Мэдээ2026 оны 10 сарын 29-ны өдрийн 16:51
Мэдээ2026 оны 10 сарын 29-ны өдрийн 16:51
-Түймрийн бодит нөлөөллийг зөвхөн газрын гадаргын шаталтын байдлаар дүгнэх боломжгүй-
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн байгаль орчинд үзүүлсэн нөлөө, учирсан хохирлыг тогтоохоор ажиллаж буй эрдэмтэн, судлаачдын баг хүрэхэд хүндрэлтэй бүсүүдэд хээрийн судалгаа хийж, дээж материал цуглуулах ажлаа дуусгалаа.
Ажлын хэсэг Соёлз уул, Галдастайн гол, Цэцэгт уул, Зараа уул, Бичигт толгой, Орч уул орчмын бүсэд ажиллах үеэр тал хээрийн ургамлан нөмрөгийн газрын дээрх биомассын дийлэнх хэсэг түймэрт өртсөн болохыг тогтоосон байна.
Харин түймэрт өртсөн хусан ойн экосистемийн хувьд шаталтын эрчим харьцангуй сул болон дунд түвшинд байсан талаар урьдчилсан ажиглалт гарчээ.
Гэсэн хэдий ч түймрийн бодит нөлөөллийг зөвхөн газрын гадаргын шаталтын байдлаар дүгнэх боломжгүй юм.

Ургамлын үндэсний систем, хөрсний органик үе давхарга, хөрсний үржил шим, экосистемийн нөхөн сэргэх чадавх хэр хэмжээнд өөрчлөгдсөнийг лабораторийн шинжилгээгээр нарийвчлан тогтоох шаардлагатай байна.
Иймд хээрийн судалгааны явцад цуглуулсан дээжүүдэд лабораторийн шинжилгээ хийж, ургамлын үндэс, органик хэсгүүд шатсан эсэх, хөрсний шинж чанарын өөрчлөлт болон экосистемд үзүүлсэн нөлөөллийг тодорхойлсны дараа түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт байгаль орчин, ой, хөрс, биологийн олон янз байдал болон хохирлын үнэлгээний чиглэлээр 16-50 жилийн ажлын туршлагатай эрдэмтэн, судлаач, шинжээчид ажиллаж байна.
Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026