Халуун сэдэв19 цаг 35 минутын өмнө
Халуун сэдэв19 цаг 35 минутын өмнө
Одоогоос 10-аад жилийн өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо хоёр өвгөний хоорондоо ярьсан яриаг эш татдаг. Тэр нь “Хоёр хөгшний нэгнийх нь хүү төрийн сайд, нөгөөх нь жолооч гэхэд сайд бол түр зуурынх, харин жолооч бол бүр юм аа” гэж нэгнийгээ мадалдаг тухай яриад, төрийн өндөр дээд албан тушаалыг тухайн цаг үедээ хариуцлагатай хашаад явах цагтаа явах ёстой тухай агуулга тэрбээр хөнддөг.
Тэгвэл 1991 оноос МАХН-д Улс төрийн ажилтнаар ажиллаж, улс төрийн замналаа эхлүүлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын төрд, улс төрд 30 гаруй жилийг өнгөрүүлж, өдгөө хамгийн өндөр сэнтийд сууж байна.
ҮАБЗ-ийг тэргүүлж, бүх ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэх эрхэм хүндтэй, маш хариуцлагатай албан тушаалаасаа татгалзахаа илэрхийлчихлээ.
Шалтгаан нь өөрийнх нь итгэл үнэмшилд бат нот суусан Ардын нам, түүн доторх авлига, хулгайтай өөрийнх нь нэр холбогдсонтой холбоотой.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах энэ хугацаандаа би ард түмнээсээ, төр засгаасаа хулгай хийж байгаагүй хүн. 17 настай байхдаа эх орондоо тангараг өргөж цэрэг эр болсон хүн байгаа юм. Би одоо офицер хүн. Худлаа ярьж явсангүй, хулгай хийж явсангүй, хуурч мэхэлж явсангүй. Энэ миний үндсэн зан характер. Үүнийг манай ард түмэн ч мэднэ, хэвлэл мэдээллийнхэн та бүхэн маань ч мэднэ. Тийм учраас шударга ёс тогтоохын төлөө энэ эрхэм дээд үүрэгт ажлыг хүлээлгэн өгч байна. Нэр төрөө сэргээлгэнэ” гэлээ.
Тийм ч биз, үгүй ч биз. Ерөнхийлөгчийн мэдэгдлээс удахгүй энгийн иргэн болно. Тэгж байгаад илэн далангүй ярилцана гэсэн нь улс төрөөс явахгүй, харин ч өөрийнх нь үзэл санаанд гүн бат суусан Ардын намдаа цэвэрлэгээ хийж, 2028 оны сонгуульд намаа удирдаж орох нь гэсэн дүр зураг бууж байна.
Өнгөрсөн хугацаанд хийсэн улс төрийн акцуудаас харахад, Ж.Эрдэнэбатаас Ерөнхий сайдын сэнтийг авсан байдал, сүүлд Л.Оюун-Эрдэнэд УИХ итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцэж, санал хураахын өмнө чуулганы танхимд орж ирж үг хэлсэн биеийн хэлэмж, нүүрний хувирал, харц, өчигдрийн мэдэгдэл хийхдээ гаргасан хэт тайван, тогтуун байдал зэрэг нь Ерөнхийлөгч хэдийнэ улс төрийн дараагийн нүүдлээ зэхжээ гэж уншигдаж байна.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа “Энэ хүн одоо Ерөнхийлөгчөөс буугаад намаа аваад, олонхын намын дарга Ерөнхий сайд болдог жишгээр гүйцэтгэх засаглалын тэргүүн болоод явахаар харагдаж байна” хэмээн ярьсан.
Улс төрийн хүрээнд ч ийм яриа гараад удаж буй. Хэрэв зээ ийм нүүдэл хийхээр шийдсэн бол 2021 онд У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ёс зүйн хариуцлага хүлээж огцорч байсан шиг ард түмэн алгаа ташаад хүлээж авах нь юу л бол. Таван жил гаруйн өмнөхөөс ард түмэн илүү хэрсүү болжээ.
Иргэдийн амьдрал ч тэр үеийнхээс сайнгүй байна. Ядуурал өдрөөс өдөрт нэмэгдэж иргэдийн төрдөө итгэх итгэл ч суларч байгаа ийм үед улстөрчид нь чи их идсэн, би бага идсэн гэж хэрэлдэж байгаа нь шударга үнэнд, хоногийн хоолоо дөнгөн данган залгуулж буй хүмүүст хэр тусах вэ.
Ядахад яр гэгчээр МАН гурван сонгууль дараалж олонх болж, эрх мэдэл, албан тушаалдаа сагаж, бярдаж, бялуурч, чин шударгаар насаараа хөдөлмөрлөөд ч хүн бүрийн олж чадахгүй их мөнгө, сая сая долларын авлига, хулгайг илчилж, авсан, өгсөн гэж ярьж буй нь үнэхээр зэвүүцэм байна.
Ийм үед Ерөнхийлөгч нэр төрөө сэргээлгэхээр бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас долоон сарын өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргаж буй нь түүний хувьд улс төрийн гал дундуур дахин оролцохоор зориг шулуудсаны шинж.
Энэ нь ч өөрийнх нь мэдэгдэл дунд “Монгол Улсын Ерөнхийлөгч юм болгонд хариулт өгөөд л сошиал ертөнц рүү ороод янз янзын асуудал яриад бичээд байдаггүй, ийм боломж ч байхгүй, ярих, ярихгүй юм гэж байна. Ажлаа өгөөд иргэн болсны дараа надад бас ярих хөөрөх зүйл их байгаа” гэснээр илэрч буй.
Тэр улс төрөөс явахгүй. Намын улс төрийн ажилтнаас улсын Ерөнхийлөгч хүртэл явсан замналаа шатрын өрөг дээр дахин өрж шинээр эхлэх бэлтгэлээ л базааж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Хүүк насаараа улс төрийн өндөр албан тушаалд л байх дуртай хүн юм. Гэхдээ ард иргэдийн амьдрал улам л уруудсан уу гэхээс сайн сайхан болсонгүй

November 18, 2026

November 17, 2026

November 15, 2026

November 12, 2026