“Топ 20”-ыг өнгөлж буй ТОП 5 компани


Монголын хөрөнгийн зах зээл энэ онд гойд идэвхтэй байгаа тоо баримт харуулж байна. 30 жилийн түүхэндээ олж үзээгүй ашгаа энэ жилийн хагаст нь л олж чадав. Анхны их наяд төгрөгөөр үнэлэгдсэн компани ч төрөн гарч ирэв. Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны I ангилалд бүртгэлтэй  "АПУ" ХК-ийн үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 7 дугаар сарын 30-ны өдрийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 их наяд 9 тэрбум төгрөгт хүрснээр МХБ-д бүртгэлтэй компаниудаас 1 их наяд төгрөгийн үнэлгээтэй анхны компани болсон юм. 

Ингэснээр “Топ-20” индексийг зах зээлийн үнэлгээгээрээ АПУ компани илтгэл төгс тэргүүлж байна. Нэгэн үеийг бодоход Монголын хөрөнгийн биржийн “бүтээгдэхүүний” сонголт арвин болж арилжаа нь идэвхжиж байна. Хагас жилийн дотор 1.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэдэг нь хувьцааны арилжаа асар их идэвхэжсэнийг харуулж байгаа юм. Жишээ болгон “Топ-20” индексийг зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлж байгаа топ таван компанийн хувьцааны арилжааны идэвх сүүлийн гурван жилд хэрхэн өсөж ирснийг харцгаая. 

2021 оны эхний зургаан сарын арилжааны нийт дүнг харуулсан тул эдгээр таван компанийн хувьцааны арилжаа хагас жилийн дотор өмнөх жилүүдийн бүтэн жилийн дүнтэй ойролцоо зарим нь бүр давж гарсан болохыг графикаас харж болохоор байна. Тодорхой хэлбэл хагас жилийн дотор АПУ компанийн хувьцаа өмнөх оныхоос хоёр дахин, Ард Санхүүгийн нэгдэлийн хувьцаа өмнөх оныхоос 12 дахин их, Тавантолгой компанийн хувьцаа өмнөх оныхоо 34 хувиар тус тус илүү арилжигдсан байна. 

Энэ дотроос онцгой анхаарал татаж байгаа Ард Санхүүгийн нэгдэл ХК-ийн тухайд арилжааны идэвх ийн өсөхөд хэд хэдэн учир шалтгаан нөлөөлсөн байх боломжтой юм.

Тухайлбал, өнгөрсөн оны сүүлээр Монгол ТВ-ээр гарсан Аппрентис (Apprentice) шоу нэвтрүүлгийн улмаас иргэд, олон нийт тус компанийн үйл ажиллагаа, үйлчилгээ, бүтээгдэхүүний талаар нарийн тодорхой мэдээлэл авсан. Мөн он гарснаас хойш дэлхийн зах зээл дээрх криптовалютын сэргэлт болон тус компанийн гаргасан Ардкойн гадаад зах зээлд амжилттай нэвтэрснээр ханш нь огцом өссөн. Түүнчлэн Ард Санхүүгийн Нэгдлийн охин компаниуд болох “Ард даатгал” ХК, “Ард Кредит” ХК-ийн хувьцааны ханш өсөлттэй байгаагаас гадна компанийн өөрийн ашигт ажиллагаа сайжирч, хувьцаа эзэмшигчдэдээ 5.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий Ардкойныг хувь тэнцүүлсэн урамшуулал хэлбэрээр тараасан юм. 

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь 2005 оны 9 сард Employee Investment Trust буюу И Ай Ти ХХК нэртэйгээр байгуулагдсан бөгөөд Монголын анхдагч институционал хөрөнгө оруулагчийн үндэс суурь ийнхүү тавигдсан түүхтэй.

Үүнээс гадна хөрөнгө оруулалтын чиглэлээр Монголд олон жил тууштай, тогтвортой, өсөлттэй ажиллаж байгаа зах зээлийн том тоглогч билээ.  




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.24.176
    2021/08/20

    Тооны нэрээ зөв хэрэглэ.!!!Тэрбум гээд их тэрбум гэдэг нэр байдаг юм.

    Хариулах