Мэйк-ап артист Эрхэс: Эрэгтэй байж нүүрээ будахаа болиоч, ичээч, Монголоос зайлаач гэж их хэлүүлдэг


Мэргэжил бүхэн сайхан бас гайхалтай. 

"Би эрэгтэй хүн боловч нүүр будалтын мэргэжлээр ажиллаж, амжилт гарган, ур чадвар маань дээшилсээр байгаа" хэмээн ярих энэ залууг Эрхэс гэдэг.  

 Нийгмийн тогтсон энэ хандлагыг эвдэж, өөрийн дуртай мэргэжлээрээ амжилттай ажиллаж  яваа түүний түүхийг хүлээн авна уу. 

- Сайн байна уу? Өөрийгөө танилцуулаач.

- Намайг Эрхэс гэдэг. Одоо 20 настай. Хөгжим бүжгийн коллежийг бүжигчин мэргэжлээр төгссөн. Гэсэн хэдий ч өөрийн хүсэл сонирхлыг даган гоо сайхны салбарт карьераа эхлүүлснээс хойш хоёр дахь жилтэйгээ золгож байна. Өөрийн хобби, сонирхлоо амьдралтай ойртуулж, нүүр будалтын төрлөөр дагнан ажиллаж байгаа. Мэйк-ап артист мэргэжлийг зөвхөн эмэгтэй хүний хийх ажил гэсэн тогтсон ойлголтыг сөрж, сонголт хийсэн нь зөв байсан гэдгийг цаг хугацаа харуулна гэж би боддог.

- Бусад мэйк-ап артистаас ялгарах онцлог юу вэ?

- Монгол улсад өөр дээрээ нүүр будалт хийж, хиймэл үс зүүж, лайв хийж олон хүнд хүргэж байсан эрэгтэй артист их байхгүй. Би үүнийг анх зориглон хийж байхдаа хүмүүст сонирхолтойгоор хурдан хүргэх арга гэж бодсон.

- Монголчуудын жендэрийн хэвшмэл үзлээс үүдэн эрэгтэй мэргэжил, эмэгтэй мэргэжил гэж ангилах хандлага байдаг. Энэ ойлголтоос үүдэлтэй ямар бэрхшээлүүд гардаг вэ ? 

-  Монголд нүүр будалтын урлаг дөнгөж хөгжиж байгаа. Тэр дундаа эрэгтэй хүн мэйк-ап хийнэ гэхлээр хүмүүс огт хүлээж авдаггүй, байж болохгүй зүйл шиг ханддаг байсан. Хувь хүн өөрийн хандлага, ойлголт дээр тулгуурлаж миний сонгосон мэргэжлийг жендэрийн хэвшмэл үзэлтэй холбож ойлгодог. Өөрөөр хэлбэл, мэргэжлийнхээ дагуу өөрийгөө будах үе их олон бий. Гэтэл эрэгтэй хүн учраас нүүрээ будаж болохгүй гэсэн тогтсон хандлагаас болоод над руу дайрч давшилж, гомо юм уу гэж хэлдэг.  

Эрэгтэй юм байж нүүрээ будахаа болиоч, ичээч, Монголоос зайлаач, үхээч гэх мэт үзэн ядалт их байсан. Хувийн амьдрал луу их халддаг. Хувь чат руу хараалын үг бичдэг. Гэхдээ бусад хүн миний амьдралаар амьдраагүй, миний мэдэрч байгааг мэдрэхгүй учраас ийм үйлдэл гаргадаг гэж боддог. Одоо бол нөхцөл байдал арай өөрчлөгдсөн, хүмүүс ойлгож хүлээж авдаг болсон.

- Будалтаа амилуулахын тулд хиймэл үс, линз бусад гоёл чимэглэл ашигладаг гэсэн. Тэгвэл энэ дүр төрхийг хүмүүс хэрхэн хүлээн авдаг вэ?

- Ажил мэргэжил, хувь хүний амьдрал өөр өөр байдаг гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Жишээлбэл, загвар өмсөгч хүн  гэртээ гоё хувцас өмсөөд, нүүрээ будаад гоё алхаад байдаггүй шүү дээ. Үүнтэй адил миний мэргэжил өөрөө нүүр будалт учир өөр дээрээ амилуулж хийхийг хүсдэг. Мөн би хүмүүсийн хэвшмэл ойлголт, хандлагад нөлөөлөхүйц зүйлс хийсэн гэж боддог.  Хүн чадаж л байвал юу ч хийж болно. Тухайн хүн сонирхлоороо хийж чадаж байна, хүмүүст хэрэгтэй зүйл түгээж байна. Энэ л байх ёстой зүйл.

-Мэйк-ап артист мэргэжлээр суралцахад гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авч байсан бэ? 

-Энэ мэргэжлээр анх суралцахад ээж, эмээ гээд гэр бүлийнхэн их дэмждэг байсан. 

-Өөрийн сонирхож, хүсээгүй мэргэжил сонгон бүтэлгүйтэл, урам зориггүй амьдрал сонгон явдаг залуус олон бий. Тэгвэл нийгмийн зүгээс шүүмжлэл дагуулдаг ч өөрийн сонирхол, дуртай, зүйлээ хийж яваа хүний өнцгөөс тэдгээр хүмүүст хэлэх үг байна уу?

- Дотоод мэдрэмжээ дагах хэрэгтэй. Хүнд мөнгө хэрэгтэй. Тухайн мөнгийг стрессдэж олох уу, жаргаж олох уу гэдэг чинь өөрийн сонголт.

-Энэ мэргэжлээр  ажиллах хугацаанд гаргасан амжилт, ахиц дэвшил юу байв?

- "Mild Cosmetics"-оос зохион байгуулдаг "Beauty of Cezanne-2019" тэмцээнд анх  удаа орж шилдэг 100 артистаас гуравдугаар байр, дараагийн жил буюу 2020 онд тэргүүн байр эзэлсэн. Одоо өөрийн хувийн студи байгуулж, сургалт үйлчилгээ явуулж байна. 

-Таны цаашдын зорилго юу вэ?

- Нүүр будалтын салбарт олон эрэгтэй артистууд оруулахыг хүсдэг. Мөн хувийн гоо сайхны дэлгүүртэй болох гээд олон зүйл байгаа. Эхнээс нь хэрэгжүүлээд явж байгаадаа баяртай байна. 

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье!

Монгол улсын нийгэм, эдийн засгийн голлох салбаруудад ажил эрхэлж буй нийт иргэдийн дунд эмэгтэйчүүд  боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж зэрэг салбаруудад түлхүү ажилладаг байна. Харин барилга, тээвэр, байгалийн нөөц, эрчим хүч гэх мэт салбаруудад эрэгтэйчүүд голлодог гэсэн олон судалгаа бий. Бид өөрийн хүсээгүй зүйлээ хийхэд шантрахдаа амархан байдаг. Ямар ч урам зориггүй, амжилт ахиц дэвшилгүй замыг та өөрөө ч мэдэлгүй сонгож, өөр хэн нэгэнд зөвлөж байж болзошгүй юм. Тиймээс удахгүй болох ЭЕШ-аа сайн өгч, гадны ямар нэгэн нөлөөгүйгээр өөрийн хүссэн мэргэжлээ сонгоорой. 

ЖҮХ-НЫ ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨГЖЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Д.БАТХИШИГ: 

Жендэрийн хэвшмэл буруу ойлголтоос болж Канадын Торонто хотод Политехникт суралцаж байсан эмэгтэй оюутныг эр хүн хийх ёстой инженер мэргэжлээр суралцлаа гэж тухайн сургуулийн эрэгтэй оюутан түүний амь насыг хөнөөсөн байдаг. Энэ явдлаас болж эрэгтэйчүүд хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй гэж амлалтаа өгч "Цагаан туузтаны хөдөлгөөн" аян эхэлсэн байдаг. Жендэрийн хэвшмэл буруу ойлголт нь мэргэжил сонголт, хүүхдийн хүсэл сонирхолд маш хортой үр дүн авчирдаг. Хүйсийн байдлаас үл шалтгаалан хүн бүр өөрийн хүссэн мэргэжлээр  ажиллах хэрэгтэй. Энэ боломжийг хангахын тулд нийгмийн тогтсон хандлагыг өөрчлөн сайжруулах хэрэгцээ шаардлага тулгарч байна. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.88.141
    2021/08/19

    hen ch hen bolj bolno. ene delhiin saihan n uund l baigaam shudee. mundag artist boshirch yvdag shu. zorisondoo zaawal hureerei

    Хариулах
  • 66.181.161.109
    2021/08/18

    Саыхан л хүү байна шүү дээ.Хүмүүс Ажил амьдралыг ялгаж салгаж ойлгомоор юм.Дуртай ажилаа хийж мөнгиыг кайфтаы олж байвал аз жаргал шүү дээ.

    Хариулах
  • 202.126.89.156
    2021/08/18

    Эр хүн будаг шунх түрхээд маягалж аягалдаг цаг ирж дээ.

    Хариулах
  • 88.116.92.142
    2021/08/18

    Өмхий гомо бузар

    Хариулах
  • 203.91.115.47
    2021/08/18

    Мундаг хүү шүү шинэчлэл хийж байгаа болхоор шүүмжлэгсэд байгаа ч дэмжигсэд олон шүү бүү шантар амжилт хүсье

    Хариулах