Өнөөдөр Б.Энхзул ДАШТ-ний алтан медалийн төлөө барилдана


Бөхийн төрлүүдийн 2021 оны залуучуудын ДАШТ даваа гаригт ОХУ-ын Уфа хотод эхэлсэн. Өчигдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо.

50 кг-ын жинд зодоглосон өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Буэнос-Айрес-2018” залуучуудын олимпын наадамд оролцож байсан, спортын мастер Б.Энхзул хагас шигшээд Туркийн Зехра Демирханыг 9:4-өөр ялснаар өнөөдөр алтан медалийн төлөө барилдахаар болсон. Тэрээр алтан медалийн төлөө АНУ-ын тамирчин Эмили Кинг Шилсонтой хүч үзнэ.

Түүнчлэн 76 кг жинд зодоглосон Ө.Одбаг хагас шигшээд Энэтхэгийн Бипашаг 9-4 харьцаагаар ялснаар хүрэл медалийн төлөө Казахстаны Дилназ Мулкиноватай барилдахаар болсон.

Мөн 55 кг-д 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Мөнхбатын Мөнхгэрэл 1/8 шигшээд Кыргызстаны Калмира Билибек Кызыд 4:6-гаар ялагдсан ч өнөөдөр дагаж барилдахаар болов.

Тэрээр дагах барилдаанд АНУ-ын тамирчин Пейтон Жейн Струдтай барилдах бөгөөд ялбал хүрэл медалийн төлөө ОХУ-ын Анастасиа Иандушкинатай барилдана.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна