Шударга сонгууль болж чадах уу? 

2020 оны 10 сарын 14

Аймаг сум, нийслэл, дүүргийн  төлөөлөгч сонгох Орон нутгийн сонгуулийн санал хураалт өнөөдрөөс  зөөврийн хайрцагаар санал авах үйл явцаар эхэллээ. Харин маргааш санал хураалт  орон даяар эхэлнэ.  Орон нутгийн 2020 оны ээлжит сонгуулийн өгөгдөл дамжуулах туршилтыг 2020 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 12:00 цагт улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулсан.

Энэ туршилтаар санал тоолох төхөөрөмж санал авах зөв байранд хүргэгдсэн эсэ, төхөөрөмж эвдрэл гэмтэлгүй хүргэгдсэн эсэх, сонгуулийн санал хураалтын өдөр дүн дамжуулах сүлжээний үйл ажиллагаа хэвийн  байдлыг шалгаад байна. 

Сонгуулийн автоматжуулсан системийн тасралтгүй ажиллагааг 21 аймаг, 9 дүүрэгт хариуцан ажилладаг мэдээллийн технологийн 30 багийн 141 мэргэжилтэн, санал авах байранд төхөөрөмжийг хариуцан ажиллах мэдээллийн технологийн 2,559 даамал уг үйл ажиллагаанд оролцож, бэлэн байдлыг хангах аж. Мөн 2,148 хэсгийн хороонд санал тоолох төхөөрөмж, сонгогчийн бүртгэлийн иж бүрдэл, саналын хуудас бүгд хүргэгдэн бэлтгэл  ажил 100 хувь хангагджээ. 

ГАР ТООЛЛОГЫГ  50 ХҮРТЭЛХ ХУВЬД  ХИЙНЭ 


Гар тооллогыг санамсаргүй сонголт(сугалах)-ын аргаар хэсгийн хороодын 50 хүртэл хувьд хийх хуулийн заалттай. Хэсгийн хорооны санал тоолох төхөөрөмжөөс гарсан, сүлжээнд холбогдоогүй байх үеийн дүнг сум, дүүргийн Сонгуулийн хороод нэгтгэж, аймаг, нийслэлийн Сонгуулийн хороодод хүргүүлнэ.

Ингээд аймаг, нийслэлийн нэгтгэсэн дүнг Сонгуулийн ерөнхий хорооны төв серверт ирсэн дүнтэй тулгаснаар сая сонгуулийн дүнг зарлана.  Хэсгийн хороодын дүн төв серверт ирэхдээ хамгаалалт бүхий тусгай сүлжээгээр, ямар нэгэн дундын дамжуулагчгүйгээр энкриптлэгдэж буюу кодлогдож ирдэг бөгөөд энэ системийг 2012 оноос хойш ашиглаж байна. 

 САНАЛ ТООЛОХ 2615 МАШИН АЖИЛЛАНА 

Улсын хэмжээнд санал авах 2,148 байранд 2,615 төхөөрөмж  буюу “хар машин” ажиллана.  Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо, Тагнуулын ерөнхий газар болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хамтарсан ажил хэсэг сонгуульд ашиглагдах техник хэрэгсэл, программ хангамжийг нэг бүрчлэн шалгаж, сонгуульд ашиглах эрхийн гэрчилгээг олгожээ. 

Энэ үйл явцыг сонгуульд оролцож буй нам, эвсэл мөн төрийн бус байгууллагуудад нээлттэй байлгах зорилгоор ажиглагч оролцуулах тухай албан тоотыг хүргүүлээд байна. 

ХЭНД САНАЛАА ӨГСНӨӨ БАТАЛГААЖУУЛАХ ТЭМДЭГЛЭГЭЭ ХИЙХИЙГ ХОРИГЛОСОН 

Шинэ батлагдсан буюу 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 65.14-т “Сонгогч саналаа өгснийг илэрхийлэх аливаа тэмдэг, тэмдэглэгээ хийхийг хориглоно” гэж заасан.  
 

Т.Хэрлэн 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.