Хангай болон Буянт-Ухаа-2 хотхоны 800 гаруй өрх айл гудамжинд гарах нөхцөл үүсээд байна


Төрийн орон сууцны корпорац /ТОСК/-тай түрээсийн орон сууцын гэрээ байгуулсан "Хангай", "Буянт-Ухаа-2" хотхоны оршин суугчид орон сууцны метр квадратын үнийг анхны үнээр нь байлгах тухай шаардлагыг Ерөнхий сайд, Засгийн газарт хүргүүлж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Хангай болон Буянт-Ухаа-2 хотхоны 800 гаруй оршин суугчид гудамжинд гарах бодит нөхцөл үүсээд байна. Тодруулбал Хангай хотхоны оршин суугчид нэг метр, квадратын үнийг 1,280,000 төгрөг гэж ТОСК-тай анх гэрээ байгуулсан байдаг. Гэвч метр квадрат тутамд 600,000 төгрөг нэмж төлөн, 1,880,000 төгрөг төлөх ёстой гэсэн гэнэтийн шийдвэрийг гаргажээ. Мөн таван жилийн хугацаанд төлсөн түрээсийн мөнгийг орон сууцны төлбөрт тооцоогүй байна.

2019 онд “ Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх ” журмыг баталсан байдаг. Энэ хүрээнд зорилтот бүлгийн шалгаруултад орж тэнцсэн иргэд түрээсэлж буй байраа өмчлөх эрхтэй болсон. Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд олон өрх айлд эдгээр шударга бус гэнэтийн шийдвэр нь хүндрэл бэрхшээл учруулж байна гэв.

Тиймээс оршин суугчид Монгол Улсын Засгийн Газар, холбогдох эрх бүхий байгууллагад шаардлага хүргүүлжээ.

Шаардлагын тухай:

Засгийн газрын 2016 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 298 дугаар тогтоолоор баталсан түрээсийн орон сууцны нэг метр, квадратын үнийг 1,880,000 төгрөгөөр тогтоосон шийдвэрийг цуцлах

Түрээслэгчийн ТОСК-тай байгуулсан 2017 онд хийсэн “Орон сууц түрээслэх гэрээ”-гээр тохиролцсон үнэ буюу нэг метр квадратыг 1,280,000 төгрөгөөр тооцож өмчлөх

Түрээслэгчийн тухайн өдөр хүртэл төлсөн төлбөрийг түрээслээд өмчлөх асуудлыг шийдвэрлэх тухай тусгажээ.

Харин төрийг төлөөлж буй ТОСК-тай бид утсаар ярьж тодруулахад " Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын ажлын хэсэг яагаад байрны үнийг нэмсэн талаар дүгнэлт гаргасны дараа бид мэдээлэл өгнө" гэлээ. 


Л.Лхагважав



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.