Ярилцлага8 цаг 36 минутын өмнө
Ярилцлага8 цаг 36 минутын өмнө
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв УТҮГ-ын захирал Н.Булгантамиртай ярилцлаа.
-Монгол Улсын усны нөөцийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Монгол Улс усны нөөцийн хувьд бүс нутгийн хэмжээнд харьцангуй эмзэг нөхцөлтэй орны нэг. Манай орны усны нөөц газар нутгийн хэмжээнд жигд бус тархсан, мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, ган, хуурайшилтын нөлөөгөөр усны нөөцийн хомсдол улам анхаарал татаж байна.
Нөгөө талаас хүн амын төвлөрөл, хотжилт, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын хөгжилтэй холбоотойгоор усны хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа.
Энэ асуудлыг зөвхөн өнөөдрийн усны хэрэглээгээр хэмжих боломжгүй. Бид цаашид хэдэн жилийн дараа ямар хэмжээний усны хэрэгцээ үүсэх вэ, одоо байгаа нөөц маань түүнийг хангаж чадах уу гэдгийг урьдчилан тооцож, бодлогоо тодорхойлох шаардлагатай.
OECD болон Азийн усны зөвлөлөөс 2025 онд гаргасан Монгол Улсын усны эрэлтийн менежментийн судалгаанд ч усны эрэлт нэмэгдэж, 2040 он гэхэд одоогийн нийлүүлэлтийн хэмжээнээс давах эрсдэлтэй байгааг онцолсон. Энэ бол бидэнд өгч буй маш тодорхой анхааруулга юм
-Усны хэрэглээний гол ачаалал аль салбарт төвлөрч байна вэ?
-Монгол Улсын усны хэрэглээг салбараар нь авч үзвэл хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хэрэглээ харьцангуй өндөр хувийг эзэлдэг.
Энэ нь манай эдийн засгийн хөгжил усны нөөцтэй салшгүй холбоотойг харуулж байгаа юм. Тиймээс усны асуудлыг байгаль орчны салбарын хүрээнд дангаар нь авч үзэх бус, эдийн засаг, үйлдвэрлэл, хот байгуулалт, хөдөө аж ахуйн бодлоготой уялдуулах хэрэгтэй.
Ялангуяа уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт ашигласан усаа цэвэршүүлэн дахин ашиглах, эргэлтийн усан хангамжийг нэмэгдүүлэх, технологийн алдагдлыг бууруулах шаардлагатай байна.
Усны хэмнэлт гэдэг нь зөвхөн хэрэглээгээ багасгах тухай биш. Харин нэгж уснаас бий болгож байгаа үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгальд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай ойлголт юм.
-Монгол Улсын усны хэрэглээ газрын доорх уснаас ихээхэн хамааралтай байдаг. Энэ нь ямар эрсдэл дагуулж байна вэ?
-Манай улсын хувьд газрын доорх ус стратегийн чухал нөөц. Ялангуяа Улаанбаатар хот болон говийн бүсийн хүн ам, үйлдвэрлэл, уул уурхайн усан хангамжид газрын доорх ус онцгой үүрэгтэй.
Гэвч газрын доорх усны нөөц нь хязгааргүй биш. Нөхөн сэргэх хугацаа урт учраас тухайн газрын усны нөөц, нөхөн сэлбэгдэх боломжийг харгалзахгүйгээр ашиглах нь ирээдүйд ноцтой эрсдэл бий болгоно.
Тиймээс бид усны нөөцийг зөвхөн ашиглах бус хамгаалах, нөхөн сэргээх, тогтмол хянах тогтолцоог сайжруулах шаардлагатай.
Мөн газрын доорх уснаас хэт хамааралтай байдлыг бууруулж, боломжтой бүс нутагт гадаргын усны нөөцийг зохистой ашиглах, хур тунадасны усыг хуримтлуулах, саарал усыг дахин ашиглах шийдлүүдийг үе шаттай хэрэгжүүлэх нь чухал.
-Усны нөөцийг хамгаалах чиглэлээр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв ямар үүрэг оролцоотой ажиллах ёстой вэ?
-Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хувьд усны нөөцийг хамгаалах үйлсэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, усны талаарх мэдлэг, боловсролыг түгээн дэлгэрүүлэх, байгаль хамгаалах зөв хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн ажлууд чухал байр суурь эзэлдэг.
Усны асуудлыг зөвхөн мэргэжлийн байгууллагуудын хүрээнд ярьж, шийдвэрлэх боломжгүй. Иргэд, хүүхэд залуус, аж ахуйн нэгж, төрийн байгууллага гээд бүх талын оролцоо шаардлагатай.
Ялангуяа хүүхэд, залууст багаас нь усны үнэ цэнийг ойлгуулах, байгальтай зөв харьцах дадал хэвшүүлэх нь урт хугацааны үр дүнтэй ажил юм.
Бидний хувьд усны талаарх мэдээллийг иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй хүргэхийн зэрэгцээ байгаль хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийг бодитоор татан оролцуулах нь чухал гэж үздэг.
-Иргэдийн усны хэрэглээ, хандлагад юуг өөрчлөх шаардлагатай гэж бодож байна вэ?
-Юуны өмнө бид усыг байнга, хязгааргүй ашиглаж болох зүйл мэт ойлгодог хандлагаа өөрчлөх хэрэгтэй.
Өдөр тутмын амьдралдаа усаа зөв хэрэглэх, гоожиж байгаа цоргыг засах, хэрэгцээгүй үед усаа хаах зэрэг энгийн дадлаас эхэлнэ. Гэхдээ ус хамгаалах ажил зөвхөн өрхийн хэрэглээгээр хязгаарлагдахгүй.
Аж ахуйн нэгжүүд усны хэрэглээгээ хянадаг, технологийн алдагдлаа бууруулдаг, ашигласан усаа дахин боловсруулж ашигладаг байх ёстой. Энэ нь байгууллагын нийгмийн хариуцлагын нэг хэсэг байх шаардлагатай.
Мөн усны бохирдлоос урьдчилан сэргийлэх нь ус хэмнэхтэй адил чухал. Бохирдсон усыг цэвэршүүлэхээс илүүтэйгээр анхнаас нь бохирдуулахгүй байх нь байгаль орчин, эдийн засгийн аль алинд нь үр ашигтай.
- Цаашид Монгол Улс усны аюулгүй байдлаа хангахын тулд юунд илүү анхаарах хэрэгтэй вэ?
-Миний хувьд усны аюулгүй байдлыг хангахын тулд гурван үндсэн чиглэлд анхаарах шаардлагатай гэж үзэж байна.
Нэгдүгээрт, усны нөөцийн талаарх судалгаа, мэдээлэл, мониторингийн тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Бид усныхаа нөөцийг бодитой мэддэг, ирээдүйн хэрэглээгээ зөв тооцдог байх ёстой.
Хоёрдугаарт, усны хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай. Ялангуяа томоохон ус хэрэглэгч салбаруудад ус хэмнэх, дахин ашиглах технологийг нэвтрүүлэх нь чухал.
Гуравдугаарт, усны боловсрол, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Усны үнэ цэнийг хүн бүр ойлгож, хамгаалах үйл ажиллагаанд оролцдог байж бодит үр дүн гарна.
Эцэст нь хэлэхэд, ус бол зөвхөн байгалийн баялаг биш. Энэ бол хүний амьдрал, нийгмийн хөгжил, эдийн засгийн тогтвортой байдал, үндэсний аюулгүй байдлын үндэс юм.
Бид өнөөдөр усаа хэрхэн хамгаалж, хэрхэн зөв ашиглаж байгаагаас ирээдүй хойч үеийнхний амьдрах орчин шууд хамаарна. Тиймээс усны асуудалд хүн бүрийн оролцоо, хариуцлага чухал байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.