Мэдээ10 цаг 43 минутын өмнө
Мэдээ10 цаг 43 минутын өмнө
Төр хувийн хэвшлийн түншлэлийн төвийн дарга асан, Ардчилсан намын гишүүн М.Амгаланбаатар Ардчилсан намын гишүүн Л.Гантөмөрийн талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр, “Яагаад Л.Гантөмөрийг дэмждэг юм бэ гэж ойрын үед нэлээд олон хүн асуулаа.
МУИС-ийн Оюутны холбооны тэргүүн байхдаа анх танилцаж байлаа. Ганц би ч биш, тухайн үеийн ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн М.Далайцэрэн, Т.Батцогт (нийслэлийн АН-ын дарга асан), ХААИС-ийн Оюутны холбооны тэргүүн Ж.Сандаг нарын үндэсний томоохон их сургуулийн залуус хамтдаа Л.Гантөмөртэй зам мөрөө холбосон.
Л.Гантөмөр дарга үргэлж боловсролыг нэгдүгээрт тавьдаг. Хэдийгээр Японд дээд боловсрол эзэмшсэн, инженер мэргэжилтэй боловч улс үндэстэн дотроо чанартай дээд боловсролын тогтолцоотой байх ёстой гэсэн гүн гүнзгий итгэл үнэмшилтэй. Анх танилцсан 31 настай УИХ-ын залуу гишүүн, өнөөдрийн туршлагатай улс төрч Л.Гантөмөрийн энэ байр суурь, итгэл үнэмшил хэзээ ч гуйваж хувирч байгаагүй.
2012 оны сонгуульд АН хамгийн олон суудал авсан ч дангаар засаглах боломж байгаагүй. Эхлээд МАХН-тай, дараа нь МАН-тай хамтарсан хоёр Засгийн газарт хоёуланд нь үлдсэн хүн нь Л.Гантөмөр байлаа. Түүний эхлүүлсэн боловсролын шинэчлэлийг нам, салбар даяараа хүлээн зөвшөөрч, үргэлжлүүлэхийг дэмжсэн нь энэ билээ. Түүний эхлүүлсэн боловсролын салбарын шинэчлэлийн үр дүнд ажил мэргэжилдээ эзэн болсон олон сайхан залуучууд төрөн гарч иржээ. Мэдлэгтэй, хүчтэй бүтэн үеийг бэлдэхэд түүний оруулсан хувь асар их. Нэгэн удаа нутагтаа очоод багш нартайгаа уулзахад “Багш нь АН-ыг дэмждэггүй, харин Л.Гантөмөр сайдыг бол хоёр гараа өргөөд дэмждэг” гэж хэлж билээ. Миний багш нар МУГБ Ж.Алтангэрэл, МУГБ Г.Цэдэндамбаа гэж сайхан хүмүүс байдаг.
2016 оны хүндхэн ялагдлын дараа АН анх удаа бүх гишүүдээсээ намын даргаа сонгох сонгууль явуулж, таван нэр дэвшигч өрсөлдсөний нэг нь Л.Гантөмөр байлаа. Тухайн үед би АЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, харин Ерөнхийлөгчөөр С.Дэмчиг ажиллаж байсан юм. Бид Л.Гантөмөр даргыгаа ялуулахын тулд янз бүрийн арга сүвэгчлэх гэж оролдоно. Харин Л.Гантөмөр “Хэт нэг талыг барьж залуучуудаа талцуулж, хувааж болохгүй шүү, шударга, цэвэр өрсөлдөх ёстой” гэж залуучууд бидэнд дахин дахин сануулдаг байсан.
2020 оны УИХ-ын сонгуульд Л.Гантөмөрийг АН нэр дэвшүүлсэнгүй. Шалтгаан нь түүнийг эргэн ирвэл АН-ын даргад өрсөлдөх хүчтэй нэр дэвшигч гэж үзсэнээс тухайн үеийн манай намын удирдлагууд МАН-ын нөлөөллөөр үүнийг зохион байгуулсан. Тухайн үед цөөнгүй хүмүүс намаас нэр дэвшиж чадаагүйдээ гомдож, өөр нам, эвслээс дэвших, бие даах, хэвлэлээр намаа гутаах гэх мэтээр аашилсан. Энэ нь ч АН-ын ялагдалд нөлөөлсөн. Харин Л.Гантөмөр итгэл үнэмшил, журмын нөхөддөө үнэнч байж тийм алхам хийгээгүй. Албан тушаалгүй байсан ч АН-аас нэр дэвшсэн нөхдөө дэмжиж, улс орныхоо өнцөг булан бүрт очиж ажилласан. Алба байхгүй шүү дээ, яах гэж ингэдэг байна гэж би өмнөөс нь бодож л явлаа.
УИХ-ын хоёр сонгууль, Ерөнхийлөгчийн нэг сонгууль, нийт гурван том сонгуульд ялагдсан АН-ын дотоод хямрал эцсийн цэгтээ тулсан үед хагарсныг хамж, талцсаныг уулзуулах халуухан уулзалтуудыг тухайн үеийн АН-ын бүлгийн гишүүд, Л.Гантөмөр, одоогийн АН-ын генсек С.Баярцогт нар зохион байгуулсан. Уур бухимдал, басамжлал, доромжлол, хэрүүл тэмцэл, шантааж, тооцоо дүүрэн хүнд уулзалтуудад тэд шүд зуун, тэвчээр, ухаан зарж оролцон ямартай ч намаа босгож авсан. Ингээд эрүүл, цэвэр өрсөлдөхөд Л.Гантөмөр дарга ялалт байгуулж, АН-ын даргаар сонгогдсон. Түүнд намын тамга, гэрчилгээ, намын дүрэм, намын байр аль нь ч байгаагүй. Нэгнээ үгүйсгэсэн, буруутгасан, өс зангидсан фракцууд, баахан санхүүгийн өр, АН нэгдээсэй, нийлээсэй гэсэн гишүүд, иргэд, сонгогчдын хүсэл байсан. Тамгатай, гэрчилгээтэй, маргаангүй дүрэмтэй Ардчилсан намыг бий болгосон. Олон талын эрх ашгийг нэгтгэж чадсан. Нэг ч аймаг, дүүргийн дарга, ХЭГ-ын дарга, намын дэргэдэх байгууллагын даргаар өөрийн хүнээ тавиагүй, дотоод асуудалд нь оролцоогүй. Төв нам дээр ганц туслахаа л дагуулж ирсэн. Тэр эвлүүлж, нийлүүлж чадсан.
Илт хүчний тэнцвэргүй 2024 оны сонгуульд АН-аа удирдаж, хэдийгээр ялагдсан ч 42 суудалтай хүчтэй, бодит сөрөг хүчин болгон парламентад 8 жилийн дараа эргүүлэн авчирсан. Хамтарсан засгийн хувьд Л.Гантөмөр «Бид ажил хийдэг, төр барьдаг нам байх ёстой. Сонгогчдын 1/3 нь төр барь гэж санал өгсөн» гэж байр сууриа илэрхийлж байлаа. Хамтарсан ЗГ тарсны дараа намын ИХ, ҮБХ-ны хурлыг зарлаж, өөрийн хүсэлтээр АН-ын даргын албан тушаалаа нэр төртэй хүлээлгэн өгсөн.
Улс төрд чанга дуугарах нэг хэрэг, улс төр хийх өөр хэрэг. Л.Гантөмөрийн давуу тал бол боловсрол, бодлогын сэтгэлгээ, улс төрийн төлөвшил, зөвшилцөх чадвар.
Зарим хүн өрсөлдөгчөө дайсан мэт үзэж, талцал, хуваагдлыг улам дэвэргэж чадна. Харин өөр байр суурьтай хүмүүстэй ярилцаж, ойлголцож, улс орны эрх ашгийн төлөө хамтран ажиллах нь жинхэнэ улс төрчийн авьяас бөгөөд ийм чадвартай хүн нэн ховор.
Л.Гантөмөр бол улс төрийг хэрүүлээр бус, бодлогоор; популизмаар бус, шийдлээр; өш хонзонгоор бус, зөвшилцлөөр хийхийг эрмэлздэг улс төрч. Тэр эрх мэдэл, албан тушаалтай байхдаа эд хөрөнгө хурааж яваагүй. Олон дайралт, гүтгэлэгт хорсож, шаралхаж, хонзон зангидаж байгаагүй. Жинхэнэ жентльмен, жинхэнэ технократ, жинхэнэ стратегич учраас би дэмждэг” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тийм шүү
Ажлын амжилт хүсье

November 25, 2026

November 25, 2026

November 25, 2026

November 25, 2026