Хэрхэн зөв зуршлыг бий болгох вэ?

2020 оны 10 сарын 20

Амьдралын хэв маягтаа хэвшүүлж чадсан сайн зуршил ямар ч үед арилдаггүй. Эргэн тойрны хүмүүсээ харахад тус хүнд онцлог болсон дадал зуршлууд байдаг.

Та яг одоо эхэлбэл 2021 он гарахад аль хэдийн шинэ зуршилтай болчихсон байх боломжтой юм байна шүү!

Бодлоо хяна, учир нь бодол чинь үг болдог; үгээ хяна, учир нь үг чинь үйлдэл болдог; үйлдлээ хяна, учир нь үйлдэл чинь зуршил болдог; зуршлаа хяна, учир нь зуршил чинь араншин болдог; араншингаа хяна, учир нь араншин хувь заяа чинь болдог.

                                                                                     Бусдын зөв зуршлуудын жишээ:

  • Манай нэг төслийн багт хамт ажиллаж байсан залуу өдөр бүр ямар нэгэн байдлаар биеийн тамирын дасгал хийхгүйгээр байж чаддаггүй байсан. Ажил шөнө 01:00 цагт дуусаад өглөө 07:00-гоос эхлэх байсан ч өглөө 05:00-аас дасгалаа хийж байдаг л байсан — залуудаа цэрэгт яваад тэгээд сурчихсан гэсэн

 

  • Өөр төслийн багт ажиллаж байсан нэгэн эрэгтэй дарга орой бүр 30 минутаас 1 цагийг хүүхдүүддээ зориулдаг.

 

Орой 8 цагаас аль болох ажил товлодоггүй, дараа нь илүү орой болтол суух байсан ч тэр цагийг хамгаалдаг. Ковидоос өмнө байнга томилолтоор явдаг байх үед хүүхдүүддээ FaceTime-аар үлгэр уншиж өгдөг. Гэртээ байх үедээ үлгэр уншиж өгч унтуулчихаад ажлаа үргэлжлүүлэн хийдэг.

Ажил нь их завгүй гээд гэр бүлдээ цаг зарцуулахгүй байх нь маш түгээмэл ойлголт— гэр бүлийн хүн, хүүхдүүд нь ойлгох ёстой гэсэн соёлтой явсаар ирсэн бол хүн тэр зарцуулах цагаа тогтмол хэвшил болгож наанаас хамт олондоо ойлгуулахад эсэргүүцэж дургүйцэх хүн байхгүй, бүгд л дэмжих юм шиг ажиглагдсан.

Ийм зөв соёлыг хэвшүүлэхэд өөрөөсөө эхэлж алхам хийж байгаа энэ аав хүн их мундаг санагддаг

  • Нэг найз маань өдөр болгон бясалгал хийдэг — өглөө бүр босоод л шууд хийгээд сурчихсан.

 

Энэ нь амьсгалын дасгал, оюуны төвлөрөл, биеийн сунгалт зэргийг хамарсан цогц дасгал болж чаддаг бөгөөд тэр өдөртөө илүү тайван, үр бүтээлтэй байж, цаг ирэх тусам юманд уужуу хандаж оновчтой шийдвэрүүд гаргадаг болсон гэсэн. Энэ дасгалаа хийгээд 10 гаран жил болж байгаа, эхэндээ алгасах тохиолдол гардаг байсан ч хаяхгүй явсаар байтал алгасах тохиолдол нь улам багасаж, одоо бол босоод нүүрээ угаахаас ялгаагүй бодохгүй хийдэг зуршил болсон.

Өөрийн болон бусдын жишээнүүдийг эргэцүүлэн бодоход “яагаад олон зөв зуршилтай болж болохгүй гэж?” гэсэн бодол төрсөн. Нөгөө талаас ямар муу зуршлуудыг байнга тээж явдаг вэ гэж бодсон.

Сайн зуршлуудын адил муу зуршлууд нь ерөөсөө бодогдохгүй хийгддэг, цаг авдаг. Жишээ нь тамхи татдаг хүмүүс хэчнээн завгүй байсан ч тамхи татах цаг гаргадаг байх — арай яаруу ч гэсэн амжуулдаг л байх. Миний хувьд өглөө босоод утсаа хамгийн түрүүнд хардаг — энэ зуршил маань багагүй цаг үрдэг гэдгийг анзаарснаас хойш салах дээр ажиллаж байгаа.

Гол нь зөв зуршил ч бай, муу зуршил ч бай, бид автоматаар тэрэндээ цаг зарцуулдаг. Тиймээс юунд илүү дутуу цагаа зарцуулж байгаагаа хянахын тулд зуршлуудаа л хянаж, аль болох зөв зуршлууд хөгжүүлэх хэрэгтэй.

                                                                                             

                                                Аливаа үйлдлийг хэрхэн зуршил болгох вэ?

1. Өөртөө зорилго тавь

Аливаа зуршлыг үр дүнтэй уялдуулж, хүрэх цэгээ тодорхойлбол дундаас нь буцах магадлал багасна. Жишээ нь зуршил нь эрүүл хооллох бол үр дүн нь тэдэн килограмм хасах.

2. Багаас эхэл

Огцом том зорилт тавих нь урам хугарах юмаа хийж байгаа л гэсэн үг — аль болох шат дараалалтай, бодит зорилт тавиад тэрийгээ бага багаар ахиулаад явсан нь дээр. Өдөр болгон гадуур хооллож байснаа гэнэт би өдөр бүр гэртээ хоолоо бэлдэнэ гэвэл эхэндээ эрчтэй байхдаа зүгээр ч аажимдаа гэнэт хаях магадлал илүү.

3. “Яагаад?” дээр төвлөр

Зуршил гэдэг нь үйлдлийн давтамж ч гэсэн гол хүчин зүйл нь сэтгэл зүйн дасгал болон өөрчлөлт учраас “яагаад” гэдгээ сайн тодорхойлж өөртөө сануулах хэрэгтэй. Жишээ нь эрүүл хооллох нь зүгээр л “хийхэд зүгээр зүйл” гэхээсээ илүү биеийн жин, арьс, энерги зэрэгт эергээр нөлөөлж илүү эрч хүчтэй, урт наслуулахад ч хүргэнэ.

4. Алгассан ч битгий хая

Хэсэг тууштай явж байгаад дунд нь алгасаад, алгассандаа болоод хэмнэл алдагдаад тэр чигт нь хаях тохиолдол их гардаг. Гол нь хэчнээн алгассан ч дахин эхлүүлээд үргэлжлүүлэхэд л нэг мэдэхэд л тогтсон зуршил болно.

5. Тууштай, тэвчээртэй бай

“Ром нэг өдөр баригдаагүй” (Rome wasn’t built in a day) гэдэг үг байдаг. Аливаа чанартай зүйлд цаг хугацаа ордог. Өөрийгөө бодохоор би зөндөө л зүйлийг оройтсон байх, одоо ч худлаа даа гээд хаяж байсан эсвэл огт эхлүүлэхгүй орхисон байдаг.

Эргээд харахад тухайн үед эхлүүлээд явж байсан бол одоо бүр мундаг болчихсон байгаа даа гэж харамсдаг. Тийм учраас юуг ч оройтсон, хэцүү, чадахгүй гэж хаялгүй тууштай байвал үр дүн гарах нь цаг хугацааны асуудал.

6. Зорилгыг нь сануулах хүнтэй бол

Хичээл дээр багш, ажил дээр дарга, гэрт аав ээж гэх мэт биднийг чиглүүлж шаардлага тавьдаг хүмүүс байдаг учраас үр дүнтэй байж чаддаг. Тэгвэл хувийн зорилтуудаа биелүүлэхэд шаардлага тавьж, эсвэл хамтдаа хийх хүн байвал бас илүү үр дүнтэй байх.

Жишээ нь дасгал хийж эхэлмээр байвал найзтайгаа хамт хийдэг бол — тэгвэл намайг нэг хүн хүлээж байгаа гэсэн мэдрэмж нь зулгаагаад таслахгүй дээ.

7. Өөрийгөө шагна

Сайн зуршил өөртөө хэвшүүлэх нь өдөр бүр анхаарал шаардах ч үр өгөөж нь илүү урт хугацаанд мэдрэгддэг учраас урам хугарах тохиолдол гарч болно. Тийм учраас явцдаа өөрийгөө шагнаж урамшуулбал зүгээр.

Аливаа үйлдлийг дунджаар 2 сарын турш давтаж байж тогтсон зуршил болдог гэсэн судалгаа байдаг. 2 сар тухайн үедээ урт санагдсан ч, том дүр зургийг харвал 2 сар бол юу ч биш шүү дээ. Тэгэхээр өөрийн амьдралын хэв маягт ямар “зайлшгүй зөв зуршил” хэрэгтэй гэдгээ тодорхойлж одооноос хэвшүүлээрэй.

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.