Өчигдөр зам тээврийн ослын улмаас нэг хүн нас барлаа


Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд өчигдөр зам тээврийн ослын шинжтэй 214 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас есөн хүн гэмтэж, нэг нь амиа алджээ.

Мотоциклтой замын хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалалтын малгай хамгаалах хэрэгслийг тогтмол өмсөх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хурд хэтрүүлэхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав.

Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 79 зөрчлийг хяналт, шалгалтаар илрүүлжээ.

Мөн торгуулийн өршөөлд хамрагдахын тулд аравдугаар сарын 1-нээс өмнө торгуулийнхаа 50 хувийг төлөх шаардлагатайг ТЦА-наас санууллаа. Тодруулбал, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх Өршөөл үзүүлэх тухай хууль өнгөрсөн сарын 6-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Уг хуульд, 2017 оны долдугаар сарын 1-нээс 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн хооронд Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн иргэд зөрчлийн торгуулийн 50 хувийг аравдугаар сарын 1-ний дотор төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөхөөр тусгагдсан. Хэрэв төлөөгүй тохиолдолд Өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна