Нийтлэл4 цаг 38 минутын өмнө
Нийтлэл4 цаг 38 минутын өмнө
Иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт муудаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ зогсолтгүй нэмэгдсээр байна. Өмнөх сарын инфляцын түвшин 12.9 хувьд хүрч Төв банкны бодлогын хүүгээс давлаа.
Онц эцэст инфляц 18 хувьд хүрч болзошгүй талаар Монголын банкны холбоо мэдээлсэн байдаг. Үүний гол буруутныг хайвал хэт тэлсэн төсөв баталсан УИХ, түүнийг нь өргөн барьж батлуулсан Засгийн газар, мөнгөний буруу бодлого хэрэгжүүлсэн Монгол банк руу чиглэнэ.
Уг нь инфляц хэт их өссөн үед төрөөс төсвөө хумих бодлого барих ёстой. Гэтэл Засгийн газар ирэх оны төсвийг бараг 10 их наядаар нэмэгдүүлж, 43.6 их наядын төсөв өргөн барьсан байдаг. Төсвийн зардлыг нэг их наяд төгрөгөөр нэмэхэд инфляц 0.9 нэгж хувиар өсдөг хэмээн Монголбанкнаас мэдээлсэн байдаг. Үүнээс харвал ирэх оны инфляц хоёр оронтой тооноос буухгүй байх нь ээ.
Төсвийн тэлэлт инфляцыг өдөөдөг. Инфляцынхаа асуудлыг шийдээгүй байж цалин нэмлээ гээд ард иргэдийн амьдрал ямар ч нэмэр болохгүй. Жишээ нь, та 2 сая төгрөгийн цалин авдаг байлаа гэж бодъё. Таны цалин 15 хувиар нэмэгдэж 2.3 сая болсон ч инфляц 15 хувьтай байвал таны авдаг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 15 хувиар нэмэгдэж, цалин чинь бодитоор нэмэгдээгүй болж таарах юм.
Эндээс бодит цалин гэх ойлголт гарч ирнэ. Бодит цалин гэдэг нь нэрлэсэн цалингаас инфляцаа хасаад гарсан дүн юм. 2026 оны II улиралд нэрлэсэн цалин дунджаар 3.03 сая болж нэмэгдсэн ч бодит цалин 1.8 хувиар буурсан байна. Инфляц өндөр байвал цалин яаж ч нэмэгдээд нэмэргүй гэдгийг эндээс харж болно.
Мэдээж төсөвт тусгасан цалин тэтгэврийн нэмэгдэл зөвхөн ахмадууд болон төрийн албан хаагчдад хамаарна. Дагаад хувийн хэвшилд ажиллаж байгаа иргэд цалингаа нэмэхийг шаардана. Хувийн хэвшлийнхэн цалингаа нэмэхийн тулд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмнэ. Ингээд л авч байгаа цалин нь инфляцдаа идэгдсээр амьдралд нь хүрэлцэхгүй болж, Монгол төгрөгийн үнэ цэн улам бүр унах чөтгөрийн тойрогт орчихож байгаа юм.
Энэ талаарч ҮАГ-аас тэтгэвэр болон төрийн албан хаагчдын цалинг нэмж байгаа асуудал нь хувийн хэвшлийн цалинд нөлөөлж, инфляцын дарамт болж, төсөв болон эдийн засагт нөлөө үзүүлж байна гэж дүгнэсэн байна.
Мөн ОУВС-гаас "Төсвийн тэлэлт, төрийн албан хаагчдын цалингийн өсөлт нь цалин ба инфляцын гинжин өсөлтийн эрсдэлийг үүсгэж болзошгүй" хэмээн дүгнэсэн байна.
Инфляцаа хазаарлахгүйгээр хэдэн удаа ч цалин нэмээд нэмэргүй. 2025 оны төсөвт цалингийн зардлыг 15.9 хувиар нэмэгдүүлж байсан бол энэ оны төсөв дэх цалингийн зардлыг 24 хувиар дахин өсгөсөн байна. Харин 2027 оны төсөвт төрийн албан хаагчдын цалин, иргэдийн суурь тэтгэврийг нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд 5 их наяд 247 тэрбум төгрөгийг төлөвлөсөн нь өрхийн орлого, эдийн засгийн дотоод эргэлтийг дэмжих боловч эрэлтээс шалтгаалсан инфляцыг өдөөх эрсдэлтэйг анхаарч, нийлүүлэлтийг тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж Үндэсний аудитын газраас дүгнэсэн байдаг.
Цалин, тэтгэвэр нэмэх нь ерөөсөө буруу биш. Төгрөгийн өмнө үүрэг хүлээдэг Төв банк ч, төсөв хариуцдаг Засгийн газар ч инфляцтайгаа тэмцэхгүй бол авдаг цалин нь цаас болж, төгрөгийн ханш үнэгүйдсээр байгаа нь бодит байдал болоод байна. Төрөөс гардаг цалин, тэтгэврийн зардал жилээс жилд нэмэгдэж байгаа ч иргэдийн амьдрал дээрдэхгүй, улам дордож байгаа нь үүний баталгаа.
Түүнээс гадна ирэх онд авахаар төлөвлөж буй Оюутолгойн ногдол ашиг гурван их наяд төгрөгийг иргэдэд шууд тараах асуудал хөндөгдөж эхэллээ. Уг нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу бол Хуримтлалын санд төвлөрч 2023 оноос иргэдийн орон сууц, эрүүл мэнд, боловсролд зарцуулагдахаар тусгагдсан байдаг. Гэтэл үүнийг 2027 оны төсөв дээр хөндөж, хөрөнгө оруулалтад хоёр их наяд төгрөг зарцуулах асуудлыг хөндсөн нь өнөөдрийн бэлэн мөнгө тараах санаачлагын эхлэл болсон юм.
Өчигдөр олон Ерөнхийлөгч У.Хүрлэсүх Ерөнхий сайд Н.Учрал болон Сангийн сайд З.Мэндсайхан нартай уулзахдаа “Байгалийн баялгийн хишгийг орж ирсэн тухай бүрт нь ард иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал. Та бүхэн хөрөнгө оруулагч талтайгаа гэрээ хэлцлээ маш сайн хийх хэрэгтэй. Мөнгөө яаж дансанд нь хэзээ, хэрхэн хуваарилах дүрэм журмаа боловсруулж, эрх зүйн орчноо бүрдүүлэх хэрэгтэй. Гурван их наядаас орж ирсэн тухай бүрт нь иргэдийнхээ дансанд шилжүүлж, энэ чиглэлд онцгой анхаарч ажиллах ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байгаагаа Ерөнхий сайд таньд хэлье” хэмээсэн юм.
Энэ бол Төрийн тэргүүн Засгийн газарт чиглэл өгч буй хэрэг. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд З.Мэндсайхан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах нөхцөл үүслээ хэмээн хэвлэлд ярилцлага өгснөөс харвал иргэдэд мөнгө тараах асуудал зүгээр ч нэг яригдаад мартагдах сэдэв биш болоод байна.
Эдийн засагт эрэлт нийлүүлэлтийн хууль үйлчилдэг. Зах зээлд хэт их мөнгө нийлүүлэгдсэнээр бараа бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэнэ. Харин үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт эрэлтээ гүйцэж чадахгүй байснаас үнэ өсөж, инфляц нэмэгдэх суурь шалтгаан болдог. Үүний нэгэн адил тавхан жилийн өмнө 13 их наяд байсан төсвөө хэдэн их наядаар нь өсгөсөөр өнөөдөр 40 гаруй их наядын төсөв хэлэлцэж, гурван их наядыг иргэдэд тараах талаар яриад сууж байгаа нь төгрөгийн ханшийг талаар нэг тарааж, эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх маш том аюул юм.
Тиймээс эрх баригчид зөвхөн цалин, тэтгэвэр нэмж, бэлэн мөнгө тараахыг иргэдээ дэмжиж байгаа бодлого гэж харж болохгүй. Өнөөдөр 5000 төгрөгөөр авч байгаа сүүг бэлэн мөнгө аваад, цалингаа нэмүүлний дараа 7000 төгрөгөөр авлаа гээд алсдаа ямар ч ашиггүй байгааг дээр дурдсан бодит буурсан жишээнээс харж болно. Үнийн өсөлтийг тогтоон барихгүйгээр зах зээлд хэт их мөнгө нийлүүлэх нь нэг гараараа өгөөд нөгөө гараараа булааж байгаа хэлбэр гэдгийг ойлгох хэрэгтэй.
Бизнесүүд дампуурч, бодлогын хүү нэмэгдэж, хоногийн хоолоо дөнгөн данган залгуулах өрхийн тоо нэмэгдсээр байна. Төр төсвийн хэт тэтэлтээ хумьж, үр ашиггүй зардлуудаа танаж, бэлэн мөнгө тараахгүй байж, мөнгөний нийлүүлэлтийг зохистой түвшинд барих шаардлагатай. Тэгж байж төгрөгийн ханш тогвортой байж, эдийн засаг тэлэх, иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнээн энэ улс сүйрлээ

November 2, 2026

October 26, 2026

October 25, 2026

October 20, 2026