу харахдаа зөвхөн “манан”-г харах ёстой гэсэн эцгийнхаа захиасыг тэрбээр дагадаг байсан аж. Ер нь бол, Пхеньяны эрх баригчид Жөн Намын хэргийг зохих ёсны дагуу мөрдөн шалгах боломжийг Малайзын холбогдох албаны хүмүүст олгох хэрэгтэй. Жөн Намын үхлийн талаар янз бүрийн таамгууд хэдийн гарч эхэлжээ. Тухайлбал, Жөн Нам зүрхний шигдээс туссан байсан гэж АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн Олон улс судлалын сургуулийн АНУ-Солонгос судлалын хүрээлэнгийн зочин судлаач Майкл Мэдден бичжээ.

Эх сурвалж: www.montsame.mn
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих