Нийтлэл1 цаг 29 минутын өмнө
Нийтлэл1 цаг 29 минутын өмнө
-Ж.Энхбаяр, Б.Чойжилсүрэн нарыг Ерөнхий сайд дуудаж уулзжээ-
МАН 2024 онд үнэмлэхүй олонх болж, парламентад 68 суудалтай болсон. Гэсэн ч нам доторх хэрүүл тэмцэл, талцлаасаа болж гурав дахь Засгийн газар, УИХ-ын даргын нүүр үзэж байна. Энэ 68 хүнээс 40 гаруй нь ээлжилж сайд болцгоож гишүүний албыг давхар хашиж ирэв. Одоо нэг засаг төр тогтворжиж, төрийн ажлын залгамж чанар үргэлжлэх нь гэтэл Н.Учрал кабинетынхаа сайд нарыг сэлгэхээр болжээ. Түүний тэргүүлсэн Засгийн газар байгуулагдаад долоон сар гаруй болж буй. Өнгөрсөн хугацаанд тэрбээр Хууль зүй дотоод хэргийн сайдаа сольсон бол одоо Батлан хамгаалахын сайдаа явуулах нь ээ.
Үнэндээ Н.Учралын гэхээсээ зарим сайд нарынх нь нэр хүнд навс унаж, кабинетаа доош чирэх болсон.Үүний тэргүүн эгнээнд хавраас хойш Ерөнхий сайдын чихийг халууцуулсан Батлан хамгаалахын сайд Л.Батлут бичигдэж буй учир түүнийг чөлөөлөх аж. Тэрбээр ч өнгөрсөн долоо хоногт өөрийн хүсэлтээр сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч буйгаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн.
Түүний оронд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж буй Ж.Энхбаярыг сэлгэн томилно гэх яриа улс төрийн хүрээнд гараад хэд хонож байна. Ж.Энхбаяр энэ албан тушаалд очих эсэхээ шийдээгүй, ийм санал ирээгүй гэж хэвлэлд удаа дараа мэдэгдсэн. Гэхдээ өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Засгийн газрын зарим сайд нарын хамт Ерөнхий сайдын өрөөнд дуудагдсан юм. Үүний өмнө Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр нар уулзсан. Тэд улс төрийн ойр зуурын сонин сайхан хуучилсан, бидний өрөө хөрш зэргэлдээ гэх тайлбар хэлж байв.
Уулзалтаар Б.Чойжилсүрэн Н.Учралын Засгийн газарт орж ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр сар гаруйн өмнө Ерөнхийлөгчтэй уулзаж улс төрийн сонин сайхан хуваалцсан гэдгээ ч хэлж байв.
Эх сурвалжийн өгсөн мэдээллээр, Ж.Энхбаяр Эдийн засгийн хөгжлийн сайдаасаа буух сонирхолгүй байгаа аж. Тэрбээр сэлгэж ажиллах сонирхолгүйгээ нэг бус удаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад илэрхийлж, өөрийн яаман дээр буй том төслүүдээ хөдөлгөх сонирхолтой байгаагаа хэлжээ. Харин Б.Чойжилсүрэнгийн хувьд, олон жил гацсан Тавантолгойн дулааны станцын тендерийг явуулж, гацаанаас гаргах сонирхолтой. Энэ төсөл Эрчим хүчний бус Эдийн засгийн хөгжлийн яаманд харьяалагдаж байгаа юм байна. Тиймээс тус яамыг хариуцах сонирхолтой ч бүр боломгүй бол Эрчим хүчний яамандаа буцаж очих үг ч цухуйлгасан байна. Тэрбээр саяхнаас хэвлэлд “Ажил хийж болдгийг Эрчим хүчний сайдаар хоёр удаа томилогдож ажиллахдаа би харуулсан” хэмээн ярих болсон нь Засгийн газарт орж ажиллах сонирхол буйг илэрхийлж байх.
Ж.Энхбаяр гүрийвэл Б.Чойжилсүрэнг Эрчим хүчний яам руу явуулах хувилбар мөн яригджээ. Энэ тохиолдолд одоогийн сайд Б.Найдалааг Соёл спорт, аялал жуулчлалын яам руу сэлгэх талаар ч эхний байдлаар ярьжээ. Мөн Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирыг УИХ-ын гишүүн Х.Ганхуягаар солихоор эхний байдлаар тохирцгоожээ. Нөгөө талд Х.Ганхуягт Батлан хамгаалах салбарыг хариуцуулаад үзье ч гэх санал гарсан байна.
УИХ өнгөрсөн баасан гарагт ирэх оны төсвийг эцэслэн баталлаа. Үүний дараа Н.Учрал кабинетдаа салхи оруулж, сэлгэхээр болсон гэх яриа аль сарын өмнө улс төрийн хүрээнд гараад байсан нь төсөв батлагдахтай зэрэгцээд Батлан хамгаалахын сайд Д.Батлут өргөдлөө өгснөөр ийн нотлогдож байна.
Сайд нарыг сэлгэх тохироо яриа хэлцлийн түвшинд үргэлжилж, эцсийн шийд гараагүй, нэрс яаж ч өөрчлөгдөж мэдэхээр байгааг эх сурвалж хэллээ. Ямартай ч парламентад хоёр удаа сонгогдсон одоо дан дээлтэй гишүүдээс Н.Учрал засагтай оруулах бодлого мөн барьж байгаа аж.
Эцсийн дүндээ, энэ сэлгээ томилгооны ард МАН ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуулиа бодож, засгаа огцруулах гэхээсээ илүүтэй эе эвдрэлцээд байгаа хүмүүстэйгээ эв түнжинтэй байх тухай агуулга юм. Тиймдээ ч Л.Оюун-Эрдэнийн квотоор Б.Чойжилсүрэнг эрчим хүч, том төслүүд хариуцах сайд болгох тохироо хөшигний ард яригдсан байна. Одоо Н.Учралын Засгийн газарт МАН-ын 30-ийн талаас Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Ж.Алдаржавхлан, Ч.Номин нарын сайд багтаж буй. С.Амарсайхан байсныг Ерөнхийлөгчтэй “зөвшилцсөний” үндсэн дээр Г.Тэмүүлэнгээр сольсон. Тэгэхээр Д.Батлутын оронд 30-ийн талаас томилогдох учир хооронд нь сэлгэхээр ярилцсан гэх мэдээлэл ч бий юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 16, 2026

November 12, 2026

November 11, 2026

November 9, 2026