Гурилын үнийг буулгах боломжтой юу?

2020 оны 10 сарын 26

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр /2020.10.26/ улаан буудай, гурилын үнэ өссөнтэй холбоотойгоор ХХААХҮЯ, ХААДС, Монголын үр тариа эрхлэгчдийн холбоо, гурил үйлдвэрлэгчдийн холбоо болон гурилын компаниудыг оролцуулсан уулзалт зохион байгууллаа.

Тодруулбал, Гурил үйлдвэрлэгчдийн холбоо, гурилын компаниудаас 2019 оны дотоодын намрын ургацын тонн тутмыг 500-600 мянган төгрөгийн хооронд худалдан авч байсан бөгөөд 2020 онд цаг агаарын нөхцөл байдлаас хамаараад түүхий эдийн хомсдол үүсч, эрэлт нэмэгдсэнтэй холбоотой намрын ургац 600-660 мянган төгрөг буюу даруй 100-160 мянган төгрөгөөр   үнэ нэмэгдээд байгаа.

Дээрх шалтгааны улмаас өдөр тутмын өргөн хэрэглээ, үйлдвэр цехүүдын хэрэглэдэг 25кг, 50кг савлагаатай нэгдүгээр гурилын үнийг 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс кг тутамдаа нэг зуу орчим төгрөгөөр нэмэгдүүлэх болсон тухай албан бичигтэй холбоотойгоор үүнийг хэрхэн шийдвэрлэх талаарх уулзалт зөвлөгөөныг зохион байгуулсан юм.

ШӨХТГ-аас талх, гурилын үнэ нэмэх шалтгаан үндэслэл байхгүй, ХХААХҮЯ бодлого тодорхойлоод явдаг, ШӨХТГ үнэ тогтоодог байгууллага биш гэдгийг тодотгосон.  Гурил үйлдвэрлэгч компаниудаас гурилын үнээ өсгөх тухай мэдэгдлийг ШӨХТГ-т ирүүлсэн бөгөөд үүнд хяналт тавьж ажиллах нь тус газрын үүрэг юм.

Дээрх асуудлын хүрээнд ШӨХТГ-ын дарга Б. Бат-Эрдэнэ "ХХААХҮЯ бодлогоо гаргахгүй бол, ШӨХТГ гурилын үнэ нэмэгдсэн талаар  тус компаниудад хяналт шалгалтыг хийнэ. Угийн нэмэгдэж байгаа зүйл дээр бид хяналт шалгалт хийгээд нэмэргүй учир буцаагаад буулгана гэх ойлголт байхгүй.

Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, "эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль", "Гамшгаас хамгаалах тухай хууль"-ийн дагуу өргөн хэрэглээний барааны үнийг өсгөхгүй байх учиртай тул ШӨХТГ-аас үнэ нэмж байгаа аж ахуйн нэгжүүдийг шалгах ёстой. Гэвч гурилын үнэ өссөн нь түүхий эдийн эрэлттэй холбоотой давагдашгүй хүчин зүйл тул ХХААХҮЯ-ыг бодлогоо дахин тооцоолж үнээ  бодитой  тогтоохыг хүсч байна" гэлээ. 

Харин ХХААХҮЯ-наас "Одоогоор 235 мянган га талбайгаас 292,9 мянган тонн үр тариа, 283 мянган тонн улаан буудай хураан авсан. Шинэ ургацаас гурил үйлдвэрлэлд 150 мянган тонн хүнсний улаан буудайг нийлүүлсэн. Хөдөө аж ахуйг дэмжих санд нэг тонн улаан буудайг худалдан авах үнийг чанарын ангиллаас нь хамааруулж 550-610 мянган төгрөг байхаар тогтоосон одоогоор үнэ өсөөгүй.

Өнгөрсөн жилийн үнийн түвшинд хадгалагдаж байгаа. Ургац хураалт 80 хувьтай байгаа тул хангамжийн мэдээ гарах боломжгүй" гэх байр суурийг илэрхийлсэн. 

 Харин гурил үйлдвэрлэгч компаниудын төлөөлөл үр тариа хангалтгүй, эрэлттэй байгаа тул үнэ өссөн гэдгийг хэлж байсан бөгөөд тээврийн зардалтайгаа нийлээд тонн улаан буудайг 700 мянган төгрөгөөр авч байна гэсэн юм. 

 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.