Нийтлэл11 цаг 7 минутын өмнө
Нийтлэл11 цаг 7 минутын өмнө
УИХ-ын Чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн 2026.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/-ийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлд үндэсний их баяр наадмаас гадна хаврын морин уралдааныг /азарга, соёолон, их нас/ Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулах, хурдан морьдыг 14 наснаас дээш уралдаанч хүн унах зэрэг заалтууд тусгагдсан нь Х.Баасанжаргал тэргүүтэй гишүүдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.
Хуульд хаврын гэдэг нэрээр орж ирсэн өвлийн морин уралдааныг сайдын тушаалаар хориглосон
Түүх сөхвөл, Өвлийн морин уралдааныг хориглох тогтоол 2019 оны нэгдүгээр сарын 30-нд гарчээ. Хэдхэн хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 19-нд нь "Хүүхэд л унахгүй бол хавар морь уралдуулж болох" агуулгатай тогтоол гаргасан байснаа залруулж, бүрмөсөн хориглосон нь тэр. Эхлээд насанд хүрэгчдээр унуулахыг зөвшөөрснөө хэд хоногийн дараа гэнэт хатуурхсаны учир тодорхойгүй. Гэхдээ, Монголын төр өмнө нь "Хаврын" гэх нэртэй ч өвөл болдог морин уралдааныг хориглох бус, хүүхдээр унуулахыг хориглох талдаа бодлого явуулж ирсэн ч уяач, морьтой холбоотой бизнест байдаг нөхдүүд үл биелүүлж ирсэнтэй холбоотой болов уу.
Тухайлбал, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг 2016 онд энэ оны хоёрдугаар сарын 8-ны өдөр шинэчлэн батлахдаа "Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглох" заалт оруулсан.


Гэвч хурдан морины бизнестэй холбоотой нөхдүүд энэ заалтыг хэрэгжүүлээгүй. Онц эрсдэлтэй нөхцөлд бага насны хүүхдээр хөдөлмөр эрхлүүлсээр, эрүүл мэнд, амь насыг нь эрсдэлд оруулсаар байсан. Чухам тиймээс уралдааныг бүрмөсөн хориглох шийдвэр гарсан болов уу. Ингэхдээ өвөл хавар морь уралдуулах нь Монголын уламжлалд байсан эсэхийг судлуулан, "Морины уралдаан нь Монголын өв соёл мөн боловч өвөл уралдддаггүй байсан"-ыг тогтоосон нь асуудалд нухацтай хандсаныг харуулдаг.
ТАЛЦАЛ
Өнгөрсөн жил дүн өвлөөр Хаврын морин уралдааныг сэргээхийг шаардсан "Монголоороо байя" морьтой жагсаал болсон бөгөөд дараа нь УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хэвлэлийн бага хурал хийж, эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн билээ. Түүнийг хэвлэлийн бага хурал хийсний дараа Монголын морин спорт, уяачдын холбоог үүсгэн байгуулагч Г.Пунцагбалжир агсны хүү П.Энхмөнх агсан олон нийтийн сүлжээнд мэдэгдэл хийж, Х.Баасанжаргал гишүүнийг халз мэтгэлцээнд дуудсан байдаг.
БГД-ийн иргэдийн төлөөлөгч асан Н.Энхчимэг мөн дээрх асуудлаар байр сууриа илэрхийлж, “Уламжлал гэж төлөвлөгөөний дагуу жагсаж буй нөхөд өө, хэдэн халтар төгрөгөөр хамаг асуудал шийдээд сурчихсан улстөрчдийн нохойд барьдаг мод болж яваад байгаагаа ойлгоосой" хэмээн бичсэн байдаг.
Х.Баасанжаргал гишүүний тухайд, Морьтой жагсаалыг улстөрчид уяачдад өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд зохион байгуулж байгаа ажил гээд “Хаврын морин уралдаанд их мөнгө эргэлддэг, ард нь улстөрчид байдаг, мөнгө угаалт байж ч магадгүй” гэж хардаж байгаагаа ил тод илэрхийлж байгаа юм. Хүний эрхийн үндэсний комисс ч энэ асуудлаар гурван шатны шүүхийн шийдвэр гарсан тул хүүхдээр унуулах асуудлыг эргэж сөхөх ямар ч боломжгүй гэсэн байр суурь илэрхийлээд буй.
Харин олон нийтийн зүгээс өвлийн аялал жуулал хөгжүүлэхэд нэмэртэй учир насанд хүрсэн хүнээр унуулсан тохиолдолд сэргээх боломжтой гэсэн байр суурийг илүүтэй илэрхийлж байгаа юм.
ДУНДЫН ШИЙДЭЛ ЮУ ВЭ
Талуудын байр суурийг харвал, Хаврын морин уралдааныг сэргээхийг шаардаж байгаа тал хүүхдээр унуулахыг ч давхар шаардаж байгаад асуудал шийдэгдэхгүй байгаагийн гол шалтгаан гэж харж байна. Тодруулбал, өмнө нь сайдын тушаалаар хориглоод дийлээгүй, сүүлд НҮБ-ын шахалт, олон нийтийн шаардлагаар гаргасан, гурван шатны Шүүхийн шийдвэртэй асуудлыг сөхсөнөөрөө тэмцлээ үр дүнгүй болгож байгаа байдал харагдана.
Хэрвээ энэ байр сууринаасаа ухраад, насанд хүрсэн хүнээр унуулах, аюулгүй байдлыг нь хангах, даатгалд хамруулах, морь унасан хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах зэрэг шаардлагуудыг хангана гэдгээ амлаад явбал олон нийтээс дэмжлэг авахад нэмэртэй болов уу. Мөн хууль зөрчиж хүүхдээр морь унуулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг өндөр тогтоож өгөх нь ач холбогдолтой.
Морин уралдаан бол Монголын яах аргагүй нэг онцлог учраас өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын брэндийг олшруулах шаардлага тавигдаад байгаа энэ үед хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл, энэ асуудалд дундын шийдэл шаардлагатай байна. У.Отгонбаяр тэргүүтэй 25 гишүүний хувьд унаач хүүхдийн насыг 14 болгож дээшлүүлснээр энэ нөхцөлийг хангана гэж үзэж байгаа бол Х.Баасанжаргал тэргүүтэй эмэгтэй голцуу гишүүн эрс эсэргүүцсэн хэвээр байгаа юм.
Хуулийн төслийг дор харуулав.
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуульд доор дурдсан агуулгатай 10 1 дүгээр зүйл нэмсүгэй:
1/101 дүгээр зүйл:
“101 дүгээр зүйл.Хаврын хурдан морины уралдаан
10.11.Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулдаг шигшмэл, бүсийн үндэсний хурдан морины уралдаанаас гадна хаврын хурдан морины уралдааныг аймаг, нийслэлд жил бүр зохион байгуулж болно.
101.2.Энэ хуулийн 101-д заасан хаврын хурдан морины уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны, эсхүл түүний доторх аль нэг өдөр цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан товлож, зохион байгуулна. Уралдааны товыг Засгийн газрын шийдвэрээр тогтооно.
101.3.Хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахдаа дараах шаардлагыг хангасан байна:
101.3.1.морь уралдуулах замыг тусгайлан засаж, аюулгүй байдлыг бүрэн хангаж, уралдуулах;
101.3.2.уралдааны морийг 14 болон түүнээс дээш насны уралдаанч хүн унаж уралдуулах;
101.3.3.уралдаанч хүнийг энэ хуулийн 13.2-т зааснаас өөр дулаанаа хадгалдаг, салхи, ус, цас нэвтрүүлдэггүй хувцас, осол, гэмтлээс хамгаалах хэрэгсэл өмсгөж уралдуулах бөгөөд эдгээр хувцас, хэрэгсэл нь сэрүүний улиралд тохирсон байх;
101.3.4.уралдаанч хүнийг энэ хуулийн 10.2-т заасан даатгалд заавал даатгуулж, өөрийнх нь хүсэлтийг үндэслэн түүнтэй болон түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гэрээ байгуулсан байх;
101.3.5.хүн, мал эмнэлгийн тусламжийн хэсгийг хаврын хурдан морины уралдааны замд өртөөчлөн байрлуулж, тусламж үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангасан байх;
101.3.6.аюулгүй байдлыг хангах, хэв журмыг сахиулах бэлтгэл ажлыг хангасан байх.
101.4.Хаврын хурдан морины уралдаанд азарга, их нас, соёолон насны морьдыг уралдуулна. Уралдаж байгаа морины насны ангиллаас хамаарч азарга, соёолон насны морьд 16-17 километр, их насны морьд 18-19 километр замыг туулж уралдана.
101.5.Хаврын хурдан морины уралдааныг зохион байгуулах бэлтгэл, аюулгүй байдлыг хангах, хэрэгжилтийг хянах журмыг Засгийн газар батална.
101.6.Энэ хуулийн 101.3.3-т заасан хувцас хэрэгсэлийн стандартыг хүүхдийн эрхийг хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон үндэсний морин уралдаан, уяачдын хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах зорилго бүхий төрийн бус байгууллагын саналыг үндэслэн боловсруулж, стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
2 дугаар зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн, 10.7 дахь хэсгийн “бүсийн” гэсний дараа “болон хаврын” гэж, 10.18 дахь хэсгийн “бүсийн” гэсний дараа “болон энэ хуулийн 101.1-д заасан хаврын хурдан морины” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсгийн “үндэсний” гэсний өмнөх “уралдааны” гэснийг хассугай.
4 дүгээр зүйл. Энэ хуулийг 2026 оны … дугаар сарын … -ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүхдийн амь насаар дэнчин тавьж зугаагаа гаргадаг монгол ёс заншил бий болгох гэж отгонбаяр гэдэг тэрбумтан аархаж байгааг бид харлаа.

November 23, 2026

November 23, 2026

November 20, 2026

November 18, 2026