Нийтлэл57 минутын өмнө
Нийтлэл57 минутын өмнө
Өрхийн орлого хүнсний хэрэглээндээ хүрэлцэхээ больж, иргэд өнөө маргаашийнхаа хоолыг арай ядан залгуулж байна.
Өрхийн амьжиргааны түвшин, худалдан авах чадварыг бодитоор харуулахын тулд бид нэгэн туршилт хийлээ. Дөрвөн ам бүлтэй нэг өрхөд 100 мянган төгрөгөөр хэд хоногийн хоолны материал авч хүрэх вэ?
Ингээд бид хүнсний зах орж бүтээгдэхүүн бүрээс хамгийн хямд үнийг сонгон худалдан авсан юм.
50 мянган төгрөгөөр мах авч, үлдсэн мөнгөөр төмс, лууван, сонгино, сармис, манжин, чинжүү зэрэг хүнсний ногоо, будаа, гурил, тос, давс, талх, сүү, цайны идээ авлаа.

Энэ бол ямар ч тансаг хэрэглээ агуулаагүй, ердөө л өдөр тутмын хоол хийхэд шаардлагатай хүнсний үндсэн бүтээгдэхүүнүүд. Бидний тооцоолсноор эдгээр хүнсээр дөрвөн ам бүлтэй айл хоёр хоног хоол хийх боломжтой.
Гэхдээ энэ бол хамгийн наад захын хэрэглээ. Хүүхдүүддээ жимс авч өгөх, талхан дээрээ түрхэх зүйл авах, хоолныхоо орцыг нэмэгдүүлэх зэрэг энгийн хэрэгцээг тооцоогүй дүн юм. Өөрөөр хэлбэл, бид зөвхөн амьдралын зайлшгүй хэрэгцээний хүнсийг л сонгосон гэсэн үг.
Харин үүнийг сарын хэрэглээнд шилжүүлэн тооцъё.
Дөрвөн ам бүлтэй өрх хоёр хоногт 100 мянган төгрөгийг зөвхөн хүнсэндээ зарцуулж байгаа бол сард 1.5 сая төгрөг шаардлагатай болно. Энэ нь өдөрт дунджаар 50 мянган төгрөг, сард 30 хоногоор тооцсон дүн.
Үндэсний статистикийн хорооны 2026 оны хоёрдугаар улирлын өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 2.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар буурсан байна.
Харин бид өрхийн сарын орлогыг бодитоор 2.5 сая төгрөгөөр тооцвол үүний 1.5 сая буюу 60 хувийг зөвхөн хүнсэндээ зарцуулах нь. Үлдсэн нэг сая төгрөгөөр зээл, байр, цахилгаан, дулаан, унаа, хүүхдийн сургууль цэцэрлэг болон бусад хэрэгцээгээ зохицуулах шаардлагатай болно.
Тухайлбал, сард нэг сая төгрөгийн зээлийн төлбөртэй өрхийн хувьд дээрх хоёр зардал нийлээд сарын орлоготой нь тэнцэнэ. Гэтэл үүнээс гадна гарч ирэх гэнэтийн зардал, эмчилгээ, хувцас, боловсрол, ахуйн хэрэгцээг яах вэ.
Иргэдийн худалдан авах чадварт үнийн өсөлт хэрхэн нөлөөлж байгааг статистик ч харуулж байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2026 оны аравдугаар сард улсын инфляц 13.4 хувьд хүрчээ. Үүнээс хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 19.8 хувиар өссөн байна. Харин мах, махан бүтээгдэхүүний үнэ 44.4 хувиар, үхрийн махны үнэ 46.2 хувиар нэмэгджээ.
Өөрөөр хэлбэл, иргэдийн өдөр тутмын хамгийн наад захын хэрэглээ болсон хүнсний бүтээгдэхүүний үнэ нийт инфляцаас ч өндөр өссөн гэсэн үг.
Бидний сурвалжилгын үеэр худалдаа эрхлэгчид ч худалдан авалт буурсан талаар ярьж байлаа. Иргэд үнээ харьцуулж, хамгийн хямд бүтээгдэхүүнийг сонгох болсон бөгөөд өнөө маргаашийнхаа хоолны материалыг л өдөр өдөрт нь тааруулан авч байна гэдгийг онцолсон юм.
Хүн зөвхөн өнөөдрийнхөө хоолыг залгуулах, маргаашийнхаа зардлыг зохицуулах, зээлээ төлөхийн төлөө амьдардаггүй. Хүүхдэдээ хүссэн зүйлийг нь авч өгөх, эрүүл мэнддээ анхаарах, гэр бүлээрээ аялах, амарч зугаалах, ирээдүйдээ зориулж хуримтлал үүсгэх хүсэл, хэрэгцээ хүн бүрд бий.
Гэвч өрхийн орлого өдөр тутмын наад захын хэрэглээндээ хүрэлцэхгүй байгаа нөхцөлд эдгээр хэрэгцээ хойш тавигдсаар байна. Орлого нь зардлаа нөхөхгүй үед иргэд хэрэглээний зээл, аппликейшний зээлээр дутагдлаа нөхөж, нэг зээлээ нөгөөгөөр төлөх эрсдэлд орж байна.
100 мянган төгрөгөөр дөрвөн ам бүлтэй айл хоёрхон хоног хооллох энэ туршилт бол ердөө нэг өрхийн жишээ. Гэхдээ энэ жижигхэн тооцооны цаана хүнсний үнийн өсөлт, өрхийн санхүүгийн дарамт, худалдан авах чадварын доройтол, амьдралын чанарын асуудал бүхэлдээ харагдаж байна.
Иргэд зөвхөн амь зогоохын тулд бус, ая тухтай, эрүүл, аз жаргалтай амьдрахын тулд хөдөлмөрлөж байна. Гэтэл өнөөдрийн нөхцөлд олон өрхийн сарын орлого амьдралын хэрэгцээг нь хангахад бус, зөвхөн өнөө маргаашаа аргацаахад л хүрэлцэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 10, 2026

November 9, 2026

November 5, 2026

November 2, 2026