Макс Жонсон: Бид мөнгөө л авмаар байна

С.Гандэлгэр
2021/09/14

“Засагчандмань” компанийн эзэд болох манай улсын иргэд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг дахь “Чандмань” төслийнхөө гадаадын хөрөнгө оруулагчдыг залилсан гэх үйл явдлын талаарх баримт сэлтийг Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл хүргэж байгаа билээ. Монголыг зорих гадаадын хөрөнгө оруулалтын урсгал жилээс жилд буурах болсон нь яахын аргагүй “хөрөнгийг нь дээрэмдээд хөрөнгө оруулагчдыг хөөгөөд явуулчихдаг” энэ мэтийн үйлдлүүд юм. 

Тэгвэл “Засагчандмань” компанийнханд 19 сая ам.доллараа алдчихаад байгаа Английн иргэн, хөрөнгө оруулагчдын төлөөлөгч Макс Жонсон Монголд ирээд байгаа юм. Түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Та өөрийн гэр бүл, боловсрол, Монголд ямар ажлаар ирсэн талаараа товчхон сонирхуулаач? 

-Миний нэр Макс Жонсон. Би Их Британийн иргэн. Би Бельгийн Брюссель хотод төрж, тэнд таван нас хүртлээ амьдарсан. Миний хүүхэд ахуй нас Их Британид өнгөрсөн дөө. Тэндээ дунд сургуульд суралцаж, цаашлаад их сургуульд орос хэлээр суралцаж төгссөн. Амьдралынхаа 15 жилийг Азид өнгөрүүллээ.Бээжин дэх Циньхуа их сургуульд бизнесийн удирдлагын мастерын зэрэг хамгаалж, Хятадад уул уурхайн чиглэлээр бизнес эрхэлж байна. Сүүлийн жилүүдэд Хонконгод хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр ажилласан. Эхлээд “Голдман Сакс” банкинд ажиллаж, дараа нь өөрийн хувийн хөрөнгө оруулалтын компаниа нээсэн. Саймон Мюррэйтэй хамтран ажиллаж байна. Би анх 2006 онд Монгол Улсад үүргэвчтэй аялагчийн хувиар ирж байсан. Наадмын үеэр ирсэн. Хөвсгөл нуур руу аялж, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт очиж үзсэн. Монгол орон надад үнэхээр их таалагдсан даа. Дараа дахин Монгол нутагт ирнэ гэж өөртөө амласан. 2016 онд ноён Мюррэй Монголд хөрөнгө оруулсан. Улмаар 2018 онд түүний санал болгосны дагуу Монгол дахь төсөл дээр нь хамтран ажиллахаар болсон юм. Харин өнөөдөр Монголд тийм ч таатай ажлаар ирсэнгүй. 

-Тэглээ, та бүхэн яагаад “Засагчандмань” компанийн уул уурхайн төсөлд хөрөнгө оруулсан юм бэ? 

-Мэдээж хэрэг, Монголын уул уурхайн салбарт ажиллах нь бизнесийн том боломж учраас 2016 онд хөрөнгө оруулсан. Хөрвөх зээлийн гэрээгээр анх 20 сая ам.доллар гэж ярьж байгаад 19 сая ам.долларын хөрөнгө оруулсан. Энэ нь хуурай болон нойтон аргаар полиметаль боловсруулах үйлдвэр барих төсөл байсан.

Энэ төсөл маш сайн хөрөнгө оруулалт байсан боловч яваандаа асуудал үүссэн. 

-Та Монгол дахь уул уурхайн энэ төслийг хариуцаж байсан. Үйл ажиллагааг нь яаж хянадаг байсан юм бэ? 

-Бид зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчид шүү дээ. Төслийг хариуцаж байсан хүн нь Дашдэлэгийн Буянтогтох гэж хүн байсан. Гүйцэтгэх захирал, санхүү эрхэлсэн захирал нь ч түүний ойрын хүмүүс байсан. Бид нар гадаадын хөрөнгө оруулагчийн хувиар төслийг хариуцаж байгаа хүмүүсийн үйлдэл, үйл ажиллагаа, УЗ-ийн хурал, бичгээр явуулсан тайлангуудтай танилцаж ажилладаг. Ийм байдлаар төслийн үйл ажиллагааг хянах гэж хичээсэн. Гэвч төслийг хэрэгжүүлж эхэлсэн өдрөөсөө л зээлийн хүүг огт төлөөгүй. Тэр түгшүүрийн дохио болж байсан гэх үү дээ. Хамгийн гол нь металл боловсруулах үйлдвэр маань огт баригдаагүй. Энэ бол илэрхий баримт шүү дээ. Тиймээс 2018 оноос Д.Буянтогтохтой уулзаж, хөрөнгө оруулалтаа буцааж авах хүсэлт тавьсан.

Харамсалтай нь тэр хүн биднээр тохуурхаж, “Хөрөнгө оруулалтын тун бага хувийг буцааж өгөх боломжтой” гэсэн. гэдэг хариу сонссон. Тэгээд бид хөрөнгө оруулагчийн хувиар “Цагдаагийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй” гэж шийдсэн. 

-Энэ төсөлтэй холбоотойгоор “Ямар нэг буруу зүйл болоод байгаа нь ил байсан” гэлээ. Юу байсан бэ? 

-Өмнө нь хэлсэнчлэн зээлийн хүүгээ огт төлөөгүй. Боловсруулах үйлдвэр ч баригдаагүй. Тиймээс бид чухам юу болоод байгааг олж мэдэхийг хүссэн. 2019 онд цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллага мөрдөн байцаалтын үр дүнд олж авсан нотлох баримтдаа тулгуурлаад Д.Буянтогтохыг гадаадад зорчихыг хориглох шийдвэр гаргасан. Гэтэл Д.Буянтогтох Чингэлтэй дүүргийн шүүхэд хандаж, гадаадад зорчих хоригоо цуцлуулах шийдвэр гаргуулсан байдаг. Улмаар шүүгчийн шийдвэр гарсан тэр өдөртөө гадагшаа явсан. Шүүгч шийдвэрээ гаргасан учраас цагдаагийн байгууллага түүнийг байцаах, мэдүүлэг авахад хүндрэлтэй болсон. 2019 оноос 2021 оны дөрөвдүгээр сар хүртэл цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа үргэлжиллээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах үйл ажиллагааны үр дүнд цуглуулсан баримтуудыг бидэнд танилцуулсан. Бидний хөрөнгө оруулсан мөнгийг холбоо хамаарал бүхий компаниуддаа хувааж өгсөн нь тодорхой болсон. Тэр компаниуд нь цаасан дээр ямар ч холбоо хамааралгүй мэт харагддаг. Бидний хөрөнгө оруулсан мөнгийг тухайн компаниудтай байгуулсан гэрээ, нэхэмжлэх, үйлчилгээний хөлс гэж тооцон шилжүүлсэн байдаг. Ингэхдээ маш өндөр үнээр гэрээ байгуулсан. Гэсэн атлаа гэрээний дагуу ямар ч ажил үйлчилгээ үзүүлээгүй болох нь тогтоогдсон. Бас нэг хачирхалтай зүйл бий. Юу вэ гэхээр бидэнд санал болгосон 3434 дугаартай олборлолтын лицензийн хугацаа нь аль эрт дуусгавар болсон байсан байгаа юм. Бид нарт хөрөнгө оруулалтын аюулгүй байдлыг хангах баталгаа шаардлагатай байсан. Тиймээс тэд 3434 дугаартай олборлолтын лицензийг барьцаа болгож өгсөн байсан юм. Мөн хөдлөх хөрөнгийн барьцаа болгож 015594 дугаартай зөвшөөрлийг бидэнд амласан боловч энэ зөвшөөрлийг өөр этгээдэд өгсөн байсан нь тогтоогдсон. Мөн “Засагчандмань” компани  дотоодын банкнууд, даатгалын компаниуд, татварын алба болон машин, тоног төхөөрөмж нийлүүлдэг компаниудад их хэмжээний өртэй болохыг цагдаагийн байгууллага тогтоосон. Бид нар 2016-2017 онд хөрөнгө оруулалт болох 19 сая доллараа 8-9 удаа банкаар шилжүүлж өгсөн юм. Бид нар анх уурхайн үйл ажиллагаанд асуудал үүссэн гэж ойлгож байсан. Гэтэл хөрөнгө оруулсан мөнгийг хууль бусаар өөр этгээдүүдэд шилжүүлж байсныг ингэж мэдсэн. 

-Бас та бүхэнд хууль бусаар хөрвөх өрийн бичгийн сертификат гаргаж өгсөн гэх мэдээлэл яригдаж байна?

-Бид нар 19 сая ам.долларын хөрөнгө оруулалтын нотолгоо болгож, хувьцаагаар хөрвөх өрийн бичгийн сертификат авсан юм. Гэтэл энэ сертификат гэж нэрлэгдсэн бичиг баримтууд нь хуурамч болох нь илэрсэн. Цагдаагийн байгууллага мөрдөн байцаалтын үр дүнгээ прокурорт шилжүүлсэн. Одоо есдүгээр сар гарчихлаа. Энэ хэрэг замхран алга болохгүй гэдэгт найдаж байгаа учраас Монголд өөрийн биеэр ирлээ.

Монгол Улсын шүүх бидний хохирсон хэргийг хэлэлцэнэ гэдэгт итгэж байна. Монгол Улсын шүүхийн гаргасан шийдвэрийг бид хүндэтгэх болно. 

-Таныг “Чандмань” төслийн лицензийг авах гээд байгаа юм гэсэн мэдээлэл гарсан байсан? 

-Энэ бол худлаа цуурхал. Ор үндэслэлгүй. Бид хөрөнгө оруулсан. Мөнгөө л авахыг хүсч байна. Нөхөн төлбөрийн хэмжээг хэрхэн тогтоохыг шүүх шийдвэрлэнэ. 

-Та Монголын шүүхийн гаргасан шийдвэрийг хүндэтгэнэ гэлээ. Ер нь манай улсын цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын үйл ажиллагааны талаар ямар бодолтой явдаг вэ? 

-Тийм ээ, би Монголын шүүхэд итгэж байна. Бид өнгөрсөн хугацаанд учирсан санхүүгийн хохирлоо нөхөн төлүүлэхийг хүсч байна. Өөр зүйл хүсээгүй. Биднийг өөр зүйл хүсч байгаа тухай цуурхал дэгдсэн нь ор үндэслэлгүй гэдгийг дахин хэлье. Монголын цагдаагийн мөрдөн байцаагч нар хэргийн учрыг олохын тулд маш шуурхай ажилласан. Энэ нь надад онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Гэхдээ мөрдөн шалгах үйл ажиллагаа хоёр жил үргэлжилсэн. Учир нь хэрэгт холбоотой гол хүн нь гадаад руу явсантай холбоотой. Миний олж мэдсэнээр энэ хэрэг одоо прокурорын ширээн дээр байна. Хэргийг прокурорын байгууллагад шилжүүлснээс хойш 4-5 сарын хугацаа өнгөрсөн. Энэ нь коронавируст цар тахалтай ч холбоотой байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хэргийг шүүхээр шийдвэрлэнэ гэдэгт итгэж найдаж байгаа учраас л өнөөдөр энд яриад сууж байна.

-Таыг манай улсын Засгийн газарт итгэж байна гэлээ, яагаад? 

-Би Монгол Улсын Засгийн газарт маш их итгэж байна. Ялангуяа, Их Британи-Монгол Улсын Засгийн газар хоорондын харилцаа маш идэвхтэй өрнөж, зарим нэг өмч хөрөнгөтэй холбоотой асуудлыг ярилцсан гэж дуулсан. Тэгэхээр энэ хэрэг ч гэсэн нааштай шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Би хувьдаа Их Британийн хөрөнгө оруулагч нар Монгол Улсад олноороо ирээсэй гэж хүсдэг. Хэдийгээр бэрхшээл тохиолдсон ч гэсэн хонгилын үзүүрт гэрэл харагддаг шүү дээ. Би энэ гэрэлд хүрэхийн төлөө л явж байна. Монголын цагдаа, шүүх, Засгийн газар зөв зүйлийн төлөө явж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наймдугаар сарын 17-нд хөрөнгө оруулагчидтай уулзах үеэрээ уучлал гуйж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар амлалт өгсөн. Энэ нь хөрөнгө оруулагч бидний хувьд маш сайхан, өөдрөг мэдээ болсон. Хөрөнгө оруулалтын таатай орчин хангах зорилгоор идэвхийлэн ажиллаж эхэлснийг сонсоход таатай байна. 

-Та бүхэн энэ хэрэгтэй холбоотой үйл явцад хэдий хэмжээний зардал гаргасан бэ. Жишээлбэл, Монголд ирэх буцахаас эхлээд бусад зардлыг оролцуулбал? 

-Үндсэн хөрөнгө оруулалт нь 19 сая ам.доллар. Үүн дээр зээлийн хүү нэмэгдээд 40 сая орчим ам.доллар болно. Төлөгдөөгүй хүүгийн төлбөрийг нэмээд 40 сая ам.доллар гэсэн үг. Бид нар хөрөнгө оруулсан мөнгөө эргүүлж олж авах гэж бараг нэг сая ам.доллар зарцуулаад байна. 

-Энэ хэрэг маргааныг олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх боломж байгаа гэх зүйлийг бас зарим эх сурвалж ярьсан байсан?

-Энэ зөвхөн санхүүгийн хохирлын тухай асуудал биш ээ. Зөв, бурууг тунгаах ёс суртахууны асуудал шүү дээ. Бид нар хөрөнгө оруулагчдынхаа өмнө үүрэг хүлээсэн учраас алдсан мөнгөө олж авахын төлөө бүх хүчээ дайчлан ажилласан гэдгээ харуулах ёстой. Хэрвээ бид амжилт олохгүй бол олон улсын арбитрын шүүхэд гомдол мэдүүлэх боломжтой. Одоогоор хэргийг шалгаж шийдвэрлэх үйл явц маш удааширч, шударга бус мэт санагдах болсон учраас би ингэж хэлж байгаа юм. Гэхдээ олон улсын арбитрын шүүхэд хандах нь асуудлыг тэс өөр түвшинд аваачиж, олон улсын анхааралд өртөх учраас бид ийм сонголт хийхийг хүсэхгүй байна. Учир нь олон улсын арбитрын шүүх чинь шууд Монгол Улсын Засгийн газарт хандаж шийдвэр гаргадаг. Тийм учраас бид энэ хэрэгтэй холбоотой асуудлыг ийм түвшинд аваачихыг хүсэхгүй байна. Өнөөдөр Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах талаар ярьж байгаа нь бидэнд таатай сэтгэгдэл төрүүлж байгаа. Тиймээс хэргийг нааштай шийдвэрлэнэ гэдэг итгэл төрсөн учраас үргэлжлүүлэн ажиллах болно. Орхихгүй.

-Та бол Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны бага дүү шүү дээ?

-Тийм ээ. Бага дүү нь. 

-Их Британийн зарим хэвлэл, вэбсайтуудад тавигдсан мэдээллээс та өөрийн ах, Их Британийн ерөнхий сайдаас тусламж гуйхыг хүсэхгүй гэж ойлгосон?

-Тийм ээ. Би насанд хүрсэн эр хүн учраас ах руугаа утасдахын оронд асуудлаа өөрөө шийдэх ёстой. Мэргэжлийн хувьд асуудал ийм л байх ёстой. Тийм ч учраас би Их Британийн Засгийн газар болон Монгол Улс дахь ЭСЯ-наас тусламж, дэмжлэг хүсэхгүй. 

-Их Британийн сэтгүүлчид энэ хэргийн талаар танаас асууж байв уу? 

-Тэгэлгүй яах вэ. Миний сая танд өгсөн хариултыг л хэлж байгаа. Би ахаасаа тусламж гуйхгүй. Өөрийн асуудлыг шийдвэрлэх гэж гэр бүлийн холбоо хэлхээгээ ашиглахгүй. Учир нь би өөрийн боловсрол, ур чадвартаа найддаг. 

-Ах тань энэ хэргийн талаар мэдэж байгаа болов уу? 

-Манай ахын ойлголт хэвлэл мэдээллээр нийтлэгдсэн мэдээллээс хэтрэхгүй байх аа.  

 

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.27.222
    2021/09/20

    neg l unemshmeergui tuuh. ali ali n nootoi asuudal baigaa sanagdaad baina daa

    Хариулах
  • 88.116.92.142
    2021/09/14

    Хилийн хоригыг н хэн цуцлав

    Хариулах
    • 202.179.27.66
      2021/09/15

      Гадаадын хөрөнгө оруулагчидад шүүх яаж шудрага хандахыг харах л үлдэж байх шиг хэрэв шудрага биш байх юм бол үнэхээр бүх шүүгчид авилгалд үнэхээр өртсөн болохыг харах юм байна даа.

  • 66.181.185.30
    2021/09/14

    Энэ улс орны нэр хүндийг бүүр шаваг намагт орууллаа даа.

    Хариулах
    • 202.179.27.66
      2021/09/15

      ХУУЛЧИД НЬ ИЙМ БАЙХ ЮМ ЧИНЬ БИД ЯАХ БОЛЖ БАЙНА АА ЮУНД ИТГЭЖ НАЙДАЖ БАЙХ БОЛЖ БАЙНА АРАЙЧ ДЭЭ ҮНЭХЭЭР ИЧИЖ БАЙНА ШҮҮ.

  • 202.179.27.222
    2021/09/14

    huviin hevshliin asuudald zasag tur hamaagyi. Ingehgyi bol hen negen nuhur uuriin aldaatai ajillagaagaa mongoliin turd daatgaj daraa n arbitriin shuuheer mongoliin turuur garguuldag arga bariltai boloh vii. Tzaanaaa er n hohirson hohirooson tal hamtdaa sanaa niileed yavaad baigaa ium bishyy

    Хариулах
  • 66.181.187.152
    2021/09/14

    Нөгөө шүүгчид нь авилга нэхэж нүдний булай болох вий дээ

    Хариулах
  • 103.80.211.42
    2021/09/14

    daruuhan hun bna

    Хариулах
  • 103.80.211.42
    2021/09/14

    uhaalag baina shuu ene hun

    Хариулах
  • 103.229.121.42
    2021/09/14

    ЛУЙВАРЧИНД гадагш оргох боломж олгосон шүүгчийг арай гадагшаа алдаагүй биз дээ. Манай хуулийнхан ч алдартай АВЛИГчид шүү. АВЛИГАД бүрэн идэгдсэн шүүхээ цэвэрлэж авах болоогүй юм уу?

    Хариулах