Халуун сэдэв14 цаг 53 минутын өмнө
Халуун сэдэв14 цаг 53 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Ерөнхийлөгч та ажлаа хүлээлгэн өгч, үнэн зөвөө тогтоолгохоор болжээ. Таны хариуцлага хүлээх шийдвэрийг хүндэлж байна. Ковидын цар тахлын үед шийдвэртэй сайн ажилласан. 2022 онд Монголд ээлтэй сувилагч гэдэг арга хэмжээ зохион байгуулсныг санаж байна. Санй мэдээ нь сувилахуйн ордон өнөөдөр ашиглалт орохоор байж байна. Мөн Эрүүл Монгол хүн хөтөлбөр байна. Архины градусыг буулгасан нь оновчтой чухал шийдвэр байсан.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Нэгэнт улсын Ерөнхийлөгч бас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгчихсөн, та бүхэн маань шийдэх ийм эгзэгтэй цаг үед ирчихсэн байгааг би маш сайн ойлгож байна. Өнөөдрийн хурал нээлттэй явж байх шиг байна. Гадаад ертөнц бас анхааралтай ажиглаж байх шиг байна. Улсын Ерөнхийлөгчийн ажил бол улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, Үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлтэй холбоотой эрхэм дээд ажил байдгийг та бүхэн маань мэднэ. Надад бас ярих юм байна, ярихгүй юм гэж байгаа гэдгийг та бүхэн маань ойлгож байгаа байх гэж бодож байна. Одоогоор би төрийн тэргүүний ажлыг өгөөгүй байгаа. Өгөөд иргэн болсны дараа надад ярих зүйлүүд нэлээд гарах байх гэж бодож байна. Хэлж ярьж байгаа зүйлд маань та бүхэн бас ойлгож хүлээж авч хандаарай.
Би зарим нэг зүйлүүдийг дутуу хариулж байж магадгүй. Дутуудаа биш ярьж болохгүй байгаа учраас ингэж хариулж байна гэж ойлгоорой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүнд бол маш цэвэр цэмцгэр байх ёстой. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмнээ төлөөлдөг хүн. Аюулгүй байдлаа төлөөлдөг, гадаад ертөнцөд улс эх орноо төлөөлдөг ийм эрхэм алба байгаа юм. Тийм учраас Ерөнхийлөгчийн нэр хүнд рүү сүүлийн тав, зургаан сар эрээ цээргүй халдлаа шүү дээ. Хүний санаанд багтамгүй, ой тойнд багтамгүй асуудлуудыг ярилаа, гүтгэлээ, зохиож байна. Хэд хэдэн зураг эвлүүлж тавиад мөрөөрөө ажил хийж байгаа хүмүүсийг хүртэл хилийн чанадаас оргон зайлсан гэмт хэрэгтэн, хүмүүс харлуулж байна. Гэмт хэргийн бүлэглэлүүд байгаа.
Ажил хийлгэхгүй байна. Ард түмний дунд эмх замбараагүй байдал үүсгэхийг оролдож байгаа. Надад бол одоо нэг л сонголт байна. Энэ бол үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөд, төрийн тэргүүний эрхэм нэр хүндийг сэргээх явдал. Би одоо энийг л хийнэ гэж бодож шийдэмгий шийдвэр гаргасан гэдгийг л та бүхэнд хэлэхийг хүсэж байна.

УИХ-ын гишүүн Б.Уянга: Төмөр замын асуудал яригдсан учраас энд хэдэн асуудлыг тэмдэглэж үлдээе гэж бодож байна. Монгол Улс Тавантолгойн нүүрс экспортлох төмөр зам барья гээд аль 2008 оноос ярьж эхэлсэн байгаа юм. Анхны бүтээн байгуулалт нь 2011-2013 оны хооронд явагдсан байгаа юм. Яг энэ үед Зам тээврийн сайдыг нь Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга хийж байсан гэдгийг бүгд мэддэг. 2014 оноос зогсонги байдалд орсныг нь бас тэмдэглүүлмээр байна. Шалтгаан нь нарийн цариг, өргөн цариг. Бөөн талцал нийгэмд үүсгэсэн. Ингээд 2019 оноос төмөр замтай холбоотой бодлого өөрчлөгдөөд барья гээд эрчимжүүлж эхэлсэн байгаа юм. Ингээд явж явж 14 жилийн дараа 2022 онд энэ бүтээн байгуулалт эцэслэгдсэн байна.
Энэ бүх үйл явдлыг он цаг дарааллаар нь бодоод үзэхээр нэлээн их хувийн ашиг сонирхлоо оруулаад, юм л бол төмөр зам, нүүрс гэж ярьдаг хүн нь уг нь яг урдаас хараад сууж байх ёстой байсан Х.Баттулга гишүүн маань байгаа юм. Өнөөдөр бид нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өөрийнх нь өргөдлөөр, ажлаа өгөөд нэр төрөө сэргээлгэнэ гэсэн асуудлыг хэлэлцэж байна л даа. Үүнийг бол хүндэлж хүлээж авч байгаа. Гэхдээ үндсэн шалтгаан нь энэ төмөр замтай холбоотой байх юм болбол анхнаас нь үүнийг авч явж гүйцэтгэсэн хүнээс нь эхэлж шалгах ёстой гэж бодож байна. Үүнийг албан ёсоор хурлын тэмдэглэлд үлдээе ээ.

Батлан хамгаалахын сайд Л.Батлут: Эрхэм Монгол Улсын Ерөнхийлөгч таны энэхүү шийдвэрийг би хүндэтгэн хүлээж авч, дэмжиж байна. Та Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаар ажиллах хугацаандаа өөрийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, хэлсэн амлалтдаа бүрэн дүүрэн хүрсэн гэдгийг манай салбарынхан бүгд сайн мэдэж байгаа. Тухайлбал, таны манлайлал дор Батлан хамгаалах яамны гадаад хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрсэн. 15 улсад Батлан хамгаалахын атташетэй болсон. Мөн 40 улстай идэвхтэй цэргийн хамтын ажиллагаатай болсон байгаа. Олон улсын энхийг дэмжих ажиллагааны оролцоо өндөр түвшинд хүрсэн. Одоо долоон улс оронд 720 гаруй энхийг дэмжих ажиллагааны ажилчид алба хааж байна.
Дэлхийн улс оронд энх тайван байдлыг тогтоохын тулд Монголын Зэвсэгт хүчин ажиллаж байна. Хамгийн сүүлд Хайти улсад олон улсын цэргийн багийг монгол генерал удирдаж байгаа гээд олон чухал үр дүнгүүд гаргаж байгаа. НҮБ-ийн индэр дээр тавьж байсан амлалтаа ч бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадсан. 2025 онд энхийг дэмжих ажиллагаанд оролцсон нийт бие бүрэлдэхүүний 15.6 хувь нь эмэгтэй алба хаагчид болсон байгаа. Түүнээс гадна Монгол Улс өөрсдөө тусламж авдаг байсан бол гадаадад хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцдог болсон. Турк улсад болсон газар хөдлөлтөнд нэрвэгдсэн манай бие бүрэлдэхүүн ажиллаж, олон хүний амь нас аварч, үйлчилгээ үзүүлсэн гээд энэ хүний оролцоо манлайл дор олон чухал үр дүнгүүд гарсан гэдгийг өнөөдөр тодотгож хэлэхийг хүсч байна. Монгол Улсын зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнийн өмнөөс талархал илэрхийлье.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдсон цагаасаа хойш 153 тэрбум төгрөгийг зарцуулсан байдаг. Ерөнхийлөгчийн төсөв бол МУ-ын татвар төлөгчдийн мөнгөнөөс тавигдаж байгаа. Тэр утгаараа УИХ дээр таван жилийн хугацаанд ямар нэгэн тайлан тавиагүй учраас бид бүхэн бас таны тайлантай танилцах хэрэгтэй гэж миний хувьд үзэж байгаа. Тэр утгаараа тайлангаа ил тод дэлгэрэнгүйгээр 153 тэрбум төгрөгийг юунд зарцуулагдсан гэдгийг бид бүхэн мөн авч хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа. Дээрээс нь МУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд олгогддог төрийн шагналтай холбоотой Ерөнхийлөгчийн Тамгын газарт дарван удаа, Ерөнхийлөгчид өөрт нь хоёр удаа албан бичгээр хандаж байсан. Тухайн үедээ ямар нэгэн хариулт авч чадаагүй учраас өнөөдөр асуултаа асууя гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар ЕТГ-т нийт хэдэн шагналын тодорхойлолт очсон байгаа вэ. Зарим хөгшин настай хүмүүс хоёр, гурван жил эсвэл бүр арван жилийн өмнө тодорхойлолт нь очсон хэрнээ шийдэгдэхгүй яваад байдаг.
Зарим хүмүүс нь танил талтай, улстөрчдийн нөлөөгөөр хэдхэн сарын дотор шагналаа шийдүүлж аваад байгаа. Тэгэхээр үүн дээр бидэнд дэлгэрэнгүй тоон мэдээлэл нь хэрэгтэй байна. Нийт хэдэн одон медаль гардуулсан бэ. Нэгж одон медальд хэдэн төгрөг зарцуулдаг вэ гэх мэдээллийг дэлгэрэнгүй авмаар байгаа. Ер нь үе үеийн Ерөнхийлөгчид энэ тоог гаргаж өгч байгаагүй. Ерөнхий багцаа дүн байдгаас бид хэдэн төгрөгийг юунд зарцуулсныг харж байгаагүй болохоор өнөөдрийн байдлаар төрийн шагналын үнэ цэнэ унах үндсэн шалтгаан бол бий болсон. Тиймээс төрийн шагналын үнэ цэн унах үндсэн шалтгаан болсон. Дараа дараагийн Ерөнхийлөгч нарт үлгэр жишээ болоод энэ мэдээллийг олон нийтэд ил болгож өгөөч гэж хүсэж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн зардал нэмэгдсэн тухай асуудал ярьж байгаа. Ерөнхийлөгчид нэг их илүү зардалсаад байх юм байхгүй шүү дээ. Та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Хажууд нь сууж байгаа ЕТГ-ын дарга асан Ө.Шижир сайхан хариулаад өгчихөөрэй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын зардлыг Тамгын дарга л мэддэг юм. Ерөнхийлөгч өөрөө ч мэдэхгүй, өөрөө ч гарын үсэг зурахгүй. Гол зүйл нь цалин. Над дээр нэг юм нэмэгдсэн. Монцамэ агентлаг Ерөнхийлөгч рүү шилжиж ирсэн учраас миний төсөв нэмэгдэж харагдаж байгаа юм билээ. Урьд нь байхгүй байсан. Ерөнхийлөгчид өөр илүү дутуу ямар ч зардал байхгүй. Ер нь жаахан хэцүү шүү дээ, Ерөнхийлөгчийн Тамгын газар чинь. Техник хэрэгслээ шинэчилж чадахгүй, сандал ширээгээ шинэчилж чадахгүй. Тэгээд өгсөн мөнгийг нь аваад л явж байгаа. Цааш цаашдаа бас муу Ерөнхийлөгчийнхөө Тамгын газрыг харин та бүхэн маань харж хандаж, дараагийн шинэ Ерөнхийлөгчид хэдэн цаас тавьж өгөөрэй гэж би хариуд нь хүсмээр байна.
Одон медаль шагналын асуудал бол их зовлонтой асуудал. Хэдэн мянган хүний шагнал ирдэг байх, яг үнэнийг хэлэхэд. Энэ бол Ерөнхийлөгчийн үнэхээр хэцүү ажлын нэг. Аймаг орон нутаг, УИХ-ын гишүүдээс тодорхойлолт ирнэ. Янз янзын л юмнууд ирдэг. Миний сүүлийн жилүүдэд барьсан зарчим бол төрийн дээд шагналуудыг голдуу ахмадуудад өгье л гэдэг зарчим барьсан шүү дээ. Ажил үйлсээ хийж гүйцэтгэсэн, олон жил төр улсдаа зүтгэсэн гээд. Онцгой гавьяа байгуулсан залуучуудад бол өгсөн. Бусад нь дийлэнх нь ахмадууддаа төрийн цолыг олгосон. Одон медаль бол зохих журмынхаа дагуу явж байгаа. Шагналын зовлонг гишүүд та нар өөрсдөө сайн мэддэг шүү дээ. Бараг та нар өөрсдөө хариулахад ч болно доо.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Ерөнхийлөгчийн шийдвэрийг бол хүндэлж байна. Дэмжиж байна гэхэд хаашаа юм, дэмжихгүй байна гэхэд хаашаа юм. Дэмжлээ гэхээр тойргийнхоо сонгогчдод зэмлүүлэх юм болов уу гэж бодож байна. Гадаад харилцаагаа энэ хэмжэнд хүргэчихсэн, экспортын чиглэлээр хийсэн ажлууд нь нүдэн дээр ил байдаг. Боловсролын чиглэлийн ажлууд нь ил байдаг. Японы эзэн хааны айлчлал, Ромын Папын айлчлал гээд гадаад харилцаа нэлээн баланстай болоод ирчихсэн. Нүдэнд харагддаг, Монгол яригддаг болчихсон. Ийм хүнээ цөмөөрөө дэмжиж байгаад явуулна гээд байгаа. Хүнд нөхцөл байдалд байна аа, Ерөнхийлөгч өө.
Одоо бол энэ ёс зүйн шинэ жишгийг бий болгож байна. УИХ-ын Ёс зүйн хуулийг баталж амжаагүй ч гэсэн заавал батлах хэрэгтэй болж байна, УИХ-ын дарга аа. Энэ шинэ жишгийг гишүүд маань баримталж ажилладаг болох ёстой гэсэн үг. Их хуралдаа суудаг болох ёстой гэсэн үг, хулгай хийдэггүй болох хэрэгтэй гэсэн үг. Зарим нэг хүмүүс хулгай хийчихээд гадагшаа явчихдаг. Тэгээд хилийн чанадаас янз янзын юм юм яриад байдаг. Ер нь авлигал нь эд эсийн түвшинд шингэчихсэн байдалтай л байна. Иргэд нь дургүйцэж байна. Хууль хяналтын байгууллагын эс үйлдэхүй, үйлдэхүйгээр иргэдийн дургүйцэл нэмэгдэж байна. Үүн дээр УИХ хариуцлагатай байж, шаардлагатай үед шахаж шаарддаг болох, ёс зүйгээ өндөрт авч явах шаардлагатай болж байна аа л гэсэн үг. Ерөнхийлөгчдөө амжилт хүсье.

УИХ-ын гишүүн Р.Батболд: Монгол Төрийн тэргүүн нэр төрөө сэргээлгэхээр өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгч байгаа явдлыг хүндэтгэн хүлээж авч байна. Монгол төрд маш том жишиг тогтоож байгаа үйл явдал болоод байна. Нийт ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүн ийм шийдвэр гаргаж болдог юм байна. Тэгэхээр парламентын танхимд сууж байгаа 126 гишүүн дотроо бодолтой байцгаах ёстой байхаа гэж бодож байна. Өнөөдөр бидний дунд хулгайч нөхдүүд суугаад байна л даа. Тухайлбал, Батын Батбаатар гэдэг хулгайч гишүүний талаар ярьж болж байна. Нам дээр очихоороо намын мөнгийг хулгай идчихдэг. Төрийн бодлогод оролцоод яваач гээд сайд болгохоор яамны мөнгө хулгай хийгээд идчихдэг. Яамны мөнгө гэж байхгүй, нийт татвар төлөгчдийн мөнгө л байгаа. Үүнтэй холбоотойгоор АТГ-т намын зүгээс ч , хувийн зүгээс ч гомдол санал өгсөн байгаа. Бүтэн жилийн хугацаа болж байна. Сүүлийн гомдол гурван сар явж байгаа.
Нөгөө АТГ таг чиг, ямар мэдээлэл байхгүй. Өчигдөр Ерөнхий сайд зохих байгууллагуудад хугацаатай үүрэг даалгавар өгнө гээд ярьж байх шиг байна. Хулгай бол хулгай. Хулгайд жижиг, том гэж байхгүй хулгайч бол хулгайч байдаг. Төрийн тэргүүний энэ гаргаж байгаа шийдвэр нь цагдаа, АТГ, тагнуул, прокурор, шүүхийн байгууллагуудын хэрэг хянан шийдвэрлэх, шалгах явц удаашралтай байгаагаас үүдэлтэй байж болох юм гэж бодож байгаа юм. УИХ-ын дарга, Ерөнхий сайд маань анхаарал тавьж ажиллах байх гэж бодож байна. Монгол төрийн тэргүүн У.Хүрэлсүх таны цаашдын ажил амьдрал, ажилд сайн сайхан бүхнийг хүсье.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Ерөнхийлөгчийн хугацаанаасаа өмнө ажлаа өгөх болсон тухай асуудлыг мундаг хариуцлагатай, манлайлал талаас нь ярьж байна. Нэг талдаа тийм байх. Нөгөө талдаа нэг том асуудал үүсэж байгаа юм. Манайх шиг ийм эмзэг эдийн засагтай, улс төр нь эмзэг, хэвлэл мэдээлэл, тархи угаалт маш хурдтайгаар төрийн бодлого, шийдвэр гаргалтанд нөлөөлдөг газар дараа дараагийн төрийн тэргүүн яаж ч шударга ажиллаад тодорхой маниуфляци хийсэн, зохион байгуулсан үйлдэл явах болгонд энэ жишиг давтагдах уу гэсэн асуудал үүсэж байгаа юм. 10 жилийн дараах нэг Ерөнхийлөгч дээр тодорхой шүүмжлэл ирлээ гэж бодъё, өмнө нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгч ингээд огцрох өргөдлөө өгч байсан одоо тэг гэдэг энэ зарчим нөгөө талаар өөрөө төрийг тогтворгүй байлгах эрх зүйн факт үүсгэж байгаа шүү. Энэ бол улстөрчийн үг биш, энэ бол хуульч хүний үг гэж ойлгоорой. Учир нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үүргээ гүйцэтгэх боломжгүй болно гэдэг нь чухам ямар шалгуур байх уу гэдэг шалгуурыг хуулийн хувьд тодорхой болгох ёстой.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 6 жилийн хугацаа нь 2190 хоног үргэлжлэх ёстойгоос 1969 дахь хоног нь өнөөдөр болоод 221 хоног дутуу байхад хүсэлтээ өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийт хугацааныхаа 90 хувийг туулсан.10 хувь нь үлдсэн байсан байна. Баялагтаа эзэн Монгол гэдэг мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Энгийн логикоор ядаж 90 хувь нь биелсэн байх ёстой. Эрхэм Ерөнхийлөгч та үүн дээр хариулна уу. Хэдэн хувьтай, яаж биелсэн бэ. Иргэд олон нийт ярьж байна. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч эргэн ирэлт хийдэг гэж иргэд ярьж байна. Таавчигтай эмэгтэйг хөхөө өвлийн хүйтэнд авч гарснаар ажлаа өгөөд дараа нь Ерөнхийлөгч болоод ирсэн гэж. Та өнөөдөр чөлөөлөгдсөн тохиолдолд дараа нь Монгол төрийн өндөр албан тушаалд алба хашихаар эргэн ирэх үү? Зарим нь таныг буугаад намын дарга болно, Ерөнхий сайдад хүч сорино гэсэн таамаглалууд хэвлэлээр явж байна. Манай гишүүд тулгамдаад асууж чадахгүй байгаа байх. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч хугацаандаа амжаад ҮАБ-ын үзэл баримтлалыг батлуулчихсан бол их зөв байсан. Нийгэм эдийн засгийн нөхцөл байдлаас гадна олон улсын нөхцөл байдалд ч тэр. Олон жил дуншсан шүү дээ. Эдгээр зүйл дээр та хариулт өгөхгүй юу.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Их чухал асуулт асууж байна. Хуулинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндийг хуулиар хамгаална гэж заасан. Яг яс юман дээрээ хамгаалах юм ерөөсөө байхгүй юм билээ. Захын нөхдүүд гүтгэж доромжилж байгаа шүү дээ. Ерөнхийлөгч ажлаа хийх аргагүй болтол гүтгэж, доромжилж байгааг та бүхэн харж байгаа биз дээ. Сүүлдээ Ерөнхийлөгч хамгаалах юмгүй болохоор улс эх орныхоо нэрийг бодоод, өөрийн эрхгүй ажлаа өгөөд, нэр төрөө сэргээлгэхээс өөр аргагүй байдалд оруулж байна шүү дээ. Гүтгэлгийн хууль чинь байхгүй болсон. Удахгүй та нар өөрсдөө гүтгүүлнэ. Бүр сүүлдээ Хуульзүйн сайд байсан хүн нь хилийн чанадад гарчихаад, оргон зайлчихаад гэмт хэрэгтэн болчихоод гаднаас бусдыг гүтгэж байна шүү дээ. Бүгдийн чинь зургийг тавьж байгаад, янз янзын эвлүүлэг хийж байгаа. Тэр хүн хэчнээн гүтгэсэн ч ирээд хариуцлага хүлээхгүй. Тийм хууль байхгүй. Тэр хуулийн заалтыг аваад хаячихсан.
Одоо энэ хуулиа хурдан хийх ёстой. Ингэхгүй бол Монголын төрийн дархлаа өдөр ирэх тусам унана шүү. Одоо хэн дуртай нь юуг ч зохиож ярьж болдог болсон. Энийг харж байгаа шүү дээ бид нар. Хуулийн байгууллага энэ дээр ямар ч ажиллагаа хийж чадахгүй. Шийтгэх хууль байхгүй учраас. Энэ хуулийг хурдан хийх ёстой. Дээр нь 22.1 гэж хууль байна. Тэрийг та бүхэн хурдан янзлах ёстой. Энэ улсад ажил хийдэг хүнгүй боллоо. Хариуцлага хүлээдэг хүн байхгүй. Албан тушаалын сонирхол, давуу байдал олгосон гээд ажил хийж байгаа хүмүүс нь шоронгийн хаалга татдаг болсон. Энэ бол маш ноцтой. Энийг би одоо олон удаа хэлсэн. Дахиад хэлье. Гүтгэлгийн тухай хуулийг хатууруулах хэрэгтэй. 22.1-ийг өөрчлөх ёстой. Сүүлдээ ажил хариуцдаг хүн байхгүй болсон шүү. Сүүлдээ Засгийн газар ажил хийж чадахаа больсон. Бүр сүүлдээ ҮАБЗ дээр нэг ярих уу гэдэг асуудал яригддаг болчихсон. Дээш дээшээгээ хариуцлагаас зугтаад, нэг өдөр асуудал шийдчихвэл маргааш нь шоронд орчихож магадгүй, тэрний оронд юу гэх вэ зүгээр байж байя гэдэг байдлаар ханддаг болсон.
Наад хуулийн чинь гай зовлон улс орны хөгжлийг хойш нь татаж байгаа. Үүн дээр цөмөөрөө анхаарах ёстой байх. ҮАБ-ын үзэл баримтлалыг бэлэн болгоод өргөн барих гэж байсан чинь харамсалтай нь амжсангүй. Бэлэн болчихсон байгаа. ҮАБЗ-ийнхөн өргөн барих байх. Энэ хуулийн үзэл баримтлалыг яаралтай хийх ёстой. Эцэст нь нэг зүйлийг их сонирхож асуудаг юм. Энэ У.Хүрэлсүх та ажлаа өгөөд эргэн ирэх үү, ирэхгүй юу гээд. Эх оронд хэрэгтэй бол би хаана ч очиж магадгүй шүү дээ. Ингэж хариулъя.

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар: Өнөөдөр Ерөнхийлөгч өргөдлөө өгч чөлөөлөгдлөө. Бид 1992 он шилжилтийн үеийн Үндсэн хуулитйг ойлгох хэрэгтэй болж байна. 2023 онд УИХ-ын гишүүдийн тоог 126 болгохдоо Л.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гэдэг хоёр хүн зөвхөн манай нам сонгууль ялах ёстой гэдэг агуулгаар өөрчлөлтийг хийчихжээ. Яг үнэндээ Монголын ард түмнийг хөгжүүлэх, хөтлөх өөрчлөлтийг хийхгүй байгаа юм аа. Өнөөдөр бид 1992 оны Үндсэн хуулдийг өөрчилж гаацаанаас гаргахгүй бол болохгүй нь ээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Өнөөдрийн УИХ-ын чуулган битгий шүүх хурал байгаасай гэж хүсч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийсэн бүтээсэн ажлыг 126 гишүүн бус цаг хугацаа, ард түмэн түүх өөрөө шүүнэ. Тийм хуультай. Монгол улсад шударга бусын өлсгөлөн гэж айхтар гашуун өлсгөлөн байна. Монголд хүн засагладаггүй, хууль засагладаг шүү гэж итгэж нэр төрөө сэргээхээр өөрийгөө золиослож байх шиг байна. Гүжир гүтгэлэг гэдэг бол үндсэндээ манай улсын тахал боллоо. Энэ тахал Монголын төрийг сулруулах, хүчгүйдүүлэх, эв нэгдэлд сэв оруулах аюултай. Тийм учраас Монгол Улсад шударга ёсыг тогтоох ёстой. Нэг хэсэг хуулийн дээр амьдардаг, нөгөө хэсэг хуулийн доор амьдардаг цаг үе биш гэдгийг харуулах нь энэ танхимаас эхлэх ёстой гэж бодож байгаа.
Шударга ёс 126-оос эхлэх ёстой. Энэ манлайллыг үзүүлж явж байна. Энэ хүнтэй төрийн түшээ, засгийн газрын гишүүний хувиар өнгөрсөн хугацаанд ажиллалаа. Энэ хүний хийсэн бүтээснийг салбар салбарт дүгнэх цаг нь байх. Хэд хэдэн зүйлийг онцолж хэлэхийг хүсч байна. Шинжлэх ухааны сэргэлт боловсролын сэргэлт монголын сэргэлт байна аа гэдгийг харуулж мэдрүүлсэн. Шинжлэх ухааны мега төсөл гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Хамгийн наад захын жишээ 330 сумаас дэлхийн шилдэг их дээд сургуульд жил бүр 400-500 хүүхдийгбэлдэж байна. Ерөнхийлөгчийн “Илгээлт 2100” бодитой ажил болсон.

УИХ-ын гишүүн Д.Батбаяр: Сүүлийн 6 жилийн хугацаанд МУ-ын гадаад харилцааг сайжирсан гэж үзэж байгаа. МУ-д хийгдсэн өндөр хэмжээний айлчлалууд үр дүнгээ өгч байгаа гэж бодож байна. Мөн дэлхийн геополитикт МУ-ын баримталж байгаа бодлого үр дүнгээ өгч байгаа. МУ-ын Ерөнхийлөгч ажлаа эхэлж байхдаа тухайн үеийн асуудлуудын том төслүүдийг барьж авч чадсан гэж хардаг. Харамсалтай нь хэрэгжилтэн дээр нь зорилгодоо хүрч чадсангүй юу гэж харж байна. Нэгдүгээрт, “Цагаан алт” хөтөлбөр 2024-2028 оны хугацаанд нийтдээ 2.19 их наядын төсөвтэй хөтөлбөр байсан. Үндсэн зорилго нь малын гаралтай түүхий эд болох ноос ноолуур арьс ширний өртгийг нэмэгдүүлэх зорилготой хөтөлбөр байлаа. Харамсалтай нь арьс ширний үнэ 4-5 жилийн өмнөхөөсөө нэмэгдсэн зүйлгүй, иргэдийн амьдрал дээрдсэн юмгүй байна. Хүнсний хувьсгал нь дотоодын үйлдвэрлэгчдээ нэмэгдүүлэх зорилготой 1.3 их наяд төгрөгийг 2525 ААН-д хөнгөлөлттэй байдлаар олгосон.
Харамсалтай нь өнөөдөр Төв аймаг, Сэлэнгэ аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногооны тариалалт улам буурсаар байгаа. Тэрбум мод хөдөлгөөн байна. Нийтдээ 116 сая мод тарьсан боловч хаана байгаа нь харагдахгүй л байгаа. Тэгэхээр эдгээр хөтөлбөрүүдийн хэрэгжилт хаана аа гацчихав аа. Хэрэв гүйцэтгэх засаглал энэ дээр алдаа гаргасан бол яг аль салбарын аль шатанд алдаа гарсаныг хэлж өгнө үү.

Гадаад харилцааны сайд: Б.Батцэцэг: Ерөнхийлөгч гадаад талдаа маш сайн ажиллаж, дэлхийн улстөрч болж чадсан. У.Хүрэлсүх дарга бол гайхамшигтай Ерөнхийлөгч байсан гэдгийг хэзээ нэгэн цагт ойлгоно. Тэр гэр бүлийн хүмүүжил сайтай, сайхан гэр бүлд өсөж торнисон, цэрэг эх орондоо хайртай, улсынхаа төлөө ажилладаг байсан

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Монгол төрийн тэргүүн эв нэгдэл, аюулгүй байдлын төлөө л санаа зовж өглөө болгодог гэж ярьдаг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төр, иргэн хоёрын харилцааг таслахгүй байхын төлөө энэ шийдвэрийг гаргалаа. Цагаан морин жилд Жамбын Батмөнх гуай ажлаа өгч байсан бол Улаан морин жилд Ухнаагийн Хүрэлсүх адилхан шийдвэр гаргалаа.Хүмүүсийн ярьж байгаа дэглэм байсан бол ийм асуудал байхгүй. Гүтгэлэгтэй холбоотой хуулиа парламент шуурхай шийдэх ёстой. Бид бүгд нийтийн албан тушаалтан энэ зовлонг туулна. Тэгээд Оюутолгойн хэлэлцээрээс эхлээд 60 гаруй ард түмний баялаг болсон лицензийг төрд авч, ард иргэдэд баялагтаа эзэн байх мэдрэмжийг өгч ҮАБЗ-ийг удирдаж, шийдвэр гаргах зэрэг олон чухал хувь нэмэр оруулсныг цаг хугацаа харуулна гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Яагаад заавал иргэн болж байж шалгуулдаг юм бэ? Албан тушаалтай хүнд хуулийн байгууллага өөрөөр үйлчилдэг учраас тэр. Хуулийн байгууллага чинь юу болчихсон юм бэ ? Ерөнхийлөгч дэглэм угсарч байна гэж байна. Ерөнхий сайд ч дэглэм угсардаг. Өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ дэглэмийг угсарсан байсан. Дарангуйллыг тогтоочихсон байсан шүү.
Энэ УИХ-ыг хянахын тулд Ерөнхийлөгчийг ард түмнээс шууд сонгодог. Үүнийг ч зөв гэж хардаг. Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгохын ач холбогдлыг та юу гэж харж байна вэ.
Ер нь яагаад заавал иргэн болсных нь дараа шалгуулдаг юм бэ. Албан тушаалаа хашиж байхдаа шалгуулж болохгүй юм уу. Эсвэл хууль албан тушаалтай хүнд өөрөөр үйлчилдэг юм уу. Хуулийн байгууллага чинь юу болчихсон юм бэ ?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Би Засгийн газар бол гэмт хэрэгтэй тэмцэх субъект юм байна гээд Ерөнхийлөгч АТГ-ын дарга, шүүгч нарыг бүгдийг нь томилдог байсныг Засгийн газар луу шилжүүлсэн. Тэгээд АТГ-ын даргыг УИХ томилж байгаа, шүүгч нарыг сонгон шалгаруулалтаар томилдог болсон. Ерөнхийлөгчид ерөөсөө хууль хяналтын байгууллагуудтай холбогдоод байх эрх мэдэл байхгүй болсон шүү дээ. Ерөнхийлөгчид ганцхан ард түмний дэмжлэг л байгаа. Цаашдаа та бүхэн Үндсэн хууль өөрчлөлт оруулж, шинэ Үндсэн хууль хийх шаардлагатай гэвэл энэ асуудлыг тусгах ёстой. Ер нь гэмт хэрэгтэй тэмцэх хамгийн гол байгууллага бол Засгийн газар шүү дээ. АТГ, тагнуул, цагдаа гээд бүгд л Засгийн газрын харьяа байгууллага. Үүнийг нь УИХ хянаад явдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч зүйрлэж хэлэх юм бол дээд танхимын үүрэг гүйцэтгэдэг. Ганц байгаа эрх нь энэ юм. Зарим нэг хүмүүс хаан энд сууж байна л гэх юм. Хаанчлаад байх юм байгаа юм уу ? Тухайн Ерөнхийлөгчийн өөрийн харизмаас шалтгаалж байгаа байх.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: Туйлын сайн, туйлын муу хүн гэж байхгүй шүү дээ. Харин сайн хүнийг сохор болтол нь зусардан бялдуулчилж чаддаг этгээдүүд л гэж байдаг. Би энэ танхимд өнөөдөр үнэхээр Ерөнхийлөгчийн өмнөөс бялуурчихлаа. Та нар ямар аймаар пялдага юм бэ. Пялдагдаад өгвөл шагнал урамшуулал байгаа юм биш биз, би юунаас хоцорчихов. Үнэхээр жигшмээр байна. Би нэг зүйлийг онцолж хэлье. Ерөнхийлөгч сайн хүн, сайхан хүн. Хамт явахад, гадаадад Монгол эх орноо гээд та нарын пялдагадаад байгаа үнэн. Гэхдээ бас үнэнийг ярья аа.
Ерөнхийлөгчийг ороод ирэхээр яагаад ийм "гөлөг" болдог юм бэ. Би УИХ-ын гишүүн болсноос хойш энийг хэд, хэдэн удаа мэдэрч байна. Энэ ард түмний Парламент мөн юм уу?
Яагаад зарим нь үнэниг хэлэхгүй, яагаад ард түмний үгийг дайхгүй гөлөг болоод суугаад байгаа юм бэ. Би өнөөдөр Ерөнхийлөгчийн үгнээс хэд, хэдэн зүйлийг анзаарлаа. Та бол нэг “шувуунд” маш хорсолтой байгаа юм байна гэдгийг чинь би ойлголоо. Тэр хүн эв нэгдлийг бутаргасан гэмт хэрэгтэн гэж бүх хууль хяналт явах юм байна гэдгийг ойлголоо. Ийм байдлаас чинь үүдээд, энд байгаа ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүд гөлөг болоод байдаг юм биш биз дээ гэж айлаа.
Яагаад ард түмний үгийг хэлэхгүй байгаа юм бэ. Яагаад таны хөтөлж орсон дүү нар таны үгэнд орвол сэнтийд залардаг, үгэнд орохгүй бол гадаад руу зугтдаг, үгэнд орохгүй бол Интерполоор эрэн сурвалжлагддаг, үгэнд орвол эрэн сурвалжлагыг цуцалдаг болоод байгаа юм бэ.
Ц.Элбэгдорж гуай хаачив. Сайханбилэг, нэг хэсэг Интерполоор эрэн сурвалжилж байна гээд яваад л байсан. Одоо байхгүй болчихсон. Тэгэхээр ард түмэн яг алинд нь итгэх юм бэ.
Та эх орны төлөө гэж байна. Үнэхээр эх орны төлөө юм бол ажиллах таван жил танд байсан шүү дээ. Шударга ёсыг тогтооход танд Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгч нарын хэнд нь ч байгаагүй таван жил танд байсан... Парламентаас ч урт хугацаа, Ерөнхийлөгч өө. Яагаад энэ үнэнийг хүмүүс хэлэхгүй байгаа юм бэ. Бүгдээрээ магтаад, бүгдээрээ “долоогоод” л...
Гэхдээ Ерөнхийлөгч өө, өнөөдөр танд хайртай юм шиг, зусардан бялдуучилж байгаа хүмүүс бол танд огтхон ч хайртай хүмүүс биш шүү. Энэ хүмүүс таны хүч чадал жинхэнэ бодитоор харьсан үед тан араас хутга шаагчид л болно. Энэ хүмүүс өнгөрсөн цаг үед багийнхаа найзаас, хамгийн үнэнч найзаасаа, улс төрд хөтөлж оруулж ирсэн найзуудаасаа урваж шарвасан хүмүүс өнөөдөр таныг магтаж байгаа гэдгийг битгий мартаарай.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Монгол Улсын Их Хурал өнөөдөр Төрийн тэргүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох онцгой хариуцлагатай асуудлыг Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжийн дагуу хэлэлцэн шийдвэрлэж, Монгол төрийн залгамж чанар, Үндсэн хуулийн засаглал, хууль дээдлэх ёс, төрийн хариуцлагатай холбоотой түүхэнд үлдэх онцгой нөхцөл байдалтай анх удаа нүүр тулж байна.
Ард түмэн шударга ёсыг хүсэмжилж буй энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч манлайлал үзүүлэн, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж, үнэн мөнийг тогтоолгох, шударга ёсны төлөөх эрс шийдэмгий шийдвэр гаргасныг гүнээ хүндэтгэж байна.
Монгол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Ухнаагийн Хүрэлсүх Та улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өргөх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улс орнуудтай дипломат харилцаа тогтоож, гадаад харилцааг өргөжүүлэн тэлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэе.
Мөн “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, Цагаан алт”, “Цэнхэр алт”, “Эрүүл монгол хүн”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” зэрэг үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөрүүд, монгол хүнийг баялагтаа жинхэнэ эзэн нь болгох өрнүүн зүтгэлийг талархан тэмдэглэж байна.
Өнөөдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, шатахууны хангамж, зээлийн өндөр хүү, өрийн дарамт, аж ахуйн нэгжүүдэд үүсэж буй хүндрэл гээд шийдлээ хүлээсэн олон асуудал шил шилээ даран үүсээд байна.
Иргэд биднээс хэрүүл талцал биш, хэрэгжих шийдэл хүлээж байна. Хоосон амлалт биш, бодит үр дүн, бодлогын дорвитой шинэчлэл шаардаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.