Мэдээ2 цаг 35 минутын өмнө
Мэдээ2 цаг 35 минутын өмнө
УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, нийгэмд өндөр хүлээлттэй байгаа хуулийн төслийн танилцуулгыг авч, сонссон байна. Энэ талаар тус намын бүлгийн дарга Б.Түвшин “Иргэдийн итгэлийг олж, төр засгийн тогтвортой үйл ажиллагааг явуулах, шударга ёсыг хангуулахад шаардлагатай хэд хэдэн хуулийн төслүүдийг бүлгийн хурлаар хэлэлцэж, дэмжиж ажиллана. Шаардлагатай гэвэл бүлэг эдгээр хуулийн төслийг санаачлан ажиллах шийдвэрийг гаргалаа. Хоёрт, Булган, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарыг огцруулсан асуудлыг хэлэлцлээ. Энэ нийгэм шударга ёсонд нийцэж, Засгийн газрын шийдвэр хууль дүрэм нийцэж байна уу. Нийгэмд өндөр хүлээлттэй байгаа 20 хууль энэ цаг үед иргэдийн итгэл үнэмшлийг олох, төр засгийн үйл ажиллагааг шударга шуурхай болгоход чиглэх юм. Тодруулбал, Тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах албаны тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцлээ. Авлигатай тэмцэх газар, Мөрдөн байцаах газар, прокурорын байгууллага шударга ажиллаж байна уу. Энэ асуудлыг цэгцлэхийн тулд УИХ-ын дэргэдэх Тусгай хяналтын дэд хороонд тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах албыг байгуулах нь зүйтэй.
Хуучнаар прокурорын хяналт гэж байсан. Энэ давхар хяналт хаана байх ёстой гэдгийг ярилцаж, УИХ-ын дэргэдэх Тусгай хяналтын дэд хорооны дэргэд энэ албыг байгуулах шаардлагатай. Хуулийн байгууллагуудын шалгаж байгаа хэргүүд УИХ-д нээлттэй байх ёстой” гэлээ.
Мөн бүлгийн хурлаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн Сонгуулийн санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөл санаачлан, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Үүнээс гадна Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг жилд 1-2 удаа өөрчилдөг байсан бол энэ жилээс гурав дахь удаагаа өөрчлөх нөхцөл байдал үүсч байна. Засгийн газрын өр нэмэгдэж, төсвийн хүрээ тэлэх нөхцөл байдал үүсч байна. Тиймээс Төсвийн сахилга, өрийн хязгаарын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулахаар боллоо.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй байна гэж маш тодорхой заасан байдаг. Гэтэл өнөөдөр энэ хуулийг заалтыг огт хэрэгжүүлэхгүй байна. Бид албан бичгээ Засгийн газарт хүргүүлсэн. Аль төрийн байгууллага дэргэдээ ямар хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байна вэ гэдэг жагсаалтыг гаргаж өгөх ёстой. Эхний ээлжинд эдгээр байгууллагаа татан буулгаж, холбогдох хуулийг хэрэгжүүлэх ёстой. Бусад чөлөөт хэвлэл мэдээллийн байгууллагууд хаалтын гэрээг хийх ёстой юм уу, хэрэв гэрээ хийх ёстой бол юуг хориглож, мэдээлэх ёстой юм бэ. Хаалтын гэрээ нэрийн дор өөрсдийгөө магтан дуулж, бусад асуудлыг нь хаацайлах зорилгоор чөлөөт хэвлэлийг боомилж, дарамталж болохгүй. АН-ын бүлгийн зүгээс энэ хуулийн төслүүдэд хэрхэн ажиллах вэ гэдгээ бэлдсэн байгаа” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 23, 2026

November 23, 2026

November 23, 2026

November 20, 2026