Дундговьчууд наадам ТЭМДЭГЛЭХГҮЙ, баяр наадмын төсвөө ЦАР ТАХЛЫН эсрэг зарцуулна


Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын зуун жилийн баярыг тэмдэглэх асуудал цар тахлын үед хурцаар яригдаж, олны эсэргүүцлийг хүлээгээд байгаа билээ. Халдварын тархалт хот, орон нутгийн хэмжээнд эрчимжиж, өчигдрийн байдлаар Улаанбаатар хотод 934, орон нутагт 790 халдвар бүртгэгдсэн.

Эрүүл мэндийн салбарын ажилчид туйлдаа хүрсэн энэ эрсдэлтэй цаг үед наадам тэмдэглэх арван тэрбум төгрөгөө эрүүл мэндийн салбарт зарцуулж, эмч, ажилчдын цалинг нэмэх, уушги орлуулах аппарат аваасай гэж хүссэн хүмүүс ''NO NAADAM'' аянд нэгдэж, аймаг орон нутгийн удирдлагууд энэ аянд нэгдэхээ илэрхийлээд байна.

Дархан, Орхон, Завхан, Өвөрхангай,  Баянхонгорчууд наадам хийхгүй гэдгээ мэдэгдээд байсан бол Дундговьчууд мөн энэ аянд нэгдлээ.


Тодруулбал, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар захирамжаар цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан аймаг, сумын баяр наадмыг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэлээ. 

Наадам зохион байгуулах төсөв 70.1 сая төгрөгийг цар тахлын эсрэг бүрэн зарцуулна.

Энэ жишгийг нийслэл дагаж, гурван тэрбумын үнэтэй цахим наадам, арван тэрбумын үнэтэй Ардын хувьсгалын зуун жилийн баяр наадмаа цуцалж, ард түмнийхээ эрүүл мэнд, сөхөрч уначxаад байгаа эрүүл мэндийн салбартаа зарцуулах нь эрүүл ухаантай хүн бүрийн харах гарц гаргалгаа баймаар. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.84.184
    2021/07/01

    Амьд явбал наадам үзнэ гэдэг баярлалаа зөв сайхан шиидвэр бна .

    Хариулах