Байнгын хороо Өршөөлийн хуулийг ХААЛТТАЙ хэлэлцэхээр боллоо


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан. Тэрээр "Хуулийн төсөл батлагдвал 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 374 хоригдлын хорих ялыг сольж, 469 хоригдлын хорих ялаас хоёр жилийг хасаж, өсвөр насны 25 хүн нийт 1013 хоригдол хамрагдаж, 3129 хоригдол үлдэнэ. Мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнэсэн 2483, хориг ял оногдуулсан ч шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 158, хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж чөлөөлсөн 1274, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 160, нийт 3915 этгээд хамрагдана. Мөн барилдах эрхээ хасуулсан бөхчүүдийн барилдах эрхийг нэг удаа сэргээхээр хуулийн төсөлд тусгасан" гэсэн юм. 

Энэхүү хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар нээлттэй хэлэлцэж байсан боловч Ц.Мөнх-Оргил, Л.Мөнхбаатар нар хаалттай хэлэлцэх горимын санал гаргалаа. Ц.Мөнх-Оргил гишүүн "Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцдэг уламжлалтай. Хоёрдугаарт, олон хүний амьдрал, эрх чөлөөний асуудал яригддаг учраас хаалттай хэлэлцэж санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй" гэлээ. Хаалттай хэлэлцэх горимын саналыг хуралдаанд оролцож буй гишүүдийн олонх нь дэмжсэн учраас Хууль зүйн байнгын хороо хуралдаанаа хаалттай хуралдахаар боллоо. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна