Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт, шалгалтын ажил хийж байна

Өчигдөр 10 цаг 03 минут

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт тарваган тахал болон хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын үзлэг, тандалт хийх үүргийг холбогдох албаныханд өглөө.

Үзлэг хяналт наймдугаар сарын 15-наас эхэлсэн бөгөөд 60 хоног үргэлжилнэ.  Ингэхдээ мэргэжлийн байгууллагын албан хаагчдыг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулж,  сургалт явуулж, дадлагажуулахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

БОАЖ-ын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар монгол орны хэмжээнд тарвага агнахыг гурван жилийн хугацаанд хориглосон. Гэтэл тарваганы мах, түүхий эд, дайвар бүтээгдэхүүн тээвэрлэсэн зөрчил 2020 онд 115, 2021 онд 61 удаа гарсныг илрүүлэн, Зөрчлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэсэн байна. Зөрчил дийлэнхдээ Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл аймгаас ирж буй тээврийн хэрэгслээс илэрч байгааг  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар онцоллоо.

Улсын хэмжээнд 17 аймгийн 137 сум тарваган тахлын голомттой болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоогоод байгаа юм.

Тарвагыг хууль бусаар агнасан, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол Зөрчлийн тухай хуульд зааснаар иргэнийг 300 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг гурван сая төгрөгөөр торгож, бодгаль тус бүрийн экологи, эдийн засгийн үнэлгээгээр нөхөн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж тооцдог. Нөхөн төлбөрийн хэмжээ нь 252-420 мянган төгрөг байдаг.

Эргэж холбогдох утасны дугааргүй, эзэн тодорхойгүй ачаанаас хууль бус ан илэрвэл жолооч нарт хариуцлага тооцдог гэдгийг мэргэжилтэн сануулж байна.

Эх сурвалж: НЗДТГ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна