ХЭЛЭЛЦҮҮЛЭГ:Монголд 7500 тонн хаягдал аккумлятор хуримтлагдаж, хогийн цэг болох АЮУЛ ОЙРХОН байна

2020 оны 10 сарын 13

ШӨХТГ-аас “Хаягдал аккумляторын байгаль орчинд үзүүлэх хор нөлөө, түүнийг шийдвэрлэх гарц” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Эл хэлэлцүүлгээр Монгол Улс дахь авто машины хаягдал аккумляторын химийн хорт бодисын ангилал зэрэглэл, дахин ашиглах боломж болон авто тээврийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, санаачлагууд, цаашид авах шаардлагатай арга хэмжээнүүдийн талаар хэлэлцлээ. 

Арга хэмжээнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Стандарт хэмжил зүйн ерөнхий газар зэрэг арав гаруй байгууллага оролцож дараах тулгамдаад буй асуудлын талаар харилцан санал солилцлоо.

Мөн хаягдал аккумляторыг дахин боловсруулах үйлдвэрийг манай улсад нэвтрүүлэх боломжтой эсэхийг хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр хаягдал аккумляторын байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг бууруулахын тулд дараах арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзлээ.

 Үүнд:  
•    Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг хорих
•    Замын дэд бүтцийг сайжруулах 
•    Бүх тээврийн хэрэгслийг даатгалтай болгох
•    Насжилт өндөртэй авто машинуудын импортыг хязгаарлах, хяналт тавих
•    Импортоор орж ирж байгаа хайбрид авто машины батарейг тухайн улсад нь шинэчлүүлж, бүртгэлжүүлэх
•    Хуучин аккумлятор, батарейг устгах, дахин боловсруулах үйлдвэр байгуулах

Энэ талаар МАДА-гийн Гүйцэтгэх захирал С. Баасанбаяр:

“Одоогийн байдлаар Монгол улсад 170 мянган цахилгаан авто машин хөдөлгөөнд оролцож байгаа. Жил ирэх тусам энэ тоо 30 мянгаар нэмэгддэг. Монгол улсад нийтдээ 934 мянган авто машин байгаа гэсэн тоон үзүүлэлт бий. Тэгэхээр эдгээр авто машинуудын аккумлятор хараа хяналтгүйгээр хаягдаж байна. Энэ хаягдлаас ангижрах хамгийн боломжтой арга бол дахин боловсруулах үйлдвэртэй болох технологийг оруулж ирэх юм” гэв.

Харин ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ:

Энэ хэмжээний хүрээнд хаягдал аккумуляторыг бид яах эсэхээ шийдэх нь чухал. БОАЖЯ, НМХГ-аас манай улсад үйл ажиллагаа явуулж байсан аккумулятор устгах буюу дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон ч гарц, гаргалгааг зааж өгөөгүй. Одоо 116 цэгт аюултай хог хаягдал хурааж авч байна. Үүнд түрүүн дурдсан 7500 мянган тонн аккумуляторыг хувааж үзвэл нэг цэгт 63 тонн аккумулятор хаягдал байх юм. Төр яаралтай арга хэмжээ авахгүй бол иргэд хохироод байгааг энэ хэлэлцүүлгээр сануулж байна” гэлээ.

Товчхондоо, одоогийн байдлаар манай улсад хаягдал аккумлятор авдаг 118 цэг ажиллаж байгаа ч дахин боловсруулалт хийдэггүй. Өөрөөр хэлбэл, хаягдал аккумляторыг зөвхөн цуглуулдаг гэсэн үг.

Мөн  хууль бусаар хуучин машины зай болон автомашин оруулж ирдэг зөрчил газар авч байгаа. Үүний хор нөлөө нь ирээдүйд хаягдал төмрийн хогийн сав болох  аюул дагуулж байгаа юм.  Судалгаагаар Монгол Улсад  7500 тонн хаягдал аккумлятор хуримтлагдаад байгаа гэх мэдээллийг холбогдох мэргэжилтнүүд тодотгож байв.

Н.Мөнхжин


 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 14
202.180.220.172
ИРГЭН

БАТЭРДЭНЭ ДАРГА ЗАЛУУ ЭРЧ ХҮЧТЭЙ МЭДЛЭГ ЧАДВАР САЙТАЙ САЙН АЖИЛЛАЖ БАЙНА.