Мэдээ14 цаг 9 минутын өмнө
Мэдээ14 цаг 9 минутын өмнө
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, түүнийг арваннэгдүгээр сарын 19-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар 92 хувийн саналаар чөлөөлсөн.
Тэрбээр Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа бууж намын гишүүнчлэлээ сэргээж, намын даргаар улс төрд эргэн ирнэ гэх яриа гарсан. Үүнтэй холбогдуулан АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ өөрөө мэдэгдээд буй Н.Алтанхуягийн талаар Ардчилсан намын хуульч гишүүдийн нэг Х.Тэмүүжингээс зарим асуудлыг тодрууллаа.
-Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх намын гишүүнчлэлээ сэргээх талаар яригдаж байна. Та энэ асуудалд хуульч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Ард түмний эв нэгдлийг хангагч байсан Төрийн тэргүүн нь албан тушаалаасаа буусны дараа улс төрийн намд дахин орж, идэвхтэй улс төр хийх, намын дарга болох зэргээр нийгмийг талцуулдаг улс төрийн өрсөлдөөнд оролцож болохгүй гэж үзэж байна. Олон улсын жишгээр ч Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс насан туршдаа энэхүү нэр төрийг хадгалдаг бөгөөд буцаад намдаа харьяалагдах нь зөвхөн бэлгэдлийн шинж чанартай байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар тогтооно гэж заасан. Гэхдээ одоо хүртэл Ерөнхийлөгчийн нэр төрийг хуулиар тогтоогоогүй байгаа. Монголчууд албан тушаалд очихоороо тангараг өргөчихөөд, албан тушаалаасаа буухаараа энэ надад хамаагүй, би юу ч хийсэн болно гэдэг байдлаар хандаж болохгүй. Энэ бол олон сургамжийн ард олж авсан түүх байхгүй юу.
Тиймээс зургаан жилийн дараа улс төрийн намын эрхээ сэргээхдээ бэлгэдлийн л шинжтэй байх ёстой. Түүнээс биш идэвхтэй улс төр рүү ор гэж байгаа юм биш. Хязгаарлалт нь цаашаа үргэлжилнэ. Албан тушаалд томилогдох юм уу, албан тушаалын төлөө явах хязгаарлалт нь насан туршийн хязгаар байгаа.
-Ардчилсан намаас нэр дэвшигчээ хэрхэн шалгаруулж, нэр дэвшүүлэхээр болж байгаа вэ? ойлголцолд хүрсэн үү?
-АН-д ойлголцохгүй зүйл байхгүй. АН бол ойлгомжтой, тодорхой ялах хүнээ л нэр дэвшүүлнэ. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн нөхцөл байдал шиг сайн дураараа бууж өгч, сонгууль нэртэй жүжгийн орлон тоглогч байдлаар оролцохгүй. Зөвхөн ялалт байгуулах боломжтой хүнийг сонгон нэр дэвшүүлнэ.
Мөн нэр дэвших эрмэлзэлтэй байгаа хүмүүст зарчмын хатуу шаардлага тавьж байгаа. Энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшигч ялалт байгуулан ажиллавал бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа эргэж намдаа хамаарахгүй байх, албан тушаал нэхэж шантаажлахгүй байх ёстой гэсэн болзол тавьж байгаа.
Өөрөөр хэлбэл, Төрийн тэргүүний албыг нэр төртэйгөөр хүлээлгэн өгч, Ерөнхийлөгчийн нэр төрийг насан туршдаа эрхэмлэн амьдрах шаардлагыг нэр дэвшигчдэд тавьж байна.
-Н.Алтанхуяг гишүүнийг нэр дэвших эрхгүй, эрхтэй гэж МАН-ын генсек улс төрийн хүрээнд ярьсан гэх яриа бий. Та хуульч гишүүний хувьд юу гэж харж байна вэ?
-Нэр дэвших эрхтэй. Нэр дэвших эрх болон хууль дээдлэх ёсны хүрээнд, шүүхээр гэм буруутайг нь эцэслэн тогтоогоогүй тохиолдолд хэнийг ч хуулиас гадуур яллах, нэр дэвших эрхийг нь хязгаарлах эрх хэнд ч байхгүй.
Ялангуяа эрх барьж буй намын Ерөнхий нарийн бичгийн даргад ийм эрх бүр ч байхгүй. Хэрэв хуулийн байгууллагын өмнөөс дүгнэлт хийж байгаа бол энэ нь шүүх засаглалд хөндлөнгөөс нөлөөлж, "хонгил" үүсгэж буйг баталсан үйлдэл” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 25, 2026

November 25, 2026

November 25, 2026

November 25, 2026