Ерөнхийлөгчөөс "зүтгүүлсэн" Шүүхийн тухай багц хуулийг буцаана

2020 оны 10 сарын 26

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал болж, хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудыг танилцууллаа. МАН-ын  бүлэг Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай  багц хуулийг буцаах нь зүйтэй гэж үзжээ.

Учир нь Шүүхийн тухай хуулийн төслийг Засгийн газраас мөн өргөн бариад байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг асуудлаар хоёр хууль өргөн барьсан тохиолдолд Дэгийн тухай хуулиар  хууль санаачлагчид концепцийн хувьд нэгдэж буй бол хамтатгаж, нэгдээгүй тохиолдолд аль нэгийг нь буцаадаг. Тиймээс олонх болсон МАН  Ерөнхийлөгчийн өргөн барьсан шүүхийн тухай гурван хуулийг буцаах нь зөв гэж үзсэн  байна.

Улмаар  Шүүхийн тухай хуулийг 11-р сард багтаан гаргах нь зүйтэй гэж намын бүлэг үзжээ. Шүүхийн тухай , Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд хамгийн их анхаарал  татаж байгаа нь  шүүгч нарын томилгооны асуудал. Тодруулбал   шүүх эрх мэдлийг хэний гарт  төвлөрүүлэх вэ гэдэгт том эрх ашиг, талуудын зөрчил явж байгаа. 

Энэ  талаар Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн  “Хууль зүйн байнгын хорооноос өмнө нь гаргасан саналын дагуу Ерөнхийлөгчөөр өргөн барьсан Шүүхийн тухай гурван хуулийг буцаах нь зүйтэй гэж үзсэн.  Мөн ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүх, хуулийн байгууллагын удирдлагуудыг өөрчилдөг хуулийн 2019 оны эхээр УИХ баталсан.

Үүнийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг манай 13 гишүүн өргөн барьсан байгаа.  Энэ хуулийн төслийг Шүүхийн тухай хуулийн төсөлтэй хамт хэлэлцээд явар нь зүйтэй гэдэг шийдвэрийг  МАН-ын бүлэг гаргасан" гэсэн юм. 

Т.Хэрлэн 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.